2022 онд Хятадад цар тахал дахин дэгдэж, хөгжсөн орнууд өндөр инфляцийн дарамтад автан, Орос Украйны дайн эрчим хүчний хямралыг улам өдөөснөөр дэлхийн ттүүхий эдийн зах зээл дээр тогтворгүй байдал үүсэн. Оны туршид алтны ханш хүчтэй савлаж, гуравдугаар сард хамгийн өндөр үнэд хүрсэн зэсийн ханш 20 хувийн бууралтаар оныг үдсэн. Эрчим хүчний болон коксжих нүүрсний үнэ аль аль нь түүхэн дээд үзүүлэлтэд хүрч бараг эн тэнцсэн бол литийн үнэ гурвантаа дээд амжилтаа эвдлээ.
Mining.com-ийн чансаагаар 2022 оны эцэст дэлхийн уул уурхайн тэргүүлэх 50 компани нийтдээ 1.39 их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээтэй байна. Орос Украйны хооронд дайн өрнөсөн эхний улиралд ТОП-50-ийн нийт үнэлгээ 335 тэрбум ам.доллароор өсөж 1.75 их наяд ам.долларт хүрсэн юм. Энэ жилийн хувьд нүүрсний үнийн өсөлт ихэнх компаниудыг эхний 10-т орж ирэхэд гол түлхэц болжээ.
Лондоны хөрөнгийн бирж дээр IPO гаргасан 2011 оноос хойш дахин өндөр үнэлгээнд хүрсэн Glencore энэ онд ТОП 10-т орж ирэхдээ зургаадугаарт эрэмбэлэгдэв. Швейцарын компани нүүрсний бизнесээ орхиогүй нь эрчим хүчний хямралаар ханшийн өсөлт ашиг тусаа өгчээ. Канадын Teck Resources-ийн хувьд мөн л металлургийн нүүрсний үйл ажиллагааны ашгаараа байр ахин Хятадын “хүнд жингийн” Shaanxi Coal болон Yanzhou Coal-тай эгнээд байна. Эрчим хүчний нүүрсний үйлдвэрлэлээрээ дэлхийд нэгдүгээрт ордог Coal India 38 хувийн өсөлтөөр огцом дөрөвдүгээр байрт гарч иржээ.
2022 оны туршид лити үнэ 150 хувиар өсөж дээд амжилт тогтоосноор ТОП 50-д багтсан литийн таван компанийн нийт үнэлгээ 100 тэрбум ам.долларт хүрсэн ч Pilbara Minerals шилдгүүдийн жагсаалтаас хасагдсан байна. Батарейны түүхий эдийн үйлдвэрлэлээр тэргүүлэх үйлдвэрлэгчийн нэг SQM компанийн үнэлгээ 60 хувиар нэмэгдэж байр ахин ТОП 50-ийн хоёрдугаарт жагссан. Тус компанийн урд Саудын Арабын Ma’aden гарч иржээ. Ma’aden-ийн тухайд эдийн засгаа төрөлжүүлж уул уурхай, тэр дундаа критикал минерал болон металлын салбарыг хөгжүүлэхээр зорьж буй Саудын Арабын хурдацтай өсөж яваа компани юм. Хятадын “0 ковид” бодлого болон хөл хорио, тус улсын эдийн засгийн өсөлт саарсантай холбоотой Хонгконг, Шанхай, Шэнжэний хөрөнгийн биржүүдэд үүсэн тогтворгүй байдал нь 2022 онд Ganfeng, Tianqi компаниудын үнэлгээг доош чангааж, литийн зах зээлийн хүчтэй идэвхжил нөлөө үзүүлж чадсангүй. Хэдийгээр Хятадын нүүрсний 2 компани ТОП 10-т багтсан ч металлын Zijin Mining, China Moly, Jiangxi Copper, China Northern Rare Earth болон Huayou Cobalt зэрэг компаниудын үзүүлэлт тааруухан байна.
Хятадын нийт компаниуд чансаагаар буурч 47 тэрбум ам.долларын үнэлгээ алджээ. ТОП 50-д багтсан Хятадын 10 компани 184 тэрбум ам.доллароор үнэлэгдэж сүүлийн жилүүдэд анх удаа АНУ, Канадын компаниудын араас эрэмбэлэгдсэн байна.
Оросын хувьцааны арилжаа барууны зах зээл дээр зогссон хэдий ч тус улсын уул уурхайн компаниуд Москвагийн хөрөнгийн бирж дээр хөрөнгө татах оролдлогууд хийж байгаа юм. Үүний ачаар “Норникель” компани 30 тэрбум ам.долларын үнэлгээгээ хадгалсан ч 2022 оны ТОП 10-аас хасагдлаа. Алмазын аварга "Aлроса" компани өнгөрсөн оны сүүлийн улиралд 16 байр ухарснаар ТОП 50-иас хасагдсан бол алт үйлдвэрлэгч “Полиметал”-ын хувьцааны ханш 77 хувиар буурсан таагүй жилийн дараа мөн л ТОП 50-д эргэн орох магадлал бага болов. Тэгвэл жилийн туршид зах зээлийн үнэлгээгээ 8 тэрбум ам.доллароор алдаж 14.8 тэрбум долларт хүрсэн “Полюс”-ын хувьд 29 дүгээрт жагссан байна. Жилд 3 сая унц олборлолтод дөхөж буй, дэлхийд хамгийн их алтны нөөцтэй тус компани 2020 онд ТОП 10-ын босгонд ирж байсан.