Хилийн Гашуунсухайт боомтын чингэлэг тээврийн терминал ашиглалтад орсноос хойш 3 жилийн хугацаанд ачаа тээврийн хэмжээ жилд 14.8 сая тонн болж ачааллаа дийлэхгүйд хүрчээ. Тус терминал жилд 8.1 сая тонн нэвтрүүлэх хүчин чадалтай.
Цаашид Монгол Улсын экспортын нүүрсний хэмжээ тогтмол нэмэгдэж байгаа бөгөөд уул уурхайн биржийн худалдаа явагдаж буй учраас тус терминалыг өргөтгөх шаардлагатай гэж үзэн холбогдох тогтоолыг Боомтын сэргэлтийн үндэсний хороо гаргажээ. Тогтоолыг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэх аж.
Засгийн газраас дэмжиж тогтоол батлагдах юм бол сайдын тушаалаар Ажлын хэсгийг байгуулж нэгдсэн байдлаар Гашуунсухайт боомтын төлөвлөлтийг дахин шинэчилж, үе шаттайгаар дорвитой хөрөнгө оруулж, олон улсын терминалын стандарт шаардлагад нийцүүлж хэрэгжүүлэхээр Боомтын сэргэлтийн үндэсний хороо зорь байна. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга “Төмөр замын газар шийдэгдээд, зураг нь тодорхой болсон учир боомтын тодорхой талбайд чингэлэг тээврийн терминалаа өргөтгөж төлөвлөх нь зүйтэй” гэж үзэж байна.
Боомтын сэргэлтийн үндэсний хорооны энэ оны анхны (2025.01.27) хуралдаанаар Монгол, Хятад улсын хилийн Бичигт-Зүүнхатавч, Хавирга-Ар хашаат боомтын шинээр баригдах ачаа тээврийн тусдаа гарц барих ажлын талаар танилцуулжээ.