Anglo American болон Чилийн төрийн өмчит Codelco компани Лос Бронсес болон Андина ордуудын төслийг хамтран хэрэгжүүлэх гэрээ байгуулжээ. Энэ хүрээнд хоёр компани 2030 оноос эхлэн 21 жилийн хугацаанд нийт 2.7 сая тонн зэс нэмж олборлоно. Уг хамтын ажиллагааны төлөвлөгөөгөөр, ордуудыг ашигласнаар татварын өмнөх цэвэр орлого 5 тэрбум ам.долларт хүрэх бөгөөд талууд тэнцүү хуваах аж. Хамтын ажиллагааны зэрэгцээ хоёр компани өөрсдийн тус тусын төслүүдийг хэрэгжүүлж, олборлолтын үйл ажиллагааг хэвээр явуулах юм.
Codelco-ийн жижиг төслүүдийн нэг Андина нь Rio Blanco болон Sur Sur уурхайг хамардаг ба 2023 онд нийт 164,500 тонн зэс үйлдвэрлэсэн байна. Тухайн жил Anglo American-ы гол төслийн нэг Los Bronces 215 мянган тонн зэс үйлдвэрлэжээ.
Өнгөрсөн жил Anglo American 49 тэрбум ам.доллароор худалдан авах BHP-ийн саналаас татгалзсаны дараа зэс, төмрийн хүдрийн үйлдвэрлэлд анхаарч бүтцийн өөрчлөлт хийж байна. Anglo American-ы Гүйцэтгэх захирал Дункан Ванблад “Зэс бол манай компанийн тэргүүн амбиц. Бид 2030-аад оноос жилд 1 сая тонн зэс олборлох маш тодорхой зорилготой. Энэ нь манай одоогийн үйлдвэрлэлийг 30 хувиар нэмэгдүүлнэ" гэж мэдэгджээ.
Codelco-ийн тэргүүн Максимо Пачеко “Codelco болон Anglo American олон арван жилийн турш найрсаг “хөрш” байсаар ирсэн. Хагас зуун жилийн хугацаанд хоёр компани хамтын ажиллагааны 10 гаруй гэрээ амжилттай байгуулж, бидний харилцаа улам бүр хөгжсөөр байна” хэмээжээ.
Дэлхий даяар түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээ тасалдан, улс орнуудад инфляц болон зөвшөөрлийн чанд хатуу шаардлагууд уул уурхайн төслүүдийг улам төвөгтэй, өртөг өндөртэй болгож буй. Тиймээс зардлаа бууруулж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн тулд уул уурхайн компаниуд түншлэл байгуулахыг илүүд үзэж байна.
Codelco-ийн тухайд хувийн компаниудтай хамтран ажиллаж байсан туршлагатай. Тухайлбал Freeport-McMoRan хамтарсан Эл Абраг уурхайн 49 хувийг, Rio Tinto-той хамтарсан Агуа де ла Фалда зэсийн төсөлд 42.3 хувийг тус тус эзэмшдэг. Өнгөрсөн жил Teck's-ийн Кебрада Бланка зэсийн уурхайн 10 хувийг худалдан авсан. Энэ нь Codelco-ийн жилийн зэс үйлдвэрлэлийг 25-30 мянган тонноор нэмэгдүүлэх төлөвтэй. Чилийн төрийн корпорацын зэсийн үйлдвэрлэл буурч, өр нэмэгдэж буй тул шинэ түншлэлийг эрэлхийлж байна.
Codelco, Anglo American компаниуд гэрээ байгуулсны дараа Anglo American-ы хувьцааны ханш 5 хувиар өсжээ. Улмаар компанийн зах зээлийн үнэлгээ 42 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн байна.