Панамын Засгийн газар гэрээний зэсийн Cobre Panama уурхайн үйл ажиллагааг зогсоохыг First Quantum Minerals компаниас шаарджээ. Уг төслийн гэрээний шинэ нөхцөлийг талууд тохиролцож чадаагүй байна.
Энэ оны нэгдүгээр сард Панамын Засгийн газартай хэлэлцсэн ёсоор First Quantum Minerals компани зэсийн Cobre Panama төслийн нийт ашгийн 12-16 хувийг тус улсад хуваарилах, мөн нэмэгдсэн АМНАТ төлөх үүрэг хүлээжээ. Хэлэлцээрийг баталгаажуулахаар Панамын Засгийн газартай гэрээ байгуулах эцсийн хугацааг арванхоёрдугаар сарын 14-нд товлосон аж.
Панамын ашигт малтмалын хуулиар Cobre Panama уурхайг ашигласнаар First Quantum Minerals жилд 375 сая ам.долларын төлбөр төлөх үүрэгтэй гэж тус улсын Засгийн газар үзэж, харин компанийн зүгээс бага дүнтэй төлөх байр суурьтай байна.
Канадын компани 2019 оны есдүгээр сараас Cobre Panama уурхайгаас зэс олборлож эхэлсэн. Бүрэн хүчин чадлаар жилд 300 мянган тонн буюу дэлхийн зэсийн үйлдвэрлэлийн 1.5 хувийг хангах хэмжээний том төсөл юм. First Quantum Minerals-ийн мэдэгдсэнээр уг төсөлд ойролцоогоор 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ.
Өнгөрсөн онд 816 мянган тонн зэс үйлдвэрлэсэн нь First Quantum Minerals-ийн түүхэн дээд үзүүлэлтэд тооцогдсон байна. Cobre Panama уурхайн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотой зэсийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж чаджээ. Энэ жил зэсийн нийт үйлдвэрлэлийн хэмжээг 855 мянган тоннд хүргэхээр зорьж байна. Ингэснээр Канадын компани дэлхийн зэсийн 10 том үйлдвэрлэгчийн нэг болох төлөвтэй. Тус компани Cobre Panama уурхайгаас гадна зэсийн Kansanshi, Sentine зэрэг уурхай эзэмшдэг. Түүнчлэн Аргентин дахь зэсийн Таса Таса ордод хайгуулын төсөл хэрэгжүүлж байна.