"Эрдэнэс Тавантолгой" компани өчигдөр 00:00-24:00 цагийн хооронд уурхайгаас 1052 тээврийн хэрэгслээр 108,12 мянган тонн нүүрс гаргажээ. Энэ нь тус компани үүсгэн байгуулагдсан цагаас хойших нэг өдөрт нүүрс ачиж гаргасан хамгийн өндөр үзүүлэлт болов.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-д Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилогдон компанийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, ачилт борлуулалтыг нэмэгдүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж буй. Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тогтоол гарснаас хойш нийт 369.5 сая ам.долларын үнэлгээтэй 4.2 сая тонн нүүрс "Эрдэнэс Тавантолгой" борлуулаад байна.
Нийт борлуулалтаас нүүрсээр төлбөрийг барагдуулах (off-take) нөхцөлтэй гэрээний дагуу 51.1 сая ам.доллар, өндөр дүнтэй урьдчилгаа авсан гэрээний дагуу 185.8 сая ам.долларыг нүүрсээр барагдуулж, 143.8 сая ам.долларыг Монголбанканд тушаагаад байна. Ингэснээр компанийн санхүүгийн үзүүлэлт сайжирч, 603 сая ам.долларын өр төлбөрийг 418 сая ам.доллар хүртэл бууруулжээ.