УУХҮ--ийн сайд Ж.Ганбаатар Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хун болон түүний багийнхныг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагааг уул уурхайн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар ярилцсан байна. ЕСБХБ-ны хийсэн судалгаагаар Монгол Улс геологийн потенциал өндөртэй улсын нэг гэдгийг УУХҮ-ийн сайд онцолж, салбарын хэмжээнд шинэ технологи нэвтрүүлж, ашигт малтмалын боловсруулалтын түвшинг сайжруулах, уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж экспортыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийг төрөлжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, судалгаа шинжилгээ хийхэд чухал ач холбогдолтой “Газрын ховор металлын судалгааны төв”-ийг байгуулах чиглэлээр Өмнөд Солонгостой хамтран ажиллах боломжтойг илэрхийлжээ.
Өмнөд Солонгос нь батарей үйлдвэрлэлээр дэлхийд хоёрт ордог бөгөөд батарейн түүхий эд болох газрын ховор металлын чиглэлд Монголтой хамтран ажиллах сонирхолтойг Элчин сайд дурдсан байна.
Мөн Солонгосын дэвшилтэт технологи, ноу хау нэвтрүүлэх, уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг бүс нутгийн хэмжээнд оновчтой төлөвлөх жишиг төсөл хөтөлбөрүүдийг санаачлах, төлөвлөгөө гарган ажиллахад БНСУ-ын Аж үйлдвэр, худалдаа, эрчим хүчний яамны харьяа Уул уурхайн нөхөн сэргээлт, ашигт малтмалын корпорацтай (МИРЕКО) хамтын ажиллагаа өргөжүүлэхэд талууд хамтарсан Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг мэдээлжээ.
Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Геологи, эрдэс баялгийн хүрээлэн хооронд харилцан ойлголцлын Санамж бичиг (2022.05.31) байгуулсан. Санамж бичгийн хүрээнд геологийн суурь судалгаа болон ашигт малтмал, газрын тосны хайгуул, боловсруулалтын чиглэлээр төсөл хэрэгжүүлэх, мэдээлэл солилцох, сургалт семинар зохион байгуулах, мэргэжилтэн экспертүүдийг харилцан солилцох боломж бүрдсэн юм.