2025 онд төмөр замаар 34 сая тонн ачаа тээвэрлэнэ

Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага (ТЗХАБ)-ын гишүүн орнуудын зөвлөгөөн өнөөдөр (2025.03.10) эхэллээ. Тус зөвлөгөөнөөр гишүүн орнууд төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээг тохиролцоно. Энэ удаагийн хурал 11 жилийн дараа Монгол Улс зохион байгуулж буйгаар онцлогтой аж. 

Зөвлөгөөний дундуур УБТЗ "ХНН"-ийн Тээвэр хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрээр хэлэхдээ, "ТЗХАБ-ын гишүүн орнуудын хурлаар 2025 онд тээвэрлэх хөрш замууд болон 5-р хэсгийн төмөр замд багтдаг 11 зам, үүнд Монгол Улсын төмөр зам багтдаггүй, энэ замуудаар ямар ачааг, ямар хэмжээтэй тээвэрлэх, эдгээр ачааг тээвэрлэх ямар техникийн арга хэмжээ авах вэ гэдгийг хэлэлцэж, баталгаажуулна. 2023 онд УБТЗ 32.3 сая тонн ачаа тээвэрлэсэн. 2024 онд 33.4 сая тонн болсон. 2025 онд 34 сая тонн ачаа тээвэрлэхээр замуудтай тохиролцож, үүний баталгаажуулах хурлыг Монгол Улсын Нийслэлд зохион байгуулж байна. 

УБТЗ-ыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрт 2030 онд 50 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөсөн. Энэ 50 сая тонн ачааг тээвэрлэхийн тулд УБТЗ-ын нэвтрүүлэх, боловсруулах, өртөөний хүчин чадлыг нэмэгдүүлэх, гол замыг хоёр замтай болгох, цахилгаанжуулах гэсэн их ажлууд хийгдэхээр байна. 

Ойрын хугацаанд төмөр замын их засварын ажлыг нэн тэргүүнд хийх шаардлагатай байна. 

Одоо тээвэрлэж байгаа 34 сая тонн ачаа тээврийн 21 сая тонн нь Монгол Улсын экспорт, импорт, дамжин өнгөрөх ачаа байна. Дамжин өнгөрөх ачаанд мод, модон бүтээгдэхүүн зэрэг ачаа ОХУ-аас БНХАУ руу, БНХАУ-аас ОХУ руу электрон бараа, химийн ачаа, барилгын материал зэрэг ачаа тээвэрлэнэ. Харин Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнийг Хятад, Оросын төмөр замаар дамжуулан гуравдагч орнуудад хүлээлгэн өгдөг.

2025 онд Монгол Улсаар дамжин өнгөрөх тээврийг өнгөрсөн оны хэмжээнд барина. Нэмэгдүүлнэ гэсэн бодлого төлөвлөөгүй байна. Харин Монгол Улсын экспортын уул уурхайн бүтээгдэхүүн, импортын ачаа нэмэгдэж орж ирсэн байна." гэв. 

Тус зөвлөгөөнд оролцогч БНКазУ-ын "КТЗ" ХК-ийн харьяа Нэгдсэн төлөвлөлтийн газрын дэд захирал (бүрэлдэхүүний тэргүүн) Тулегенов Алиби мэдээлэл өглөө. Тэрээр хэлэхдээ, "Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын хамтын ажиллагаа бол түүхэн урт хугацаатай гэж хэлж болно. Монгол болон Казахстан улсууд тээврийн салбарт нягт хамтын ажиллагаатай харилцдаг. 

Өнөөдөр Казахстан улсад суурь бүтэц хөгжүүлэх олон төслүүд, хоёр дахь зам барих, нэвтрүүлэх чадвар багатай газруудыг хөгжүүлэх төслүүд хэрэгжиж байна. 

Энэ жил Алматы зангилаа, Достык-Мойынты хэсэглэлд төмөр замыг хөгжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү төслийг хөгжүүлснээр Казахстан болон Хятадын тээвэрлэж буй ачаа, нэвтрүүлэх чадвар нэмэгдэнэ. 

Казахстанаас Монгол руу хүнсний бүтээгдэхүүн, үр тариа нийлүүлж байгаа бол эргүүлээд Монгол Улсаас арьс ширний бүтээгдэхүүн авч байна. Суурь бүтцийг хөгжүүлэх төслийн хүрээнд Хятадаар дамжиж Монгол Улстай тээвэрлэх ачааны хэмжээг нэмэгдүүлнэ. 

2024 онд Казахстан улсын транзит тээврийн хэмжээ 27.5 сая тонн хүрсэн нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон." гэв. 

Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын зөвлөгөөн маргааш ОХУ, БНКазУ-ын танилцуулгаар үргэлжилнэ.