Г.БААТАР
Бразилийн төмрийн хүдрийн аварга Vale компани металлын эрэлт нэмэгдэхийн хэрээр никель, зэсийн бизнесийг өргөжүүлэхээр бэлтгэж байна. Тус компанит металлын үйл ажиллагаагаа төмрийн хүдрийн бизнесээс салгахаар төлөвлөж, 2023 оны эхний хагаст стратегийн шинэ түншээ зарлах талаар Vale-ийн Гүйцэтгэх захирал Эдуардо Бартоломео, Санхүүгийн захирал Густаво Пимента мэдэгджээ.
Бие даасан “Vale Base Metals” нэртэй шинэ бүтэц зэс, никелийн чиглэлийн үйл ажиллагааг хариуцаж явуулах аж. Тус нэгж нь Канад дахь никелийн төслүүд, Индонезийн хамтарсан аж ахуйн нэгжүүд, Бразилийн никелийн “Onca Puma” уурхай, зэсийн “Salobo” төслийг эзэмшинэ.
Vale компани дэлхий дахинд эрэлт өсөж буй зэс, никелийн бизнесээ идэвхжүүлж, цаашид өргөжүүлэхээр зорьж байна. Металлын чиглэлээр 20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөснийг Vale-ийн Гүйцэтгэх захирал мэдэгджээ. Зах зээлийн 40 тэрбум ам.доллароор үнэлэгдэх “Vale Base Metals” шинэ нэгжийн 10 хувийг худалдахаар тооцож байна. Металлын бизнесийн төлөвлөгөө хэрхэн амжилттай хэрэгжихээс шалтгаалж IPO гаргах аж.
2021 оны үзүүлэлтээр Канад, Бразил, Индонези дахь никель, зэсийн хөрөнгө нь Vale-ийн орлогын 15 хувийг бүрдүүлжээ.
Vale-ийн “Salobo" төсөл нь Бразилд нээгдсэн зэсийн хамгийн том орд юм. Зэс-алтны энэхүү уурхай жилд 12 сая тонн хүчин чадалтай 2012 оны тавдугаар сард ажиллаж эхэлсэн.
Сүүлийн жилүүдэд үйл ажиллагааны хэд хэдэн доголдолтой тулгарсны дараа Vale компани үндсэн металлын үйлдвэрлэлээ тогтворжуулахаар ажиллаж байна. 2030 он гэхэд 230-245 мянган тонн никель, 900 мянган тонн зэсийн үйлдвэрлэлд хүрнэ гэж Vale тооцоолжээ.
Дэлхийд төмрийн хүдрийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч Vale цаашдаа цахилгаан автомашины зах зээлд томоохон нийлүүлэгч болохоор зорьж байна. Тус компани никель нийлүүлэх гэрээг Tesla-тай үзэглэсэн бол Ford Motor-той Индонезид никель үйлдвэрлэлд түншээр ажилладаг.