Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас зохион байгуулдаг “Хариуцлагатай уул уурхай” говийн бүсийн чуулга уулзалт Өмнөговь аймгийн Цогтцэций суманд өнөөдөр (2024.11.16) эхэллээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Ашигт малтмал газрын тосны газар, Экологийн цагдаагийн алба, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, говийн бүс буюу Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймаг дахь уул уурхайн салбарын оролцогч талуудын төлөөлөл, бусад ААН, иргэдээс бүрдсэн 300 орчим оролцогчтойгоор чуулга уулзалт болж байна.
МУУҮА-ын гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, АҮЭБЯ-ны Санхүүгийн албаны дарга Д.Батболд, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат нар нээлтийн үг хэлэв. Энэ үеэр “Монголын уул уурхайн үндэсний ассоциаци”, “Тэрбум мод” төрийн бус байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.
Санамж бичгийн дагуу эрдэс баялгийн салбарт хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, тэрбум мод үндэсний хөдөлгөөн уул уурхайн салбар хоорондын уялдааг хангаж, харилцан үр ашигтай хамтран ажиллах аж.
Чуулга уулзалт эрдэс баялгийн салбар дахь хариуцлагатай үйл ажиллагааны чиглэлд төрөөс баримтлах бодлого, хариуцлагатай уул уурхай ба байгаль орчны хамгааллын илтгэлүүд болон говийн бүсийн дөрвөн аймгийн Засаг даргын уул уурхайн чиглэлээр баримталж буй бодлого танилцуулах илтгэлээр үргэлжилж байна.
Мөн эдгээр сэдвийн дагуу панел хэлэлцүүлэг өрнүүлэхийн зэрэгцээ ханган нийлүүлэгч 20 компанийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн болон нээлттэй ажлын байрны мэдээлэл олгох үйл ажиллагааг зохион байгуулж байна.
“Хариуцлагатай уул уурхай” бүсийн чуулганы хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг ”Ирээдүйн инженерүүд” үйл ажиллагаа өчигдөр болсон.
Энэхүү цувралаар Монголын ирээдүйн инженерүүдэд шинэ боломжуудыг танилцуулах, ажил мэргэжлийн талаарх ирээдүйн чиг хандлагын талаар мэдээлэл хүргэдэг билээ.