Э.МИШЭЭЛ
Өчигдөр (2024.12.03) БНХАУ-ын Худалдааны яамнаас мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд галли, германи, сурьма, хэт хатуу материалын давхар хэрэглээний эд зүйлсийг АНУ-д экспортлохыг хориглолоо. Мөн графитын давхар хэрэглээтэй эд зүйлсийг экспортлоход хатуу хяналт тогтоохоор болж, БНХАУ-аас гаралтай давхар хэрэглээний эд зүйлсийг АНУ-д нийлүүлсэн тохиолдолд аливаа улс орон, байгууллага, хувь хүнд хуулийн хатуу нэхэмжлэл гаргах аж. Энэхүү шийдвэр мэдэгдэл гаргасан өдрөөс хэрэгжиж эхэлжээ.
Дээрх шийдвэр АНУ-д үйлдвэрлэсэн чипийг Хятадын ямар ч компанид нийлүүлэхгүй байх тухай хязгаарлалт тогтоосны маргааш гарсан. Түүнчлэн АНУ-ын шинэ ерөнхийлөгч Дональд Трампыг ажлаа хүлээн авахаас өмнө худалдааны сөргөлдөөн хурцадлаа гэж хэвлэлүүд онцолжээ.
Өнгөрсөн хугацаанд хоёр улс харилцан бие биедээ цэргийн болон иргэний зориулалтаар ашигладаг өндөр технологи, түүнд шаардлагатай түүхий эдэд хориг тавьж байна. Тухайлбал, БНХАУ өнгөрсөн оны долоодугаар сард чип үйлдвэрлэлд өргөнөөр хэрэглэгддэг галли болон германийн бүтээгдэхүүн хязгаарлалт тогтоосон. Харин наймдугаар сард АНУ хиймэл оюун ухаан, дэвшилтэд хагас дамжуулагч, квант мэдээллийн технологийн шинэ хөрөнгө оруулалтыг БНХАУ-д оруулахыг хориглосон. Мөн 10 дугаар сард АНУ хиймэл оюун ухааны чип, түүнийг үйлдвэрлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг Хятадад экспортлоход тавьсан хязгаарлалтаа чангатгасан. Үүний хариуд БНХАУ графитын бүтээгдэхүүнийг экспортлох хяналтаа өндөрсгөж байв.
Эх сурваж: Reuters, CRI, Arstechnica