Геологи, уул уурхайн компаниуд орон нутгийн харилцааны асуудлаар хэлэлцүүлэг хийлээ

Г.БААТАР

Австрали Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр (АМЕП 2), Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас хамтран “Геологи, уул уурхайн салбар дахь орон нутгийн харилцаа, хамтын ажиллагаа” сэдэвт дугуй ширээний уулзалтыг 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Дугуй ширээний уулзалтад Дорноговь аймгийн Алтанширээ, Булган аймгийн Бүрэгхангай, Дундговь аймгийн Хулд тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуул, ашиглалтын компаниуд оролцов. Компаниуд орон нутгийн хамтын ажиллагааг сайжруулах, мэдээлэл түгээх ажлуудын үр нөлөө, тогтвортой байдал болон сайжруулах арга замуудын талаар санал солилцлоо. Мөн “Оюутолгой”, “Энержи Ресурс” компаниуд Дугуй ширээний уулзалтад оролцон, орон нутагтай хамтран ажилладаг туршлагаасаа хуваалцлаа.
АМЕП 2 хөтөлбөр нь УУХҮЯ-тай хамтран орон нутгийн харилцаанд чиглэсэн туршилтын төслийг Дорноговь аймгийн Алтанширээ, Булган аймгийн Бүрэгхангай, Дундговь аймгийн Хулд гэсэн 3 сумыг сонгон хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Энэхүү төслийн хүрээнд уг дугуй ширээний уулзалтыг зохион байгууллаа.
АМЕП 2 хөтөлбөр, УУХҮЯ нь сүүлийн жилүүдэд геологи, уул уурхайн салбарын тулгамдсан асуудлын нэг болж буй орон нутгийн харилцаа, хамтын ажиллагаанд чиглэсэн “Эрдэс баялгийн салбарын үнэ цэн, өгөөжийг нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд дээрх сумдад туршилтын төсөл хэрэгжиж байгаа бөгөөд сумдыг хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо, орон нутаг дахь зөрчил, гомдлын тоо, орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах, мэдээлэл түгээх чиглэлээр хийгдэж буй ажил зэргийг харгалзан сонгосон юм.
Төсөл 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 6 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл ТББ төсөл хэрэгжүүлэгч байгууллагаар сонгогдон ажиллаж байна. Төсөл хэрэгжүүлэгчид сумдын иргэд, төрийн захиргааны байгууллага, компаниудтай хамтран ажиллаж, орон нутгийн харилцааны чиглэлээр шинэлэг ажлуудыг төлөвлөн туршиж ажиллах юм.