Ерөнхий эрхлэгч Н.АРИУНТУЯА
Сүрлэг гацуур, нүд алдам гоёл чимэглэлээр ерийн өдрүүдийг ер бусын уран зөгнөл, онцгой гойд тэмүүлэлтэй болгож хувиргадаг оны сүүлийн өдрүүдээр “Майнинг Инсайт” сэтгүүл 3 нас хүрч байна. 3 жил хэдийгээр богинохон түүх, нимгэхэн туршлага мэт боловч 36 сар, 1095 өдөрт бид 37 сэтгүүлээр дамжуулан 900 гаруй нийтлэлийг Монголын уул уурхайн мэдээллийн санд монгол англи хэлээр бататган хадгалжээ. Тэдгээрээс улирч буй 2024 оны хэм нэлийг тольдохоор он солигдох мөчид сэтгүүлийн 12 дугаараа эргүүлэн сөхөв.
“Уул уурхай, сонгуулийн сурталчил гаанд дахин тоглоно”, “PDAC 2024: Инновац ба уламжлалыг дээдлэх нь”, “Биржээр эхлээд зэсийг, дараа нь бусдыг”, “Алтны үнийн түүхэн дээд цэг”, “Боомтын сэргэлт ямар ахиц авчрав?”, “Үндэсний баялгийн сангийн хууль ба төрийн супер оролцоо”, “МАКийн Б.Нямтайшир: Миний хүсэл бол Монголдоо хэдэн сайхан үйлдвэр байгуулах”, “Монгол Улсын критикал хэмээн санал болгох 11 минерал”, “Лицензийн нээлттэй сонсгол ба АМГТГ болон Засаг дарга нарын зөрчилдөөн”, “Уул уурхайнхан УИХд бүл нэмэв”, “Бороо гоулд, Степ Голдын нэгдэл хэнд нь илүү ашигтай вэ?”, “Төмрийн үйлдвэртэй болох эхлэл буюу Болд төмөр Ерөө голын 30 жил”, “Засгийн газрын мөрийн хөтөлбөр дэх уул уурхайн зорилтууд”, “Стратегийн ордын дараагийн нэр дэвшигчид”, “Баялгийн санг баяжуулах Ц.Туваан сайдын даалгавар”, “Майнинг Протой Уул уурхайн 7 хоног”, “Уул уурхай дахь төрийн өмчийн тэлэлт”, “Эрдэнэс Тавантолгойн хувьцааг амилуулах цаг”, “Чухал түүхий эдийн шинэ харилцаа”, “Чайна Энержи болон Орана Майнингийн Хөрөнгө оруулалтын гэрээ 15 жилийн өмнөх алдааг давтах уу, үгүй юу”, “Трамп 2.0д түүхий эдийн зах зээл бэлэн”, “Эрдэнэс Тавантолгойн оргил мөчлөг”.
Хуудас бүрээс үйл явдлууд сар, өдрөөрөө эргэн тодорно. Хориндөрвөн он Монголын эрдэс баялгийн салбарт ямархан ул мөр үлдээснийг, ямар хувьсал өөрчлөлт авчирсныг эдгээр гарчгаас тоймлож болохоор байна. Үг үсгийн ид шид, бичиж тэмдэглэхүйн гайхамшиг энэ буюу. Сонгуулийн өмнөх улс төрийн амлалтад бялуурсан үе, ихийг амлаж, багыг бүтээдэг улстөрчдийн амлалтууд, түүнийг дагаад эрдэс баялгийн салбарынханд ирж буй нэмэлт дарамт, төрийн оролцооны хязгааргүй их тэлэлт, Монголын хөгжлийг хэдэн арван жилээр ухрааж болзошгүй, эсвэл нийгмээрээ ахиж дэвших боломжийг нээж ч мэдэх улс төрийн шийдвэрүүд, төсвийн алдагдлыг буруушаах соёл, иргэдээ жигд тэтгэхгүй эдийн засгийн бодлого гээд хуудас эргэж, үйл явдлууд өрнөсөөр. Бас эрдсийн салбарынхны гар хумхиагүй их хөдөлмөр, өөрт хэрэгтэй дэд бүтцийг байгуулж, тэгснээрээ улсынхаа эдийн засагт өсөлт дэвшлийн боломжийг бага багаар нээсээр ирсэн хувийн хэвшлийнхний нөр зүтгэл, тэднийг манлайлж, сорилт тэмцлийг давж, амжилтаар хvчирхэгжиж ирсэн бүтээлч хүмүүсийн хөгжлийн төлөөх амь халуун яриа, үзэл бодлууд сэтгүүлийн хуудаснаа нэвт шингэн үлджээ.
Тэгвэл бид оныг жаргааж буй дугаартаа ололт амжилтыг онцолж, “Эрдэнэс Тавантолгойн оргил мөчлөг” ийг тэмдэглэн үлдээж буйдаа таатай байна. Яг л хүмүүний амьдрал шиг ээдрээ нугачааг туулан, унаж сэргэж яваа уул уурхайн энэ компани ер бусын хувь зохиолтой. Байгуулагдсан цагаасаа л зовлон үзсэн, улс төрийн амлалтаар өрийн дарамтад орсон, удирдаж тэргүүлж ирсэн захирлууд нь толгой дараалан шахам хэрэгт холбогдож ирсэн тус компани бүх цаг үеийн түүхэн дээд амжилтаа энэ онд үзүүлж байна. ЭТТ бол монгол хүн бүр нэрийн данстай, хувьцааг нь эзэмшдэг одоогоор цор ганц компани. Тиймээс монгол хүн бүр нэрийг нь андахгүй мэдэх, түүний хэрээр илүү их ил тод байдал, хяналт, засаглал, ололт амжилтыг шаардах эрхтэй аж ахуйн нэгж юм. Төрийн өмчийн гэх харьяалал, оршин буй цаг үе, баялаг нөөц нь онцгой тавиланг оноосон ЭТТ түүхэндээ байгаагүй өндөр борлуулалт хийж, түүхэндээ байгаагүй өндөр ашигтай ажиллаж буй 2024 оныг гэрчлэн үлдээж, онцлох тоо баримтуудыг нь Уншигч таны анхааралд өргөн барьж байна.
Эцэст нь тэмдэглэхэд, биднийг хөдөлгөгч хамгийн том хүч, амжилтын хөшүүрэг бол Уншигч, Захиалагчид та нар билээ. Та уурхайчин, инженер, эдийн засагч, нийгмийн зүтгэлтэн хэн байхаас үл хамааран энэ цаг үед эх орондоо хэрэгтэйг хийж байгаад итгэлтэй байна. Өнөөдрийн Монгол Улсаа илүү сайхан болгохын төлөө хөдөлмөрлөж, зүтгэж байгаа та бүхэнд чин сэтгэлийн талархал дэвшүүлье. Түүнчлэн ул суурьтай, даацтай бичвэрүү дээр уншигчдын оюуны эрэлтэд нэмэр боло хын төлөө хамтдаа хичээдэг нэг редак цийн хамт олондоо баярлалаа. Шинэ онд хүн бүхний сэтгэлд итгэл, гарт хүч чадал, ухаанд урам зориг бадамлаг.