Ерөнхий эрхлэгч Н.АРИУНТУЯА
2021 онд уул уурхайн түүхий эдийн хэрэгцээ нэмэгдэж, үнэ өссөн таатай боломжийг манай улс цар тахал, хил гаалийн асуудлын улмаас бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй билээ. Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн нөлөөгөөр энэ оны хувьд ч гэсэн түүхий эдийн үнийн өсөлтийн түвшин харьцангуй тогтвортой хадгалагдах таамаглалтай байна. Хэдий дайн дэлхийг тэр чигт нь таамаглах аргагүй байдалд оруулж, эрдсийн салбарт ч үр дагавар нь тусаж байгаа боловч түүхий эдийн зах зээл харьцангуй таатай, хөрөнгө оруулагчид уул уурхайн салбарыг онилон байна.
Манай улсын хувьд хөрөнгө оруулалт татах боломжтой, гадаадаас валют оруулж ирж чадах салбар нь яах аргагүй уул уурхай. Дээрээс нь эдийн засаг амаргүй байгаа энэ үе цагт Засагт уул уурхайгаас өөр найдвар тавьчих, авралаа болгочих салбар алга байна. Тиймээс хайгуулыг эрчимжүүлж, нөөц тогтоогдсон төсөл хөтөлбөрүүддээ гадаадын хөрөнгө оруулалт эрчимтэй татахыг Монгол Улсын Засгийн газар чармайж байгаа. Тэр дундаа хайгуулын салбарт ихээхэн найдвар тавьж байна. Хайгуулыг эрчимжүүлэхийн тулд юуны түрүүнд байгаа хууль эрх зүйн орчны хүрээндээ тусгай зөвшөөрөл олголтыг цахимжуулахаар холбогдох журмыг шинэчлэн боловсруулаад байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын өөрчлөлтөөр хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтэй байгууллага, хувь хүмүүс тендерийн материалаа цахимаар бүрдүүлэх боломжтой болох юм. Зөвшөөрөл хүсэх үйл явцыг цахимжуулснаар үе шатыг нь хөрөнгө оруулагч хянана. Нөгөө талдаа ямар хувь хүн, байгууллага хаана, хэр хэмжээний газарт хайгуул хийх зөвшөөрөлтэй болсныг олон нийт мэдэх боломжийг нээхийг зорьж байгаа. Гэхдээ батлагдсан журам хараахан нийтэд ил болоогүй тул ойлгомжгүй зүйл цөөнгүй байна. Тодорхой нэг зүйл гэвэл хамгийн их үнийн саналд лиценз олгох зарчим шинэ журмаар үйлчилнэ.
Мөн Ашигт малтмалын хууль, Хөрөнгө оруулалтын хуулийг шинэчлэн, салбарт тулгамдаад байгаа нэн чухал, шийдлээ хүлээж байгаа асуудлуудыг шийдвэрлэхийг эрмэлзэж байгаа. Гэхдээ журам гаргаж, хуулиа шинэчиллээ гээд хайгуул эрчимжээд, гадаадын хөрөнгө оруулалт урсаад ороод ирэхгүй билээ. Ялангуяа уул уурхайн салбар байгаль орчны хувьд орон нутгийн иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсаар байгаа өнөөгийн нөхцөлд. Эдийн засаг хүнд байна гээд орон нутгийг буланд шахаад, уул уурхайг хүчээр хийж, хайгуулыг явуулж болох л байх. Тэглээ гээд энэ нь урт хугацааны шийдэл болохгүй. Уул уурхайгаа хөгжүүлж, хөгжлийн дараагийн шатанд гарах нийгмийн хүсэл зориг нэгдээгүй үед салбарын тогтвортой хөгжлийн асуудал яригдаж чадахгүй. Энэ талаар, ерөөс уул уурхайн салбарын нийгмийн зөвшөөрлийн сэдвийг Mining Insight сэтгүүл дөрөвдүгээр сарын дугаартаа онцолж байна.
Манай улсад “Эрдэнэс Тавантолгой” гэх учиргүй “баян” компани гарч ирж, шинээр хийгдэх бүхий л бүтээн байгуулалтад оролцдог болоод байгаа. Төр санхүүжилт дутсан бүхэндээ гартаа барьдаг мод нь “Эрдэнэс Тавантолгой” болов. Төмөр зам, цахилгаан станц, сүүлдээ бүр Газрын тос боловсруулах үйлдвэрийн дамжуулах хоолойн санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой”-д үүрүүлж байна. Үр дүнд нь ойрын хоёр гурван жилд тэрбум ам.долларыг нүүрсээрээ төлөхөөр барьцаалагдлаа. Энэ аргын сайн мууг бид өнгөрсөн цаг хугацаанд хангалттай сайн мэдэх болсон ч ахиад л ЭТТ “явсан замаараа сурсан дуугаа дуулах” болов. Энэ асуудлаар С.Болд-Эрдэнийн “Эрдэнэс Тавантолгойг Хятадын тэнгэр ивээг” нийтлэлд тусгайлан хөндсөнөөс дэлгэрүүлэн уншина уу. Монгол улсын төмөр замын салбар шинэ сонирхолтой мөчлөгийн эхэнд байна. Хоёр орны хамтарсан Улаанбаатар төмөр замаас өөр туршлага багатай манай улсын хувьд олон жил үргэлжилсэн хэрүүлийн эцэст төрийн болон хувийн хэвшлийн гээд өмчийн олон хэлбэр бүхий компаниуд эзэмшдэг төмөр замын суурь бүтцүүд бий болж эхэлж байна. Гэтэл түүнийг дагаад шинэ төмөр замуудын хувь эзэмшил, тээвэрлэлт хийх эрх, хөдөлгөөний уялдаа, зохицуулалт, хөдлөх бүрэлдэхүүний парк, тээврийн тариф гэсэн тодорхойгүй асуудлууд тоолж баршгүй олон гарч ирлээ. Энэ бүх асуудлыг багтаасан Э.Оджаргалын “Шинэ төмөр замууд дээр үүсэж мэдэх дараагийн том гацаа” нийтлэл Mining Insight сэтгүүлийн шинэ дугаарт хэвлэгдлээ.