MMC алтны салбарт анхны хөрөнгө оруулалт хийлээ

Э.ОД

Эрдэнэ Ресурс Девелопмент корпораци “Баян хөндий” төсөлдөө Монголиан Майнинг Корпорацтай (ММС) Стратегийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын гэрээ (2023.01.11) байгууллаа. Энэ хүрээнд ММС нь гурван үе шаттайгаар Эрдэнэ Ресурс Девелопмент-ийн Монгол дахь охин компани “Эрдэнэ Монгол”-д 40 сая ам.долларын хөрөнгө оруулна. Энэ нэгдүгээр сард багтах эхний шатны 5 сая ам.доллароор “Баян хөндий” төслийг ТЭЗҮ-ийг шинэчилж, “Алтан нар” болон “Зүүн өмнөд Улаан” талбайд хайгуулын ажил явуулна. Хоёр дахь шатны 5 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар “Баян хөндий” төслийн талбайд бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хийхээр төлөвлөжээ. Үүний дараагаар “Баян хөндий” төслийн бүтээн байгуулалтыг оны хоёрдугаар хагасаас буюу III улиралд багтаан эхлэх эсэх шийдвэр тодорхой болно. Энэхүү шийдвэр гарсны дараа үлдсэн 30 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирснээр “Баян хөндий” төслийн уурхайг барьж эхэлнэ.

Хөрөнгө оруулалтын 3 үе шат дууссах хүртэл Эрдэнэ Монгол компанийн Удирдах зөвлөлийн 4 гишүүн болох Гүйцэтгэх захирал болон Хайгуулын ерөнхий захирлыг Эрдэнэ Ресурс Девелопментоос, харин Үйл ажиллагаа болон Санхүү хариуцсан захирлыг MMC-ээс тус тус томилох аж. 

Гурван үе шаттай 40 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж дуусмагц “Эрдэнэ Монгол” компани нэмэлт хувьцаа гаргах байдлаар нийт хувьцааныхаа 50 хувийг MMC-д эзэмшүүлэх юм байна. 

Өнөөдөр үзэглээд буй стратегийн түншлэлийн хүрээнд “Баян хөндий” төслийн эхний 400 мянган унц буюу 12 орчим тонн алтны олборлолтод 50:50 хувьтай талууд ажиллаад, дээрх хэмжээ дууссаны дараагаас олборлох бүтээгдэхүүний 5 хувийг Эрдэнэ Ресурс Девелопмент корпораци авах бөгөөд үлдсэн хувийн ашиг дээр 50:50 хувиар талууд тооцох аж. Өөрөөр хэлбэл “Баян хөндий” төслийн бүтээгдэхүүний 5 хувь+ашгийн 50 хувийг Эрдэнэ Ресурс Девелопмент авна гэхээр тус корпорацийн эдийн засгийн өгөөж илүү их болно гэдгийг Эрдэнэ Ресурс Девелопмент корпорацийн Бизнес хөгжил хариуцсан Дэд Ерөнхийлөгч А.Билгүүн тайлбарлалаа.

Эрдэнэ Ресурс Девелопмент корпорацийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Питер Акерли “Бид Монголын уул уурхайн хувийн хэвшлийн тэргүүлэгч компани болох MMC-тэй Стратегийн түншлэл байгуулсандаа туйлын таатай байна. Бидний хайгуулын туршлага, олборлолтын туршлага, хэрэгжүүлэх чадавхыг хослуулснаар алтны “Баян хөндий” төсөл амжилттай, талуудад ашигтайгаар хэрэгжих болно” хэмээн мэдэгджээ. ММС-ийн Ерөнхий захирал бөгөөд Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Бид Эрдэнэ Монгол компанитай хайгуулын чиглэлээр хамтран ажиллаж, Монгол дахь төслүүдийн цаашдын хөгжлийг санхүүжүүлж байгаадаа баяртай байна. Энэхүү хамтын ажиллагаа Монголын эрдэс баялгийн салбарт шинэ боломжуудыг нээхэд чухал ач холбогдолтой бөгөөд энэ нь тус салбарын эдийн засагт оруулах хувь нэмрийг улам нэмэгдүүлнэ” гэжээ.
Монголын болон Торонтогийн хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй Эрдэнэ Ресурс Девелопмент корпорацийн охин компани “Эрдэнэ Монгол” нь Баянхонгор аймагт өндөр агуулга бүхий алтны дүүргийн хөгжүүлэлт төвлөрч байгаа юм. Энэхүү дүүрэгт багтах “Баян хөндий” төслийг ашиглалтад бэлтгэж байгаа бол “Алтан нар”, “Зүүн өмнөд Улаан”, “Хар морь” зэрэг шинээр нээсэн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Үүнээс гадна тус компанийн 100 хувь эзэмшилтэй зэс-молибденийн “Зуун мод”, “Хөвийн хар” орд бий. Алтны дүүргийн анхдагч “Баян хөндий” төсөл нь дэлхийд хамгийн өндөр алтны агуулгатай (3 гр/тонн)ордын нэгд тооцогдож байна. Эрдэнэ Ресурс Девелопмент нь Монгол Улсад хайгуулаас ашиглалтын шат хүртэл 20 дахь жилдээ ажиллаж буй.

Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй ММС-ийн зээлийн үнэлгээ ойролцоогоор 300 сая ам.доллар байна. Охин компани Энержи Ресурс нь Өмнөговь аймагт “Ухаа худаг” болон “Баруун наран” уурхайг эзэмшдэг бөгөөд коксжих нүүрсний олборлолт, баяжуулалт, экспортын үйл ажиллагаа явуулж байна. “Манай толгой компани Mongolian Mining Corporation бөгөөд охин компани Энержи Ресурс нүүрсээр дагнаж, алт болон зэсийн чиглэлээр өөр компани охин байж ч болох юм. Ямартай ч цаашдаа алт, зэсийн салбарт хөрөнгө оруулах чиглэлд судлах шаардлага манай компанид бий” хэмээн “Энержи Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл Mining Insight сэтгүүлд (2022.08) өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. “Баян хөндий” төсөл нь ММС-ийн алтны салбар дахь анхны хөрөнгө оруулалт болж байна.