Саудын Арабын Ma’aden компани Ivanhoe Electric-ийн 9.9 хувийг эзэмшинэ

Г.БААТАР

Саудын Арабд олон улсын уул уурхайн хөрөнгө оруулагчдын “Ирээдүйн эрдэс баялаг” форум үргэлжилж (2023.01.10-12)байна. Тус арга хэмжээний үеэр Роберт Фрийдландын Ivanhoe Electric болон Саудын Арабын Ma’aden компаниуд металлын хайгуулын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ.

Энэхүү зорилтоор талууд 50-50 хувийн эзэмшилтэй хамтарсан компанийг 5 жилийн хугацаатай байгуулах хэлэлцээрийг үзэглэсэн байна.

Хэлэлцээрийн хүрээнд Ma’aden компани 126.4 сая ам.долларын хөрөнгө Ivanhoe Electric-т оруулж 9.9 хувийг нь эзэмшихээр болжээ. Түүнчлэн Саудын Араб дахь 48 500 шоо км талбайд хайгуулын ажил явуулах боломжийг Ivanhoe Electric-т олгох аж. Ivanhoe Electric-ийн зүгээс 66 сая ам.долларын хөрөнгийг хамтарсан шинэ компанид оруулах юм. Түншүүд зэс, никель, лити зэрэг батарейны гол түүхий эдийн металлуудаас гадна алт, мөнгө, төмрийн хүдэр хайхаар төлөвлөж байна.

Энэ оны нэгдүгээр сарын байдлаар Forbes-оос Роберт Фрийдландын хөрөнгийг 2.9 тэрбум ам.доллароор үнэлжээ.

“Ирээдүйн эрдэс баялаг” форумаар Ma’aden нь Канадын Barrick Gold компанитай хайгуулын 2 талбайд хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.