Хятадын Tsingshan групп Зимбабве улсад литий олборлох, боловсруулахаар төлөвлөжээ. Энэ чиглэлээр тус улсын Засгийн газартай хэлэлцээр байгуулсан байна. Уг ёслолд Tsingshan компанийн үүсгэн байгуулагч, Хятадын магнат Шиан Гуанда өөрийн биеэр оролцжээ.
Одоогийн байдлаар Хятадын гангийн компани нь Зимбабвед зэвэрдэггүй гангийн үйлдвэрийг 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар байгуулж байна. Түүнчлэн, коксжих нүүрсний уурхай эзэмшдэг. Тус компани коксжих нүүрсний олборлолтоо 5 сая тоннд хүргэх, мөн жилд 5 сая тонн зэвэрдэггүй ган үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
Өнгөрсөн оны сүүлчээр, Tsingshan нь Аргентинд лити боловсруулах үйлдвэр байгуулахаар 375 сая ам.долларын хөрөнгө оруулсан. Энэхүү төслийг Францын металлургийн Eramet компанитай хамтран хэрэгжүүлж байна. Жилд 24 мянган тонн лити боловсруулах уг үйлдвэрийг 2024 онд нээх юм.
Хятадын Tsingshan группын тухайд лити, гангийн үйлдвэрлэлээс гадна зэсийн төслүүдэд хөрөнгө оруулдаг.
Энэ сарын 11-нд Хятадын зах зээл дээр литийн үнэ 85 мянган ам.долларт хүрч шинэ дээд амжилт тогтоосон. 2022 он гарснаас хойш литийн үнэ 180 хувь өсжээ.