Өнөөдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлснээр, нүүрсний хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг өчигдөр анхны хуралдаанаа хийжээ. Мөрдөн шалгах ажиллагаа эрчимжсэнийг тэрээр онцоллоо. Тухайлбал, өчигдөр (2022.12.7-8 нд шилжих шөнө) "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 8 иргэнийг хойшлуулшгүй журмаар баривчилж, цагдан хорьсон байна. Энэ нь “Хишиг арвин индустрал" компанийн Ерөнхий захирал Б.Хишигдорж болон тухайн компанийн 3 ажилтан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн хамаарал бүхий 5 хүнийг саатуулжээ.
“Эрдэнэс Тавантолгой” компанийг анх үүсгэн байгуулагдсан цагаас хойш хөрс хуулалт, олборлолт, операторын үйл ажиллагаа эрхэлж байгаа үндэсний компани болох “Хишиг арвин индустриал” компанитай холбоотой, мөн тус компаниудын удирдлагуудын хооронд албан тушаал, авлигын гэмт хэргийн тодорхой нотлох баримт, мэдээлэл илэрчээ.
"Эрдэнэс Тавантолгой" компанийг удирдаж байхдаа Б.Ганхуяг өөртөө давуу байдал үүсгэсэн байж болзошгүй нотлох баримтууд цугларсныг үндэслэж цаашид гүнзгийрүүлэн шалгах шаардлагатай гэж АТГ, ЦЕГ-ийн мөрдөн шалгах Ажлын хэсэг мэдээлжээ. Мөрдөн шалгах ажиллагаа өнөөдөр үргэлжилж байгаа ба саатуулагдсан хүмүүсийн гэр, ажлын өрөөнд үзлэг нэгжлэг, шалгалт хийнэ.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар бүртгэлгүй нүүрсний талаар дараах мэдээлэл өгсөн.
-2010 ноос 2011 оны долоодугаар сарын хооронд хяналт шалгалт явуулахад 379 мянган тонн нүүрсэнд гаалийн мэдүүлэг олдоогүй. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” компани дөнгөж үйл ажиллагаагаа эхэлж байх үед юм.
-УИХ-ын гишүүн асан Л.Энхболдын өгсөн мэдээллийн дагуу шалгалт хийхэд 2013-2017 онд 2527 компанийн 17200 машин хоосон Монголын хилээр Хятад руу нэвтэрсэн мэдээлэл олдсон. Энэхүү шалгалтын хүрээнд Л.Энхболдын мэдээлснээр 268 мянган тонн нүүрсний АМНАТ төлөгдөлгүй улсын хил давсан мэдээлэл тогтоогдсон.
-2022 оны дөрөвдүгээр сард 27-оос тавдугаар сарын 3-ны өдөр Гашуунсухайт боомтод шалгалт хийсэн. Камерын хяналтын бичлэг, аж ахуйн нэгжүүдийн гаалийн мэдүүлэг, улсын хилээр нэвтэрсэн хүн тээврийн хэрэгслийн бүртгэлд тулгалт хийсэн. Энэхүү шалгалтаар ихээхэн хэмжээний нүүрс гаалийн бүрдүүлэлт хийгдэлгүй хилээр гарсан байна.
Сайд Х.Нямбаатар ““Нүүрсний хулгай” ганцхан Гашуунсухайт боомттой холбогдохгүй. Тавантолгойн бүлэг ордоос нүүрсний дийлэнхийг Гашуунсухайт боомтоор экспортолдог ч, мөн Ханги, Замын-Үүд, зарим тохиолдолд Сүхбаатар зэрэг боомтуудаар экспортод гардаг. Дээр нь Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг “МоЭнКо” компани болон бусад компаниудын нүүрсний экспортын мэдээлэл Булганы боомт дээр зөрж байгаа. Мөрдөн шалгах явцад Шивээхүрэн боомтын нүүрсний экспортын мэдээллийг давхар шалгана” гэв.