Оросууд ураны төслүүдийн хувь эзэмшлээ Хятадын компаниудад худалдаж байна

"Казатомпром" компани мэдэгдсэнээр, хамтран хэрэгжүүлдэг ураны зарим ордын төслүүдэд эзэмшиж буй хувиа "Росатом" корпорац Хятадын компаниудад худалдаж байна. Хятад бол Казахстаны ураны хамгийн том худалдан авагч улс.

Лондон, Казахстаны хөрөнгийн биржид бүртгэлтэй “Казатомпром” нь дэлхийн ураны хамгийн их нөөцтэй бөгөөд хамгийн том компани юм. Тус компани өнгөрсөн онд дэлхийн ураны үйлдвэрлэлийн 20 хувийг дангаар бүрдүүлсэн, гэхдээ уран боловсруулах хүчин чадалгүй. "Казатомпром" бүтээгдэхүүнийхээ 29 хувийг Европт борлуулдаг. 

Ураны олборлолтоороо дэлхийд зургаад ордог Орос нь дэлхийн уран баяжуулах хүчин чадлын 44 хувийг хянадаг. Тус улсын төрийн "Росатом" нь Казахстанд хамтарсан ураны төслүүдээ оруулаад 2023 онд олборлолтын хэмжээгээрээ дэлхийд гуравдугаарт жагсжээ. 

"Росатом" нь "Казатомпром"-ын 14 ордын зургаад хувь эзэмшиж буйгаас барууны зах зээл дээр Казахстаны компанийн худалдааг хүндэрчээ. "Казатомпром"-ын Гүйцэтгэх захирал Мейржан Юсупов FT-д өгсөн ярилцлагадаа Украины мөргөлдөөний улмаас Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ нь барууны худалдан авагчдад уран борлуулахад хүндрэл учруулсныг дурдсан байна. "Росатом"-д шууд хориг тавиагүй ч зарим охин компани хоригт орсон.  

Барууны орнуудын хориг арга хэмжээтэй холбоотойгоор үүссэн эрсдэлийн улмаас "Росатом"-ын салбар Uranium One групп “Казатомпром”-той хамтарсан эзэмшилтэй Заречное уурхайн 49.979 хувиа SNURDC Astana Mining компанид худалджээ. SNURDC Astana Mining компанийн эцсийн өмчлөгч нь Хятадын уран олборлогч төрийн өмчит корпорац юм. Энэ жилийн мэдээллээр Заречное уурхайн ураны нөөц 3500 тонн аж.  

Түүнчлэн Uranium One нь хамтарсан “Khorasan-U” компанийн 30 хувиа “China Uranium Development” компанид шилжүүлэх төлөвтэйг "Казатомпром" мэдэгджээ. “Khorasan-U” компани Харасан-1 уурхайд олборлолт явуулдаг. Энэ жилийн мэдээллээр уг орд ойролцоогоор 33 мянган тонн ураны нөөцтэй бөгөөд олборлолт 2038 он хүртэл үргэлжилнэ. “Uranium One” компани өнгөрсөн онд Казахстаны нутаг дэвсгэрт нийт 4831 тонн уран олборложээ.