Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын хэлэлцээрийг үзэглэлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай 2025 оны  хоёрдугаар сарын 14-ний өдөр Харбин хотноо уулзав. Энэ бол хоёр орны Ерөнхий сайд нарын тавдахь удаагийн уулзалт. Айлчлал, уулзалт бүрд яригдсан  төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, бодит ажил болж байгаад талууд талархлаа илэрхийллээ.

Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар өнгөрсөн оны арван нэгдүгээр сард Шанхай хотноо уулзсанаас хойш Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, тодорхой ололт амжилт гарч буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Ялангуяа, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэг болох Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох төсөл идэвхтэй урагшилж, энэ удаа “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан нь хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтойг онцолсон юм. 

Энэ төсөл 2004 оноос эхлэн яригдаж, 2008 оноос хойш 17 жилийн хугацаанд нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3 зөвлөмж, Улсын Их Хурлын 6 тогтоол, Засгийн газрын 45 тогтоол гарсны эцэст өнөөдөр ийнхүү эцэслэн шийдвэрлэгдэж байна. 

Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй 2 дахь холболтын төмөр зам болж байна.

Энэ төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын  хүчин чадал 2 дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгаагаас 165 саяд хүрч, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ. 

Энэ хэлэлцээр байгуулагдсанаар Монгол Улс, БНХАУ хооронд Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох нөхцөл бүрдэж байна.