Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг УИХ-аар батлахаар өргөн барьсантай холбогдуулан Шадар сайд Т.Доржханд мэдээлэл өглөө.
Тэрээр хэлэхдээ, "Дэлхийн эдийн засгийн нөхцөл тодорхойгүй байна. Дэлхий даяар тарифын хязгаарлалтад орсон, эдийн засгаа хамгаалсан, хумьсан, бүс нутаг өөр хоорондоо нэгдсэн нягтаршсан байна. Дэлхийн эдийн засагт сүүлийн 70 жил болоогүй сорилтууд яах аргагүй тулгарч байна. Үүнд жижиг, нээлттэй эдийн засгууд хохирдог. Үүний нэг хэсэг нь Монгол Улс юм. Бид экспорт хийдэг улс. Гэтэл экспортын бараа бүтээгдэхүүн, түүний хэрэглээ тарифын хязгаарлалттай холбоотой хэмжээ нь асар ихээр буурч байгаа. Энэ үзэгдэл бол богино хугацааны үзэгдэл биш. Дэлхийн эдийн засагчид, санхүүгийн байгууллагууд, судалгааны байгууллагуудын дүгнэлт гарч байна. Энэ байдал дунд болон урт хугацаандаа явах юм байна. Цаашид дэлхийн дэг журам өөрчлөгдөж байна.
Бид экспортын гарцыг нэмэгдүүлэх, институцийн хувьд зайлшгүй нэгдэх шаардлага байна. Европын улсууд нэгдэж байна. Сая Арабын улсуудаар явахад түүхэндээ байгаагүй нягтарч байна. Дээр нь хамтарч худалдаа, арилжаагаа яаж өргөжүүлэх вэ гэдэгт хамтарсан бодлогыг бий болгож байна.
Монгол Улсын хувьд асуудалд хэрхэн хандах вэ гэхээр, биднээс үл хамаарсан том гүрнүүдийн худалдааны асуудал, зөрчилд экспортын гарцыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, валютын урсгалыг бий болгох арга хэмжээ авах шаардлагатай. Засгийн газар идэвхтэй ажиллаж байгаа. Үүний хүрээнд хаврын чуулганы эхний өдөр өргөн барьж байгаа нь учиртай. Үүний үр дүнд экспортын гарцыг нэмэгдүүлнэ, орлогоо тогтвортой барихыг хичээнэ. Хил холболтуудыг яаравчлан өнөөдрөөс ажил хэрэг болгоод явах гэж байна. Хэдийгээр үнэ буурч байгаа ч биет экспорт өсөх, хил холболтууд өссөнөөр боомтын урсгал сайжирна. Эргээд төлбөрийн баланс барих, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах гэсэн бодлогын арга хэмжээг явуулах суурь нь тавигдаж байна. Энэхүү гэрээг яаралтай байгуулах шаардлагатай байна.
Монгол Улсын хувьд түүхэн ач холбогдолтой шийдвэр өнөөдөр гарч байна." гэв.