КЕЙТИ СМИТ: Австралийн Засгийн газар критикал минералыг цаашид эдийн засгийг авч явах гол салбарын нэг гэж үздэг

Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Смиттэй Mining Insight-ийн Н.Ариунтуяа ярилцлаа. Эрхэмсэг хатагтай Элчин сайд Монгол Улсын Ерөнхийлөгчид зургаадугаар сарын 28-нд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан билээ. Тэрээр Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа анхны эмэгтэй Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд юм.

Юуны өмнө Эрхэм Элчин сайд Танд манай сэтгүүлийн урилгыг хүлээн авч, ярилцахыг зөвшөөрсөнд талархлаа илэрхийлье. Уламжлалын дагуу эхлээд манай уншигчдад Өөрийгөө танилцуулна уу? Мөн томилогдож ирээд удаагүй ч олон чухал уулзалт хийлээ. Энэ хугацаанд Монголын талаарх анхны төсөөлөл тань ихээхэн баялаг болсон болов уу?

Намайг ярилцлагын зочноор урьж, ярилцлага авахаар Элчин сайдын яаманд зочилсонд их баярлалаа. Намайг Кэйти Смит гэдэг. Би Австрали Улсаас Монгол Улсад суугаа 3 дахь Элчин сайд. Бас Австрали Улсаас Монголд томилогдсон анхны эмэгтэй элчин сайд нь. Миний хувьд Австралийн Гадаад харилцаа, худалдааны яаманд 20 гаруй жил ажилласан. Энэ хугацаанд Индонез, Лаос зэрэг голдуу Зүүн Өмнөд Азийн орнуудад төвлөрч ажиллаж байлаа. Ихэвчлэн хөгжлийн хөтөлбөр, тэр дундаа боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн хамгааллын хөтөлбөрүүд дээр ажилласан туршлагатай. Элчин сайд болохоос өмнө сүүлийн хэдэн жилд Номхон далайн арлын орнуудын улс төрийн асуудал эрхэлсэн хэсэгт ажиллахдаа тухайн орнуудад улс төрийн хувьд юу өрнөж байна, Австралитай хоёр талын харилцааг хэрхэн бэхжүүлэх вэ гэсэн асуудалд анхаарч ажиллаж байлаа. Энэ удаа Монгол Улсад Элчин сайдаар томилогдсон нь Хойд Азид ажиллаж буй анхны туршлага юм. Намайг Монгол Улс дахь Элчин сайдын хариуцлагатай ажилд томилсонд Засгийн газартаа маш их талархаж байна. Монгол Улс нь Чингис хаан болон Монголын их гүрнийхээ түүхээр дэлхий дахинаа танигдсан. Тэр ч утгаараа Монгол Улсад ирэхээсээ өмнө би монголчуудын түүхийн талаар их уншсан байсан. Гэхдээ ирээд л хамгийн түрүүнд Монгол Улс их олон талтай орчин үеийн улс болохыг анзаарсан. Монголчууд уламжлалт нүүдэлчин ахуйтайгаа ойрхон, байгаль дэлхийгээ хүндэлж харьцдаг, найрсаг харилцаатай ард түмэн юм. Уулзалт бүр ямар найрсаг, зочломтгой хүмүүс вэ гэсэн гоё сэтгэгдэл үлдээдэг. Монгол хүмүүстэй уулзах бүртээ танай сайхан улсын талаар олон гайхалтай зүйл мэдэж авч байгаадаа их баяртай байна. Бас зун ирсэн болохоор үзэсгэлэнт сайхан байгаль их таалагдсан.

Монгол Австрали хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй онцгой цаг үед та Элчин сайдаар томилогдлоо. Хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн түвшинг хэрхэн тодорхойлж байна вэ?

Тийм ээ, энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой тохиож буйгаараа онцлог.

Австрали Монголын дипломат харилцаа бол өргөжин хөгжиж байгаа хүчтэй харилцаа.

Энэ 50 жилд харилцааг дараагийн шатанд гаргасан хэд хэдэн чухал үйл явдал тохиосон. Хамгийн тод жишээ нь 2007 онд Австрали, Монгол Улс “Өргөтгөсөн түншлэл”- ийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан явдал. Энэ нь Австрали Улс Монгол Улсын гуравдагч хөрш гэдгийг баталсан төдийгүй өнөөгийн бат бөх харилцааны суурь болж байна. Мөн харилцааны 50 жилийн хугацаанд өндөр дээд хэмжээний айлчлалууд олноор хийгдсэн. Монгол Улсаас Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нар, Австралиас амбан захирагч болон бусад өндөр дээд албан тушаалтнууд харилцан айлчилсан нь харилцааг дараагийн шатанд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн хоёр улс харилцан Элчин сайдын яамаа нээснийг онцолмоор байна. Монгол Улс 2008 онд Австралид Элчин сайдын яамаа нээсэн бол 2015 онд Австрали Улс Монгол Улсад Элчин сайдын яамаа албан ёсоор нээсэн. Түүнээс өмнө 2011 оноос Худалдааны төлөөлөгчийн газар ажиллаж байлаа. Том зургаараа харвал Австрали, Монгол хоёр улс үнэт зүйлс нэгтэй. Хоёулаа чөлөөт зах зээл бүхий ардчилсан улсууд. Олон улсын систем, дэг журмаар харилцаагаа зохицуулдаг. НҮБ, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг байгууллагатай хамтран ажилладаг улсууд. Хоёр улсын боловсрол, эрүүл мэнд, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа болон хүн хоорондын харилцаа маш хүчтэй гэж хэлж болно. Худалдааны харилцааг улам өргөжүүлэн тэлэх бүрэн боломжтой. Сүүлийн статистик тоог харахад хоёр орны худалдааны эргэлт 40 сая австрали доллар байна. Энэ нь аль аль улсынх нь хувьд бага тоо. Харин үйлчилгээний салбарын хувьд тэр тусмаа уул уурхайн салбарын үйлчилгээ, ноухау, мэдлэг солилцоо харьцангуй өндөр байна. Австрали Улсаас 170 сая австрали доллартай тэнцэхүйц үйлчилгээг Монгол Улсад үзүүлсэн. Энэ нь гол төлөв уул уурхайн салбарт хамаарч байна. Монгол Улсаас 12 сая австрали долларын экспорт Австрали Улс руу гаргасан нь мөн л уул уурхайн салбарынх байна.

50 жилийн ойг хэрхэн ёслон тэмдэглэх вэ? Онцлох ямар арга хэмжээ зохиогдох бол?

50 жилийн ойн нээлт өнгөрсөн гуравдугаар сард болсон. Харамсалтай нь тухайн үед Элчин сайдаар томилогдож ирээгүй байсан болохоор оролцож чадаагүй. Маш сайхан нээлт болсон тухай сонссон. Нээлтээс хойш олон үйл ажиллагаа зохиогдсон. Мөн тусгай хөтөлбөр зохион байгуулсан нь “Австрали-Монголын нэрэмжит хөтөлбөр”. Энэ хөтөлбөрийн хүрээнд 1 сая австрали долларын санхүүжилтийг Монголд ажиллаж буй иргэний нийгмийн 10 байгууллагад гардуулснаар 10 төсөл 7-8 дугаар сар, 2022 Австрали Монголын дипломат харилцаа бол өргөжин хөгжиж байгаа хүчтэй харилцаа. 20 хэрэгжиж байна. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих, жендэрийн тэгш байдлыг хангах болон бусад нийгмийн тулгамдсан асуудлуудад чиглэсэн төслүүд орсон. Ойн үйл ажиллагаа жилийн турш үргэлжилнэ. Хэдхэн хоногийн өмнө гэхэд Австралийн Үндэсний Их Сургууль, МУИС-тай хамтран “Эрдмийн хурал” зохион байгуулсан. 50 жилийн ойн хүрээнд хоёр улсын харилцааны хөгжил, ямар ололт амжилт гарсан талаар хоёр улсын эрдэмтэн судлаачид дүгнэж ярилцлаа. 50 жилийн ойн нээлт хийсэн шигээ энэ жил зохиогдсон бүх ажлаа нэгтгэн дүгнэж, хаалтын үйл ажиллагаа хийнэ. Дипломат харилцаа тогтоосон өдөр бол ес дүгээр сарын 15. Тэр өдрөө эсвэл он дуусахаас өмнө хийхээр төлөвлөж байна. Хоёр улсын харилцаанд уул уурхайн салбар томоохон байр суурьтай.

Таны ярианд ч сая энэ талаар дурдагдлаа. Энэ харилцааг улам тэлэх боломж бололцоог юу гэж харж байна вэ? Австрали Улсаас Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах боломж, шинэ чиглэлийн талаар ямар бодолтой байна вэ?

Бидний авсан сүүлийн тоогоор Монголд үйл ажиллагаа эрхэлж буй Австралийн 60 гаруй компани байна. Таны асууж байгаа боломж бол худалдаа, хөрөнгө оруулалтыг хөгжүүлэх. Энэ асуудлыг хариуцсан Австралийн худалдааны төлөөлөгчийн газар Австралийн Элчин сайдын яамны харьяанд ажилладаг. Энд ажилладаг хүмүүс маань Австралийн компаниудын өмнөөс Монголын зах зээлийн судалгааг хийж, харилцаа холбоо тогтоох үүрэгтэй байдаг. Худалдааны төлөөлөгчийн газар маш идэвхтэй ажиллаж, Монголын зах зээлийн судалгааг хийж, Австралийн олон компанийг Монголтой холбож байгаа. Монголын Засгийн газраас ч гэсэн сайшаалтай олон зүйл хийдэг, хийсээр ч байна. Үүний нэг нь есдүгээр сард зохиогдох Монголын уул уурхайн салбарыг олон улсад таниулах “Уул уурхайн 7 хоног” арга хэмжээ. Монголд гарч байгаа хууль эрх зүйн орчны шинэчлэл, эерэг өөрчлөлтүүдийг онцолж, олон улсын хөрөнгө оруулагчид болон компаниудад зөвөөр таниулж сурталчлах ийм ажлууд их чухал.

Австрали компаниудын сүүлийн үед ихээхэн сонирхож буй нэг чиглэл бол уул уурхайтай маш их уялдаа холбоо бүхий эрчим хүчний салбар.

Тодотгож хэлбэл нүүрсний метан хий болон устөрөгч, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Монгол Улсад хөрөнгө оруулах хүсэлтэй байгаа. Монгол бол баялаг ихтэй улс. Зөвхөн эрдэс баялгаас гадна бусад баялгаа ч хөгжүүлэх сайн үзүүлэлтүүд гарч байна. Австрали Улс нь уул уурхайн салбараас гадна ажиллагсдын ур чадварыг хөгжүүлэх болон бусад шаардлагатай зүйлс дээр Монголын Засгийн газар, холбогдох агентлагуудтай хамтарч ажиллаж байна. Нэмж хэлэхэд, Монгол болон Австрали улсын ижил төстэй тал нь уул уурхайгаас гадна хөдөө аж ахуйд суурилсан эдийн засагтай. Австрали Улсын хувьд энэ салбарт арвин их туршлагатай. Ялангуяа мал аж ахуй, тариалангийн салбарт асар их ноу-хау туршлага байгаа тул энэ чиглэлд Монгол Улстай хамтарч ажиллах, эдгээр салбарыг хөгжүүлэх сонирхол ихээхэн нэмэгдэж байгаад баяртай байна.

Эрчим хүчний асуудал ярьснаас Австрали, Монгол Улс нь нүүрсний арвин нөөцтэй. Гэвч дэлхий нийтээр нүүрсээс татгалзах бодлого хүчтэй явж, нүүрсний боломжууд хязгаарлагдаж буй энэ үед Австрали Улс эрчим хүчний шилжилтээ хэрхэн хийж байна вэ?

Таны хэлсэнчлэн Австрали болон Монгол Улсын аль алиных нь хувьд нүүрс эрчим хүчний голлох эх үүсвэр. Австралийн эрчим хүчний 50-60 хувь нь нүүрснээс, 25 хувь нь байгалийн хийнээс эх үүсвэртэй байна. Сүүлийн үед гарсан нэг том өөрчлөлт гэвэл 2022 оны тавдугаар сард Австрали улсад парламентын сонгууль болж, шинэ Засгийн газар ажлаа авсан. Шинэ Засгийн газрын чухалчилж байгаа гол асуудал нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ. 2030 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгарлыг 43 хувиар багасгах зорилт тавьсан. Мөн 2030 он гэхэд эрчим хүчний үйлдвэрлэлийн 82 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гаргах зорилт тавьсан. Энэ бол маш том амбицтай зорилт. Гэхдээ хэрэгжих боломжтой. Нүүрсхүчлийн хийн ялгарлыг багасгахаас гадна эдийн засгийн ч үр өгөөжтэй гэж үзэж байгаа. Ажлын байр бий болгоно, эрчим хүчний үнэ буурна. Мэдээж эрчим хүчний шилжилт хийхэд маш их хөрөнгө оруулалт шаардлагатай. Австрали Улсын хувьд эрчим хүчний дэд бүтцэд 20 тэрбум австрали долларын хөрөнгө оруулалт хийснээр ирээдүйд бий болох сэргээдэх эрчим хүчний төв болно гэж тооцож байгаа. Үүнээс гадна энэ салбарт ажиллах хүмүүсийн сургалт боловсролд ихээхэн анхаарч байна. Одоо байгаа нүүрсний салбарын ажиллах хүчнээ ирээдүйд сэргээгдэх эрчим хүчний салбарт ажиллуулахын тулд дахин төлөвлөж, хүмүүсээ шинээр сургах шаардлагатай болж байна. Энэ чиглэлд асар их ажил хийгдэж байна.

Австрали Улс өөрөө төдийгүй бүс нутаг болон хөгжиж буй орнуудад нүүрстөрөгчийн хийн ялгарлыг багасгах, уур амьсгалын сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэхийн тулд хөгжлийн болон тусламжийн хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа. Энэ нь нийт 2 тэрбум австрали долларын төсөвтэй бөгөөд эрчим хүч болон дэд бүтцийн салбар хамаарна. Үүнд Монгол Улс багтах боломжтой.

Монгол Улсын нөхцөл байдалтай холбож ярихад Австрали компаниуд метан хий, устөрөгч, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг сонирхож, Монгол Улсад энэ чиглэлийг хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаа нь чухал юм. Хэдийгээр дөнгөж эхэлж буй ч цаашдаа маш том боломж гэж харж байгаа. Монгол Улсын Засгийн газар ч гэсэн маш том амбицтайгаар 2030 он гэхэд эрчим хүчнийхээ 30 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авах зорилт тавьсан тул энэ нь цаг хугацааны л асуудал бөгөөд маш их боломж бий гэж харж байна.

АВСТРАЛИЙН КОМПАНИУД МЕТАН ХИЙ, УСТӨРӨГЧ, СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ
ТӨСЛҮҮДЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ СОНИРХОЛТОЙ БАЙНА

Устөрөгч, метан хийн чиглэлээр болон лити, кобальт зэрэг критикал минералын чиглэлээр Австралийн хайгуулын компаниуд Монголд орж ирж байна. Австрали Улс критикал минерал дээр асар том амбиц, стратегитэй ажиллаж байгаа. Энэ чиглэлд Австрали Улсын бодлого зорилт, стратегид гарч буй өөрчлөлт, хандлагаас танилцуулна уу?

Австрали Улс критикал минералын нөөц баялгаараа дэлхийд дээгүүрт ордог. Олон төрөл зүйлийн амьтан, ургамлаар баян байсан эртний түүхт тив улс болохоор газрын гүний эрдэс минералын боломж бололцоо их байдаг байх.

Критикал минерал нь Австралийн Засгийн газрын хувьд маш чухал салбар. Саяхнаас бүр ч чухалчилж эхэлсэн. 2019 онд цаасан дээр буусан стратегитай болсон. 2022 онд шинэчилсэн. Одоо энэхүү шинэчилсэн “Критикал минералын стратеги 2022”-ыг баримталж байна. Энэ стратегийн дагуу Засгийн газар маш их хөрөнгө оруулалт хийж байгаа. Үүний нэг томоохон хэсэг нь Зээлийн схем буюу хувийн хэвшлийнхэнд 2 тэрбум австрали долларын хөнгөлөлттэй зээл олгох хөтөлбөр юм.

Критикал минералын салбарт үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой эсвэл үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа компаниудад хөнгөлөлттэй зээл олгох замаар бага эрсдэлтэйгээр төслүүдээ хэрэгжүүлэх, эхлүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой. Австралийн Засгийн газрын хамгийн том үүрэг хариуцлага нь энэ салбарын эрсдэлийг бууруулж, суурийг тавьж өгөх явдал. Хувийн хэвшил болон компаниудад бүх эрсдэлийг үүрүүлээд энэ салбарыг хөгжүүлэх үүргийг үлдээж болохгүй. Тиймээс Засгийн газрын дэмжлэг үзүүлж буй нэг хэлбэр нь энэхүү хөнгөлөлттэй зээл. Мөн хэрэгжиж байгаа төслүүд дээр санхүүгийн болон бодлогын тусламж үзүүлэх байдлаар аль болох хурдасгах хэрэгслүүр ч байгаа. Нэмж хэлэхэд, критикал минералын салбарт Австрали Улсын компаниуд ихэвчлэн олборлоод түүхийгээр гаргаж байгаа. Цаашдаа критикал минералаа түүхийгээр нь биш боловсруулалт хийж, нэмүү өртөг шингээн дэлхийн зах зээлд гаргахыг зорьж байгаа. Үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд 1.3 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж байна. Мөн судалгаа, хөгжүүлэлт зэрэг олон талт үйл ажиллагааг Австралийн Засгийн газраас хэрэгжүүлж байна. Критикал минерал асар олон салбарт шаардагдаж байна. Батлан хамгаалах, эрчим хүч, үйлдвэрлэл технологи, шинээр гарч ирж байгаа цахилгаан машин гээд асар их эрэлт хэрэгцээ байна. Энэ нь цаашлаад ажлын байр олноор бий болгоно. Мөн эдийн засгийг цаашдаа тэжээх том салбарын нэг гэж үзэж байгаа. Австрали нь уул уурхайн салбарт арвин туршлагатай. Критикал минералын салбарт түлхүү анхаарч ажилласнаар туршлага илүү нэмэгдэж байна. Энэ туршлагаас Монгол Улс нэвтрүүлэх, суралцах бүрэн боломжтой. Канад байна уу, Австрали байна уу хамаагүй, гол нь хэрэгжүүлээд амжилт олсон улс орнуудын туршлагаас судлаад авч нэвтрүүлэх нь шинээр хийхээс илүү ашигтай. Монгол Улсын Засгийн газар уул уурхайн салбартаа илүү анхаарах болсныг би анзаарсан. Монгол Улс баялаг ихтэй, үйлдвэрлэгч улс орнуудтай газар зүйн байршил ойролцоо оршдогийн хувьд уул уурхайн салбар нь хурдацтай өсөж байгаа гэж ойлгодог. Энэ тал дээр Австрали Улс дэмжихэд үргэлж бэлэн. Австрали Монголын компаниуд ч аль хэдийнэ ажиллаад эхэлсэн байна. Австралийн компаниуд сэргээгдэх эрчим хүч, устөрөгчийн үйлдвэрлэлийн чиглэлээр орж ирэх сонирхолтой байгаа гэлээ.

Яг одоо шинээр Монголд орж байгаа компаниудад ямар нэг асуудал бэрхшээл тулгарч байна уу? Бас тулгарч болзошгүй ямар асуудлууд байна вэ?

Аль хэдийнэ Австралийн 60 гаруй компани үйл ажиллагаа эрхэлж байгаа нь маш сайн хэрэг юм. Элчин сайдаар томилогдож ирснээс хойших энэ богинохон хугацаанд би Монгол Улсын Засгийн газар, агентлагуудын төлөөллөөс гадна Австралийн компаниудтай уулзаж, тэднээс Монгол Улсад бизнес хийхийн давуу тал, боломжууд болон тулгарч байгаа бэрхшээлийн талаар ярилцах завшаан тохиосон. Ерөнхийд нь хэлэхэд Австралийн компаниуд ихэвчлэн эерэгээр харж байна. Монгол Улсыг чадварлаг ажиллах хүчний нөөцтэй, боломж бололцоо ихтэй зах зээл гэж үздэг. Мэдээж ямар ч улсад бэрхшээл, сул тал гэж байна. Монгол Улсын хувьд авлигын индекс өндөр байгаа нь авлига байгаа гэсэн ойлголтыг төрүүлдэг байж магадгүй.

Ялангуяа авлигын индексээр олон улсад 110-т жагсаж байгаа нь хөрөнгө оруулагчийн итгэлийг олоход сайнаар нөлөөлөхгүй.

Тиймээс авлига нь анхаарах асуудлын нэг. Монгол Улсын Засгийн газрын төлөөллүүдтэй уулзахдаа энэ талаар олон ажил хийгдэж байгааг сонсоход таатай байсан. Жишээлбэл ил тод байдал, тусгай зөвшөөрлийг цахимаар олгох системд шилжиж байгаа болон эрх зүйн орчныг сайжруулах зэрэгт анхаарч ажиллаж байгаа нь их сайшаалтай. Энэ бүхэн хөрөнгө оруулагчийн итгэлийг олох, хадгалахад эергээр нөлөөлнө. Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогод энэ бүхэн чухал хэсэг болж туссан нь сайн хэрэг гэж Австралийн Засгийн газар үзэж байгаа. Австрали гэлтгүй гадаадын ямар ч компани гадаад зах зээл дээр ихэнхдээ юу хайдаг гэхээр ил тод байдал, ойлгомжтой байдал, эрхзүйн орчны шударга байдал. Энэ тал дээр анхаарч, улам сайжруулбал аль ч улсын хөрөнгө оруулагч компаниуд зах зээлээ тэлж үйл ажиллагаа эрхлэхдээ баяртай байх болно. Үүнээс гадна хөрөнгө оруулагчийн хардаг нэг чухал үзүүлэлт бол дэд бүтэц. Монголд төмөр замын сүлжээ, авто замын сүлжээ, эрчим хүч зэрэг бодит дэд бүтцийн төслүүд хэрэгжвэл цаашдын хөрөнгө оруулалт, худалдаанд том хөшүүрэг болох байх. Энэ тал дээр анхаарч ажиллаж байгаа нь бас сайн хэрэг юм.

Хоёр улсын уул уурхайн салбарын хамтын ажиллагааны талаар ярихдаа хоёр улсын хамтарсан гэж хэлж болох Оюутолгой төслийн талаар асуухгүй үлдээж болохгүй нь. Оюутолгойн гүний уурхайн төслийг тогтвортой, амжилттай хэрэгжүүлэхэд талууд юуг чухалчлах ёстой талаар Та байр сууриа илэрхийлнэ үү?

Монголын Засгийн газар болон “Рио Тинто”-гийн хооронд ойлголцолд хүрсэн нь маш сайн хэрэг. Тэгснээр энэ төслийн урт хугацааны хөгжил илүү эрчимжиж байна. Мөн Монгол Улсын эдийн засагт үзүүлэх үр нөлөө болон Монгол Улсад орж ирэх ашиг, орлого илүү ойртсонд бид баяртай байгаа. Энэ нь бүх талд ашигтай байхад чухал нөлөөтэй. Оюутолгой бол маш үнэ цэнтэй төсөл. Үйл ажиллагаа нь идэвхжихээр Монголын эдийн засаг, тэр дундаа ДНБ-ий 30 хувийг бүрдүүлэх төсөөлөлтэй ийм том төсөл тул бид маш чухалчилж байгаа. Монголын Засгийн газар болон оролцож байгаа компаниудын талаас ил тод байдал маш чухал. Австралийн Засгийн газар нь зөвхөн Австралийн компанийг дэмжиж байгаадаа бус хөрөнгө оруулагч гэдэг утгаараа энэ төсөлд оролцоотой байгаа. Цаашдын Монгол Улсын эдийн засаг болон уул уурхайн салбарын хөгжилд Оюутолгой том хувь нэмэр оруулах байх. Австрали Улс нь том уурхай хөгжүүлэх ашиглах дээр ихээхэн туршлагатай. Энэ туршлагаас харахад байгаль орчныг сүйтгэхгүй байж, нөхөн сэргээлтэд анхаарах ёстой. Мөн Монгол Улс нь эртний их түүхт газар нутгийн хувьд түүх, соёлын олдвор ихтэй тул түүнд болгоомжтой хандаж, сүйтгэхгүй байх тал дээр анхаарах ёстой юм. Монгол Улсын Засгийн газар хяналт тавьж, бас хэрэгжүүлж байгаа компани ч нийгмийн хариуцлагатай байх зарчмыг баримталж ажиллах нь чухал. Мөн ажиллах хүчинд анхаарах нь чухал болов уу. Ялангуяа Монголын ажиллах хүчнийг хөгжүүлэх, чадавхжуулах нь энэ төслийг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэхэд чухал хүчин зүйл юм. Үүнд аль аль тал нь анхаарч ажиллаж байгаад баяртай байгаа.

Таны ярианд эрчим хүч болон хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар дурдагдлаа. Хоёр улсын харилцаанд хөдөө аж ахуйн салбарт ямар боломж байна вэ?

Энэ талаар манай Элчин сайдын яамнаас хэрэгжүүлдэг хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд ярья. Манай голлох хөгжлийн хөтөлбөр бол АМЕП буюу Австрали Монголын эрдэс баялгийн хамтын ажиллагааны хөтөлбөр. Монголд нэлээд олон салбарт төвлөрч ажилладаг хөтөлбөр. Үүнээс арай бага ч гэсэн бидний чухалчилж үздэг хөгжлийн хөтөлбөрүүд мөн бий. Түүний нэг нь хөдөө аж ахуйн салбарт цөөнгүй төсөл хэрэгжүүлсэн. Австралийн зүгээс Монголтой хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаа хөгжүүлсэн нэг том жишээ бол “Австралийн хөдөө аж ахуйн судлалын төв”. Энэ төв Монголын холбогдох судалгааны институт, байгууллагуудтай хамтран Монголын бэлчээрийн даац болон Монголын хөдөө аж ахуйн салбарын менежмент дээр судалгаа хийж, Засгийн газар, холбогдох яаманд зөвлөмж хүргүүлж байсан. Монголын хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй нэг асуудал нь бэлчээрийн даац хэтрэлт. Бэлчээрийг олон жил ашиглах, урт хугацаандаа авч үлдэх ямар боломжууд байна, үүнд хэрхэн сайн менежмент хийх талаар судалгаа хийгдэж, хэрэгжсэнд баяртай байдаг. Мөн Элчин сайдын яамтай холбоотой нэг ажил хэрэгжиж байгаа нь хонь хяргах төсөл. Энэ төслөөр дамжаад Монголд Австрали компани ирж машинаар хонь хяргах сургалт явуулж байгаа. Австрали Улс хонины ноосыг боловсруулах чиглэлд арвин туршлагатай, сайн брэндтэй. Австралид хонь хяргагч хүмүүсийн хэрэгцээ их, ажиллах хүчин дутагдалтай байдаг. Монголын малчид машинаар хонь хяргаж сурснаар Австралид очиж улирлын чанартайгаар хонь хяргах ажил хийх боломжтой. Тиймээс энэ орон зайд хэн хэндээ хэрэгцээтэй байж болох жижигхэн төсөл хэрэгжиж байгаад баяртай байна. Улмаар хоёр орны хооронд ажиллах хүчний солилцоонд томоохон боломж нээгдэх ч магадлалтай юм.
Элчин сайдын яам, Элчин сайдын зүгээс цаашид энэ хөтөлбөр төдийгүй хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаанд илүүтэй анхаарна. Мэдээж бусад улс орон болон олон улсын байгууллагууд энэ салбарт олон жил идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ Австрали нь хөдөө аж ахуй өндөр хөгжсөн улс тул энэ чиглэлийн хамтын ажиллагаанд илүү оролцоотой байхыг хүсэж байна. Уур амьсгалын хувьд өөр, Австрали нь хүйтэнтэй харьцаж сураагүй ч тариалан, ялангуяа хуурай газрын тариалангийн арвин туршлагатай. Тиймээс Монгол Улсад энэ туршлагыг хэрэгжүүлэх боломж байгаа гэж хардаг. Үүнд анхаарч ажиллах миний нэг том зорилт юм.

Монгол Улсын тэргүүлэх гурван чиглэл нь уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал. Австралид энэ гурван салбар эв найртайгаар зэрэгцэн оршиж, биенээ тэтгэн хөгжиж байх шиг санагддаг?

Австрали нь уул уурхайд суурилсан эдийн засагтай. 19 дүгээр зуунаас хойш уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж ирсэн. Австралид алт анх олборлож эхлэх үеэр цагаачид маш их ирсэн. Тэд мэдлэг, туршлага, чадвараараа Австралид маш их хөрөнгө оруулсан нь эргээд улсад их ашигтай байсан. Сүүлийн үед уул уурхай, хөдөө аж ахуйгаас гадна үйлчилгээний салбар эдийн засгийн томоохон хэсэг болж байна. Уул уурхай ДНБ-ий 10 хувь, экспортын 60 хувь, ажлын байрны 10-15 хувийг хангаж байгаа ч үйлчилгээний салбар ДНБ-ий маш том хэсгийг эзэлдэг. Энэ нь аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, санхүүгийн үйлчилгээ. Уул уурхайн салбарт чиглэсэн үйлчилгээнүүд ч үүнд багтаж байгаа. Үйлчилгээний салбарыг түлхүү хөгжүүлэх нь Австралийн Засгийн газрын бодлого байсан. Уул уурхай, хөдөө аж ахуйн салбараас олсон орлогоороо буцаагаад үйлчилгээний салбарт хөрөнгө оруулсан. Мөн боловсрол, эрүүл мэндийн салбар гээд ард иргэд, хүмүүсийнхээ сайн сайхны төлөө хөрөнгө оруулах маш их орлоготой болсон нь давуу талыг авч ирсэн болов уу. Харин одоо санаа зовоож буй нэг асуудал нь Австралийн үйлчилгээний салбар ажиллах хүчний дутагдалд орж байна. Ялангуяа аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбар улирлын чанартай ажиллах хүчний дутагдалд ордог. Саяхнаас Монгол Улстай гэрээ зурагдан хэрэгжиж эхэлсэн нэг хөтөлбөр бол “Амрангаа ажиллах хөтөлбөр”. Эхний ээлжинд 100 монгол залуус Австралид нэг жил ажиллангаа амрах, эргээд Австралиас 100 залуу Монголд зун ирж амрангаа ажиллах хөтөлбөр. 100-гаас илүү хүний материал ирсэн ч 100 хүнд эрх олгогдоод одоогоор хаагдсан.

Монголын чадварлаг залуус Австралид очиж дутагдаж буй ажлын байранд ажиллаж ирээд сурсан мэдсэнээ эх орондоо хэрэгжүүлэх нь аль аль улсдаа ашигтай ажиллах хүчний солилцоо юм.

Эдийн засгийн төдийгүй хүн хоорондын харилцаанд ч ихээхэн хувь нэмэр оруулах боломжтой. Энэ хөтөлбөр амжилттай хэрэгжвэл цаашид улам өргөжих боломжтой гэж харж байгаа. Иймэрхүү хөтөлбөрүүд илүү олон хэрэгжээсэй, илүү олон харилцаа хүчтэй болоосой гэж хүсэж байна.

Элчин сайдаар томилогдож ирээд хийсэн уулзалтуудыг тань харахад Жендэрийн үндэсний хороон дээр очсон тань анхаарал татсан. Эндээс жендэрийн тэгш байдалд багагүй анхаарах нь ойлгосон?

Жендэрийн тэгш байдал нь бүхий л улс орны хувьд чухал болж буй асуудал. Австрали Улсаас Монгол Улсад суугаа анхны эмэгтэй Элчин сайд болсон нь миний хувьд нэр төрийн хэрэг. Миний анзаарснаар монгол эмэгтэйчүүд маш боловсролтой, чадварлаг. Түүний хэрээр улсынхаа нийгэм, эдийн засагт маш том хувь нэмэртэй юм байна. Гэхдээ сорилт байна. Тэр нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалтгүй санагдсан. Ялангуяа улс төр, парламентад эмэгтэйчүүдийн төлөөлөл маш бага, харин бусад түвшинд, ялангуяа компани, байгууллагын түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байна. Өөр нэг том асуудал бол охид эмэгтэйчүүд хүчирхийлэлд их өртөж байгаа явдал. Энэ бол зөвхөн нийгмийн асуудал биш эдийн засгийн ч асуудал. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн хувьд ямар нэг байдлаар эдийн засгийн оролцоо, эрх чөлөө нь боймлогддог гэсэн судалгаа байдаг. Австралийн Элчин сайдын яамны хувьд хөгжлийн хөтөлбөрөөс эхлээд нийгэм, эдийн засгийн бүхий л асуудалд жендэрийн тэгш байдлыг чухалчилна. Эмэгтэйчүүдийн гаргаж буй ололт амжилтыг тодотгож байх нь чухал юм байна гэж миний зүгээс үзэж байгаа. Нэг жишээ дурдахад АМЕП хөтөлбөр уул уурхайн салбарын яам, агентлагтай ойрхон ажилладаг. УУХҮЯтай хамтраад олборлох салбарт ажиллаж буй компани, холбогдох байгууллагынханд жендэрийн тэгш байдлын хангахад чиглэсэн сургалт явуулсан. Иймэрхүү сургалт нь хүмүүсийн үзэл бодол, хэвшмэл ойлголтыг халахад ихээхэн үүрэгтэй. Жендэрийн тэгш байдал нь миний хувьд маш чухал асуудал. Цаашдын хийх ажлуудад маань маш том үүрэгтэй байх болно.

Ярилцсанд баярлалаа. 

Майнинг Инсайт Сэтгүүл, 2022 №07,08 (008,009)