Уул уурхайн бирж: “Энержи Ресурс” экспортын коксжих нүүрсийг анх удаа цахимаар арилжааллаа

Э.ОД

Монголын хөрөнгийн биржээр анх удаа (2023.01.12)нүүрсний экспортын цахим арилжаа туршилтаар явагджээ. Энэхүү арилжаагаар “Энержи Ресурс” компани 12800 тонн коксжих нүүрсийг 1290 юань буюу 187 ам.доллар/тонн үнээр Гашуунсухайт боомтын терминалаас нийлүүлэх нөхцөлтэйгөөр борлуулсан байна. Энэ талаар “Энержи Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл өөрийн twitter хаягаар мэдээлжээ.
Монгол Улсын Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль (2022.12.23) батлагдсан билээ. Хууль албан ёсоор мөрдөгдөж (2023.07.01)эхлэх хүртэлх хагас жилийн хугацаанд Уул уурхайн биржийн үйл ажиллагааны бэлтгэлийг хангах үүднээс Монголын хөрөнгийн биржээр дамжуулан туршилтаар эхний ээлжид нүүрсний арилжааг төрийн “Эрдэнэс Тавантолгой” компани эхлүүлэхээр болсон. Түр журмаар зохицуулан туршилтаар нүүрсний экспортын цахим арилжааг явуулна.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар тогтоолоор батлагдсан "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ын хүрээнд нүүрсний арилжаанд оролцогч талууд болох нүүрс худалдах болон худалдан авах сонирхол бүхий этгээдүүдийг оролцуулсан туршилтын дуудлага арилжаагаар өнөөдөр худалдах талаас 2 багц буюу нийт 12 800 тонн нүүрсийг худалдах санал ирүүлсэн бөгөөд 1 удаагийн хэлцлээр 2 багц нүүрсийг амжилттай арилжлаа. Дуудлага арилжаагаар дуудах үнэ 12.2 хувиар өссөнийг Монголын хөрөнгийн бирж мэдээлжээ. 

Бирж дээр оролцогч компаниуд чингэлэгт тээврийн нүүрсээ хил нөхцөлтэй үнээр (Гашуунсухайт боомтын терминал) арилжаалах боломж бүрдэж байгаа юм. Уул уурхайн биржээр эхний ээлжид төрийн өмчит компаниудын экспортын бүтээгдэхүүнийг арилжаалах бөгөөд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд оролцох нь нээлттэй. Хувийн хэвшлээс "Энержи Ресурс" компани сайн дураар нүүрсээ уул уурхайн биржээр арилжаалах саналаа өгсөн.

Энэ дагуу тус компани өнөөдөр анх удаа эксортын коксжих нүүрсээ Монголын хөрөнгийн биржийн цахим арилжаагаар амжилттай борлуулжээ.