АНУ-ын хөнгөн цагаан үйлдвэрлэгч Alcoa нь Саудын Арабын уул уурхайн Ma’aden-тай хамтарсан компанийн 25.1 хувийг 1.1 тэрбум ам.доллароор худалдана гэдгээ мэдэгджээ. Худалдах хэлэлцээрийг 2025 оны эхний хагаст багтаахаар төлөвлөж байна. 2009 онд байгуулагдсан хамтарсан компанийн 74.9 хувийг Ma’aden эзэмшдэг. “Бид шинэ хамтын ажиллагаанаас боломжууд хүлээж байна. Саудын Арабын хувьд эдийн засгийн гурав дахь тулгуур салбар болгон уул уурхайг хөгжүүлж байгаа”-г Ma’aden компанийн Гүйцэтгэх захирал Боб Уилт онцолжээ.
Саудын Арабын төрийн өмчит уул уурхайн Ma’aden компани 1997 оноос үйл ажиллагаа явуулж байна. 2023 онд 7.12 тэрбум ам.долларын орлоготой ажиллажээ. Ma’aden нь 17 уурхайтай, 6000 ажилтантай бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүнээ 30 оронд экспортолдог. 2030 он хүртэл зэс, алт, хөнгөн цагаан болон чухал ашигт малтмалын нөөцөө нэмэгдүүлэхээр зорьж байна. Дэлхийн эдийн засгийн форум (World Economic Forum)- аас дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй уул уурхайн компаниар тодорхойлсон.