Оросын Элга ордоос Охотын тэнгис хүртэлх төмөр замын 85 км-ийг барьжээ

Э.ОД

Оросын Элга ордоос Охотын тэнгис хүртэл байгуулж байгаа шинэ төмөр замын эхний 85 км-ийг барьжээ. Энэ нь Элга ордын ойролцоох Улак өртөөг Охотын тэнгисийн эрэг буюу Чумикана тосгонтой холбох 500 орчим км төмөр замын төсөл юм. Уг төмөр замыг 2026 онд бүрэн ашиглалтад оруулах төлөвтэйг ОХУ-ын Якутын засаг захиргаанаас мэдээлжээ. Өмнө нь Хабаровск хязгаар мужийн амбан захирагч М.В. Дегтярев төмөр замыг 2025 он гэхэд ашиглалтад оруулна гэж мэдэгдсэн.

Элга-Чумикан чиглэлийн төмөр зам нь 2.2 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй Элга ордын экспортын гол дэд бүтэц болох юм. Элга орд бол Монголын сайн чанарын коксжих нүүрсний Тавантолгойн ордтой өрсөлдөхүйц гэж үздэг.
“Элгауголь” компанийн тооцооллоор Элга-Чумикан чиглэлийн төмөр замыг байгуулах төслийг нийт өртөг 97.1 тэрбум рубль бөгөөд 37.3 тэрбум рублийг төмөр замд, 28.4 тэрбум рублийг хөдлөх бүрэлдэхүүнд, 15.8 тэрбум рублийг боомт байгуулахад зарцуулахаар урьдчилсан төлөвлөгөөтэй. Төмөр замын бүтэн байгуулалтад 550 аж ахуйн нэгжийн 4000 гаруй ажилтан оролцож байгааг мэдээнд дурджээ. “Элгауголь” нь “А-Проперти” компанийн бүтэц бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд Элга ордын төслийг хэрэгжүүлж байна.
ОХУ-ын Якут дахь Элга ордын 95 хувийг “А-Проперти” компани, 5 хувийг төрийн “Ростех” корпораци тус тус эзэмшдэг. “А-Проперти”-ийн хувьд 2024 онд Элгагийн ордоос 30 сая тонн, цаашлаад 50 сая тонн коксжих нүүрс Хятад, Ази-Номхон далайн зах зээлд нийлүүлэхээр зорьж байгаа тул далайн боомт хүртэл эд бүтцийг хувийн компани өөрсдийн хөрөнгө оруулалтаар байгуулж байна.

Энэхүү дэд бүтцийн төслийг “Номхон далайн төмөр зам” хэмээн нэрийдэж байна. Оросын хувийн хэвшлийн эзэмшилтэй анхны төмөр зам болох юм.