Канад улс: Критикал минералын хайгуулын татварын 30% хөнгөлөлтийг шинээр нэвтрүүлнэ

Э.ОД

Канадын Засгийн газраас тус улсын нэн чухал ашигт малтмалын стратегийг батлаад байгаа юм. Байгалийн нөөцийн сайд Жонатан Вилкинсоны танилцуулсан 52 хуудас бүхий стратегиар Канад нь дэлхийн критикал минералын томоохон нийлүүлэгч улс болохоор зорьж байна.

Критикал минералын салбарыг хөгжүүлэхэд 8 жилийн хугацаанд 3.8 тэрбум канад долларын хөрөнгө төсөвлөсөн. Санхүүжилтийн 1.5 тэрбум канад долларыг ирэх оноос эхлэн 7 жилийн хугацаанд Онтарио мужийн хойд хэсэгт орших “Ring of Fire” хэмээх бүсэд критикал минерал олборлох төслүүдийн дэд бүтцийг байгуулахад зарцуулна. Чухал ашигт малтмалын ордуудыг тодорхойлох, үнэлэх ажлыг идэвхжүүлэх зорилгоор 79.2 сая  канад долларыг геофизикийн судалгаанд хуваарилна. Энэ зорилтын хүрээнд чухал ач холбогдолтой ашигт малтмалын хайгуулын татварын 30%-ийн хөнгөлөлтийг шинээр нэвтрүүлнэ. Мөн судалгааны лабораториор дамжуулан чухал ашигт малтмалын судалгаа, боловсруулалтад 47.7 сая канад доллар олгохоор төлөвлөжээ.

Бүтээн байгуулалтад уугуул иргэдийг татан оролцуулах, оролцоог идэвхжүүлэх, эвлэрлийг ахиулахын тулд Уугуул иргэдийн байгалийн нөөцийн түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд 2023 оноос эхлэн таван жилийн хугацаанд 103.4 сая  канад долларыг зориулах аж.

Энэхүү стратегийн бас нэг чухал зүйл бол чухал ашигт малтмалын чиглэлээрх Холбооны Засгийн газрын стратегийн зорилтууд болон Энэтхэг-Номхон далайн стратегитай нийцүүлэхийг зорьж байна.

Канад улсын 31 төрлийн чухал ашигт малтмалын жагсаалтын тэргүүнд лити, бал чулуу, никель, кобальт, зэс, газрын ховор элементийг эрэмбэлжээ. Ингэхдээ геологи-геофизикийн судалгаа ба хайгуул, ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, дэвшилтэт үйлдвэрлэл болон дахин боловсруулалт гэсэн үе шатны үйлдвэрлэлийг дотооддоо барьж байгуулснаар Канад улс критикал минералын өрсөлдөх чадвараа нэмэгдүүлнэ гэж тодорхойлжээ.