Австралийн Засгийн газар нүүрсний уурхай ашиглах шийдвэр гаргав

Э.МИШЭЭЛ

Австралийн Засгийн газар Квинслэнд мужийн Исаак голын нүүрсний уурхайг ашиглахаар шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэр нь байгаль орчны хууль тогтоомжийн дагуу гаргасан шийдвэр гэдгийг хэвлэлийн төлөөлөгч хэлсэн байна.

Байгаль орчны сайд Таня Плиберсек “Энэхүү төсөл нь ган үйлдвэрлэхэд шаардлагатай төсөл. Харин цахилгаан эрчим хүчний нүүрсний төсөлд боломж үгүй” гэжээ. 

Засгийн эрхийг барьж буй Австралийн Хөдөлмөрийн нам өнгөрсөн жил 2030 гэхэд 2004 онтой харьцуулахад утааны хэмжээг 43 хувиар бууруулах амлалт өгч байв. Австрали дэлхийн хамгийн том хоёр дахь нүүрс экспортлогч бөгөөд 2021 онд 403 сая тонн нүүрс экспортолжээ.

Исаак голын нүүрсний уурхайг ажиллуулах Bowen Coking Coal компани 2024 он гэхэд гангийн зориулалттай коксжих нүүрсний олборлолтыг жилд 5 сая тоннд хүргэхээр төлөвлөж байна. Гүйцэтгэх захирал Ник Жорс “Хөгжиж буй орнуудад аж үйлдвэржилт, хөгжингүй орнуудад нүүрстөрөгчөөс татгалзах үйл явдал нь ган, эрчим хүчний эрэлт хэрэгцээг хурдацтай өсгөнө гэдэгт бид итгэлтэй байна” гэжээ. 

Исаак голын нүүрсний уурхай нь мужийн бусад уурхайтай харьцуулахад жижиг боловч уурхайн ашиглалтын явцад 7 сая тонн хүлэмжийн хий ялгаруулахаар байгааг Австралийн судалгааны хүрээлэн мэдэгджээ.