Дэлхийн уул уурхайн магнат Rio Tinto групп металлын салбарт түлхүү анхаарч, идэвхийлж байна. Литийн салбарт өсөх, бусад компанитай нэгдэх, худалдан авах боломжуудыг эрэлхийлж буйгаа мэдэгдэв. Цахилгаан машины батарейны үндсэн металлын үнэ удаан хугацаанд өндөр хэвээр байх төлөвтэйг онцолжээ.
Оны эхээр Сербийн Засгийн газар байгаль орчны үндэслэлээр 2.4 тэрбум ам.долларын өртөгтэй литийн Jadar төслийн Rio Tinto-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан юм. Гэхдээ уг төслөөс бүрэн татгалзаагүй талаар группын цахим хуудсанд мэдээлжээ. Одоогоор Jadar төслийг группын хөрөнгийн багцад тооцож байна. Төслийг сэргээж, ашиглалтын үйл ажиллагааны эрсдэлийг бууруулахаар төсөөлж буй.
Rio-ийн энэхүү төлөвлөгөөний талаар Сербийн Ерөнхий сайд Ана Брнабич литийн Jadar төслийг сэргээх боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлжээ. Тэрээр “Литийн уурхай нь Серби улсыг хөгжүүлэхэд түүхэн боломж тул энэ асуудлыг олон нийтээр хэлэлцүүлэх ёстой”-г мэдэгдсэн байна.
Jadar төсөл хэрэгжсэн тохиолдолд Европын литийн хамгийн том уурхай болно. Жилд 58 мянган тонн литийн карбонат үйлдвэрлэж Европ тивийн литийн өнөөгийн хэрэгцээний 90 хувийг хангах боломжтой. Хэрэв төслийг Rio Tinto хэрэгжүүлбэл дэлхийн литийн тэргүүлэх 10 үйлдвэрлэгчийн эгнээнд багтана.
Сүүлийн 5 жилд Rio Tinto батарейны түүхий эдийн зах зээлд байр сууриа тэлэхээр эрмэлзэж байна. 2018 онд дэлхийн литийн хоёр дахь том үйлдвэрлэгч Чилийн SQM-ийг тодорхой хувьцааг 5 тэрбум ам.доллароор худалдаж авахыг оролдсон. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас АНУ-ын Калифорни дахь өөрийн хяналтын боратын Boron уурхайн туршилтын үйлдвэрт лити үйлдвэрлэж эхэлсэн. Критикал минералын нэг борат нь ухаалаг утас, таблет, хавтгай телевиз гэх мэт сайжруулсан шил үйлдвэрлэлд ашиглагддаг.
Тэгвэл энэ оны гуравдугаар сард Rio литийн зах зээлд дахин нэг алхам хийж Аргентин дахь Rincon төслийг 825 сая ам.доллароор худалдан авлаа. Бараг 2 сая тонн литийн нөөцтэй Rincon нь 40 жил уурхайлах орд аж. Харин Серби дэх Jadar нь Rio Tinto-ийн хувьд хамгийн их найдвар тавьж байгаа 3 төслийн нэг.
Зөвхөн лити гэлтгүй зэсийн төслүүдэд ч анхаарч буй тодорхой үйл явдал бол Rio Tinto-ийн зүгээс Монголын “Оюутолгой” компанийн 66 хувийг эзэмшигч TRQ-ийн 49 хувийг худалдан авч, бүрэн эзэмших саналаа гуравдугаар сард тавьсан. Өнгөрсөн долоо хоногт болсон TRQ-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар Rio-гийн саналыг хүлээж авахыг дэмжээд байна.
10 гаруй тэрбум ам.долларын өртөгтэй Оюутолгой нь Rio-гийн зэсийн өсөлтийн гол төсөл. Гүний уурхайн үйлдвэрлэл эхэлснээр 2030 он гэхэд дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно.