МАК импортыг орлох газрын тосны хайгуулд 17.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна

Эх орны эрдэс түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж аж үйлдвэрийн салбарыг цогцоор нь хөгжүүлэх алсын хараатай “Монголын Алт” (МАК) ХХК газрын тосны хайгуул, олборлолт болон ашигт малтмалын салбарын үйл ажиллагаанд зориулан нийт 17.2 сая ам.доллар буюу 60.4 тэрбум төгрөг зарцуулаад байна. 

Уг санхүүжилтийг Монгол Улсын Засгийн газартай 2012 онд байгуулсан “Төхөм-X” урд талбайн газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд зарцуулж байгаа бөгөөд нийт үнийн дүнгийн 18 хувь буюу 11 тэрбум төгрөгийг Ашигт малтмал, газрын тосны газрын үйл ажиллагааг сайжруулах, сургалт, судалгааны ажлыг дэмжихэд урамшуулал хэлбэрээр олгосон байна. 

Харин үлдсэн хэсгийг хайгуулын үйл ажиллагаанд, мөн орон нутгийн хөгжил, нийгмийн хариуцлагад зориулан зарцуулжээ. Тухайлбал, орон нутгийн хөгжлийг дэмжих хүрээнд Дундговь аймгийн Өлзийт, Дорноговь аймгийн Мандах, Сайхандулаан, Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Цогтцэций, Манлай, Ханхонгор, Мандал-Овоо зэрэг 3 аймгийн 8 сумын хөгжилд зориулан 405 мянган ам.доллар буюу 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.  

Тус компани нь “Төхөм-X” урд талбайд газрын тосны хайгуул, судалгааны ажлыг 100% өөрийн хөрөнгөөр үе шаттайгаар гүйцэтгэж байгаа ба одоогийн байдлаар геологийн суурь судалгаа, соронзон зураглал, хүндийн хүчний судалгаа, хэтийн төлөв бүхий хотгоруудад хоёр хэмжээст чичирхийллийн судалгаа болон газрын тосны цооног өрөмдлөгийн ажлыг тус тус гүйцэтгэж байна гэж мэдээллээ.

Хэрэв уг хайгуулын ажил үр дүнтэй байж чадвал Монгол Улсын Засгийн газартай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Дорноговь аймгийн Алтанширээ суманд шинээр байгуулагдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрт түүхий эд нийлүүлэх боломж бүрдэх юм.