Л.Оюун-Эрдэнэ: Хөрөнгө оруулагч тал гүний уурхайг эхний улиралд ашиглалтад оруулж амлалтдаа хүрч чадлаа

Оюутолгой төслийн гүний уурхайн тогтвортой олборлолт эхэлж буйг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгийг бүрэн эхээр хүргэж байна. 

Эрхэм хүндэт Монголчууд аа,
Эрхэм хүндэт хөрөнгө оруулагчид аа,

Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын их үйлсэд гар бие оролцож, Өмнийн говийн оргүй хоосон талаас өнөөдрийн бүтээн байгуулалтыг биечлэн бүтээлцсэн эрхэм уурхайчид, инженер техникийн ажилтнууд Та бүхэндээ гүний уурхайн олборлолт эхэлж буй энэхүү түүхэн өдрийн мэндийг хүргэж баяр хүргэе!

Одоогоос нэг жилийн өмнө 2022 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Оюутолгойн хэлэлцээрийн хүрээнд Монголын талын 34 хувьд ногдох 2,3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өр хаагдсанаар олон жилийн хугацаанд талцан гацсан Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил гацаанаас гарч, ажил эхэлж, эхний тэсэлгээг хийж байсныг Та бүхэн санаж байгаа.

Өнөөдөр хөрөнгө оруулагч тал гүний уурхайн бүтээн байгуулалтыг 2023 оны эхний улиралд багтаан ашиглалтад оруулж чадна гэсэн амлалтдаа хүрч чадлаа. Энэ бол цаашдын хамтын ажиллагаанд, бас бидний хамтын итгэлцэлд, мөн хоёр талын хариуцлагатай байдлын цаашдын суурь зарчим болж чадна гэдэгт бат итгэлтэй байна.

Эрхэм хатагтай ноёд оо,

Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Оюутолгой төслийн гүний уурхайн 1265 м гүнд орших XVIII цооногоос эхний  бүтээгдэхүүнээ гаргаж дэлхий дахинд ийнхүү зарлаж байна.
Гэрэл зураг:MPA

Энэхүү гүний уурхайн зэсийн баяжмал нь өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа цахилгаан автомашины үйлдвэрлэл, дэвшилтэд технологийн шинэ эрин үе, мөн олон улсын ногоон чиг хандлагын үед эх дэлхийн амьдралын цаг хугацааг уртасгах хүн төрөлхтний үйлсэд оруулж байгаа Монгол Улсын бодит хувь нэмэр гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Оюутолгой төсөл бол Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш хийгдэж буй гадаадын хамгийн том хөрөнгө оруулалт төдийгүй Монгол Улс гуравдагч хөрш оронтой бие даан хэрэгжүүлж буй, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэхэд туйлын чухал үүрэг гүйцэтгэх түүхэн төсөл юм.

2022 онд Оюутолгой компани 1.4 тэрбум ам.долларын борлуулалт, 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь цар тахлаас үүдэлтэй эдийн засаг -4.7 хувь хүртэл агшсан байсан эдийн засгийн хүндрэлийг даван туулах ад маш чухал үүрэг гүйцэтгэснийг цохон тэмдэглэх нь зүйтэй.

Монголчууд бид нэгдмэл байж, хөгжлийн бодлогыг нэг цонхоор харж чадвал юуг ч урагшлуулан хөгжүүлж, бүтээн байгуулж чаддагийн томоохон илэрхийлэл бол Оюутолгойн төсөл юм.

Оюутолгой төслийн өнөөг хүрсэн зам дардан байгаагүй нь үнэн. Энэхүү төслийн олон жил үргэлжилсэн ээдрээт хэлэлцээр, баялагтаа эзэн байх ард түмний хүсэл эрмэлзэл, нийт Монголчуудын эрх ашгийг хамгаалж, УИХ-ын 92 болон 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газарт улс төрийн дэмжлэг үзүүлж хамтран ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар болон Монгол Улсын Их Хурал, УИХ-ын түр хороо, Ажлын хэсэг болон гишүүддээ Оюутолгой төсөлд эхнээс нь оролцсон алдаа оноотой ч урагшлуулан хөгжүүлэхийн төлөө гал атгасан төр нийгмийн зүтгэлтнүүд, энэхүү гэрээг засаж сайжруулахын төлөө шаргүй тэмцсэн эх орончид, олон нийт, эрхэм хөрөнгө оруулагчид Та бүхэндээ Засгийн газрыг төлөөлж гүн талархал илэрхийлье.
Энэ бол Монголчууд та бидний 10 гаруй жилийн хамтын бүтээл.

Оюутолгойн гүний уурхай нь “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд нэн чухал төслүүдийн нэг юм. Оюутолгойн гүний уурхай нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Боомтын сэргэлт” болон “Аж үйлдвэржилтийн сэргэлт”-ийн төслүүдтэй цогцоор уялдаж, уул уурхай дагасан далд эдийн засгийг ил болгох тэмцэлд Засгийн газар иргэдийнхээ дэмжлэгтэйгээр ялалт байгуулж чадвал жил бүр 500 мянга тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, нэг хүнд ногдох ДНБ 10000 ам.долларт хүргэх Монголчууд та бидний олон жилийн мөрөөдлийг бодитой ажил болгох цаг хугацааг наашлуулж чадна гэдэгт миний бие итгэл төгс байна.

Оюутолгой төслийн хэлэлцээрт Монгол Улсын эрх ашгийг хангах зарчмыг хүндэтгэн ойлгож, хүлээн зөвшөөрч, урт хугацааны түншлэл, харилцан итгэлцлийг эрхэмлэсэн Рио Тинто группын Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм болон таны удирдлагын багт нийт Монголчуудынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.
Гэрэл зураг:MPA

Оюутолгойн хэлэлцээр Монгол Улс хөрөнгө оруулагчтайгаа нээлттэй, ил тод, харилцан ашигтай хамтран ажиллаж чаддаг, тогтвортой итгэлтэй түнш гэдгийн бодит илэрхийлэл болж байна.

Оюутолгой төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, өнөөдөр хөрөнгө оруулагч талтай зэс баяжуулах, зэсийн эцсийн бүтээгдэхүүн Монгол Улсад үйлдвэрлэх Санамж бичигт гарын үсэг зурах болно. Энэ бол бүтэгдэхүүнээ түүхийгээр экспортлох бус нэмүү өртөг шингээж, “Аж үйлдвэржилтийн сэргэлт”-ийг бодитой хэрэгжүүлэх түүхэн эхлэл цэг болж чадна гэдэгт итгэлтэй байна.

Цаашид Монгол Улс хөрөнгө оруулагчтайгаа “Монголын за бол андгай буй заа” гэсэн эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн язгуур үнэт зүйлдээ тулгуурлан эдийн засгийн олон томоохон төсөлд харилцан ашигтай, урт хугацаанд тогтвортой түншилж ажиллаж чадна гэдгээ Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж нийт хөрөнгө оруулагчдынхаа өмнө дахин хариуцлагатайгаар илэрхийлье.

Монгол Улс зэс, газрын ховор элемент зэрэг уул уурхайн салбар, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, эрчим хүч, тээвэр логистик зэрэг уул уурхайн бус эдийн засгийн төслүүдэд идэвхтэй түншлэн ажиллахын тулд 2023-2025 оныг “Монголд зочлох” жил болгон зарлаж хөрөнгө оруулалтыг бүх түвшинд дэмжин ажиллаж эхнээсээ бодит үр дүнгүүд гарч, томоохон төслүүд эрчимжиж эхэлж байна. Монголчууд бид амны бэлгээс ашдын бэлгэ гэж ярьдаг.

Туурвин бүтээхийн бэлгэдэл туулай жил Оюутолгой төслийн гүний уурхайн эхний бүтээгдэхүүн олборлох нээлтээр эхэлж, 2023 оны нэгдүгээр улиралд эдийн засгийн өсөлт 10.6 хувийн өсөлттэй гарч байгаад бэлгэшээн байна. Үзэсгэлэн болгогч хэмээх туулай жилдээ Монгол Улс дэлхий дахинд илүү үзэсгэлэнтэй болгож, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг эх орондоо татахын төлөө иргэн бүхэн, аж ахуйн нэгж бүхэн хичээн ажиллацгаая.

Эрхэм хөрөнгө оруулагч Та бүхэндээ “Welcome Mongolia” уриан дор зохион байгуулах Монголын эдийн засгийн чуулган уулзалтаар Монгол Улсад дахин уулзах өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс хүчирхэгжин бэхжиж, мандан бадрах болтугай!