Монгол Улс: Уул уурхайн томоохон төслүүдтэй усны төслүүдийг уялдуулж хамтран ажиллахад бэлэн

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 16 дугаар бага хурлын хүрээнд болсон “Усны Дээд түвшний уулзалт” (One Water Summit)-д оролцов. Тус уулзалт нь 2017 онд Францын Ерөнхийлөгч Э.Макроны дэвшүүлсэн “Нэг ертөнц” санаачилгын хэсэг бөгөөд энэ удаагийн уулзалтыг Франц Улс, Казахстан Улс, Саудын Арабын Хаант Улс, Дэлхийн банктай хамтран зохион байгуулжээ. 

Усны Дээд түвшний уулзалтын нээлтэд Саудын Арабын Угсаа Залгамжлагч Ханхүү бөгөөд Ерөнхий сайд Мухаммад бин Салман, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Дэлхийн банкны Ерөнхийлөгч Ажай Банга нар оролцож үг хэлсэн юм. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ Монгол Улс хариуцлагатай уул уурхай хөгжүүлж, цөлөрхөг ба говийн бүс нутагт усан хангамжийг сайжруулахаар уул уурхайн түншүүдтэйгээ хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарт үзүүлж буй цөлжилтийн нөлөөллийг бууруулах чиглэлээр үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар товч танилцуулж, “Нэг сум-Нэг нуур” буюу “333 нуур”, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн зэрэг төсөл, арга хэмжээг дурджээ.

Монгол Улс 120 гишүүн орныг нэгтгэдэг “30х30” санаачилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн “Байгаль дэлхий, хүн зоноо хамгаалах өндөр түвшний амбицын санаачилга”-д нэгдэн орсон улсын хувьд энэхүү Дээд түвшний уулзалтад оролцож, усны чиглэлээрх дэлхийн томоохон арга хэмжээнд дуу хоолойгоо өргөсөн нь чухал ач холбогдолтой юм. 

Уулзалтаар хил дамнасан ус, цэнгэг усны экосистемийн асуудлаарх олон улсын хамтын ажиллагаа, ус ашиглах техникийн шийдэл, байгальд суурилсан шийдэл, инновац, технологи, ус, ариун цэврийн салбар дахь санхүүжилтийн зөрүүтэй байдлыг арилгах боломж зэрэг устай холбоотой өргөн хүрээний асуудлыг хэлэлцэв. 

Дээд түвшний уулзалтаар 10 орчим улсын төр, засгийн тэргүүн, усны асуудал эрхэлсэн сайд нар, олон улсын болон төрийн бус байгууллагын 400 гаруй төлөөлөгч оролцсон байна.