Үндсэндээ 15 жилийн дараа Засгийн газар аргагүй шалаанд орж, хоёр ч том олон улсын гэрээг байгуулахаар яаравчилж байна. Франц улстай тохирсон “Орано Майнинг”-ийн Хөрөнгө оруулалтын гэрээ, БНХАУ-ын “Чайна Энержи” компанитай байгуулах “Оффтейк” гэрээг Засгийн газраас УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхээр бэлтгэлээ хангаж байна. Аль аль гэрээ нь Засгийн газрын “толгойны өвчин” болж байгаа нь нууц биш. “Орано Майнинг”-ийн гэрээ нь Оюутолгойн ХоГ-нээс хойших барууны хөрөнгө оруулагчтай байгуулах анхны гэрээ болж байна. Гэрээг байгуулахын тулд, гэрээнд хууль зөрчсөн тохиролцоо хийхгүйн тулд 11 дүгээр сард Цөмийн энергийн тухай хуульд яаравчлан нэмэлт өөрчлөлт оруулав. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны гол өөрчлөлт нь заавал 34 хувь эзэмших хуулийн заалтыг давуу эрхийн хувьцаа, тусгай роялтигаар орлуулж болох сонголттой болгосон хэрэг. Ингэж сонголттой болгохыг хөрөнгө оруулагч тал ч шаардаж байсан, Төр төлөөлж, гарын үсэг зурах учиртай эрхмүүд ч учирлаж байсан.
Аль аль нь 15 жилийн өмнө байгуулагдсан Оюутолгойн гэрээний алдааг давтахыг хүсээгүй хэрэг. Ингэснээр “Орано Майнинг”- ийн гэрээ УИХ-аас зөвшөөрөл авахад хялбар болно. Ирэх нэгдүгээр сарын сүүлээр болох Давосын дэлхийн эдийн засгийн форумын үеэр талууд ХоГ-нд гарын үсэг зурах хүлээлттэй байна. 13 жилийн дараа Засгийн газар Тавантолгойн нүүрсийг худалдах урт хугацааны гэрээг дахин Хятадын төрийн өмчит компанитай байгуулахаар яригдаж байна. Энэ удаад худалдан авагч нь “Чалко” биш “Чайна Энержи”. “Чалко”-гийн гэрээ нь урьдчилж авсан 350 сая доллараар төлж дууссаны дараа 5 жилээр хоёр удаа сунгах нөхцөлтэй байсан бол энэ удаагийнх нь 20 жилийн хугацаатай байхаар байна. Олон хүчин зүйлийг заавал ярих, бодох, тооцоолох учиртай уг гэрээг энэ цаг мөчид байгуулахаар шамдаж буйн шалтгаан “Чайна Энержи” юу, Засгийн газар уу гэдэг нь маш сонирхолтой. Уг гэрээний драфт хараахан эцэслэгдээгүй байгаа бөгөөд “Чайна Энержи”-гээс ирсэн захидлын хүрээнд л анхан шатны мэдээллүүд гарч байна. Үндсэндээ “Орано”-гийн гэрээтэй харьцуулахад хамаагүй хүнд нөхцөл, хэцүү тохиролцоог уг гэрээгээр хийх шаардлагатай болно.
13 жилийн өмнө Тавантолгойн нүүрсийг зах зээлд гаргах, төслийг амжилттай хэрэгжлүүлэх, мөнгө тараах сонгуулийн амлалтаа биелүүлэх гээд олон учгийн огтлолцол, нэмээд мөнгөний эрэлд “хатсан” Засгийн хүсэл давамгайлсан мөчлөг байсан. Харин өнөөдөр нөхцөл байдал маш өөр байгаа гэдгийг ялгаж, “Чайна Энержи”-гийн саналд хандах нь зохимжтой мэт санагдана. Нэгэнт урт хугацаанд түншлэх нь зөв гэж үзвэл нэгмөсөн “наалдаж” авах нь хожмоо илүү өгөөжтэй, басхүү эрсдэл багатай байх биз.
Засгийн газар уул уурхайн салбарт хамгийн том хоёр гэрээг хийхээр яригдаж байгаа цаг мөчид олон улсын түүхий эдийн зах зээлд зарим өөрчлөлт өрнөж байна. Д.Трамп дахин Ерөнхийлөгчөөр сонгогдсонтой холбоотойгоор Хятадын зах зээл эхний alert-аа аваад байна. Нөхцөл байдал хэрхэн өрнөхийг Монголын эдийн засаг, уул уурхайн салбар нүдээ чилтэл харах нь зайлшгүй. Манай нүүрсний экспорт, зэсийн үнэ түүнээс шууд шалтгаалах болохоор тэр. Харин олон улсын ажиглагчид Хятад болон түүхий эдийн зах зээл “Д.Трамп 2.0”- д бэлтгэлтэй байсан гэдгийг тодотгож байна. Шинжээчдийн хэлсэн хэлээгүй тодорхой болсон нэг зүйл бол энэ онд манай улсын экспортын нүүрсний үнэ 30 орчим хувиар буураад байна. Ирэх онд үргэлжлэн буурна гэдгийг ч шинжээчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байна. Хятадын гангийн үйлдвэрлэл энэ жилүүдэд оргилдоо хүрч, үүнээс цааш тогтвортой байх найдлагыг коксжих нүүрс, төмрийн хүдрийн олборлогчид тээж байна. Зах зээлийн эгзэгтэй цаг үед Засгийн газрын байгуулах гэж буй хоёр Гэрээ Монголын эдийн засагт илүү сайнаар тусна гэж найдая.
Майнинг Инсайт сэтгүүлийнхэн 10, 11 дүгээр сард Швейцарь болон Австралид болсон уул уурхайн салбарын арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцсон. Женев хотноо болсон Байгаль орчны засаглал хөтөлбөрийн дэлхийн арга хэмжээнд (EGP Global event) Майнинг Инсайт оролцоод ирлээ. Монгол Улс БОЗХ-ийг амжилттай хэрэгжүүлсэн орноор нэрлэгдсэн талаар болон “Уул уурхай, эрдэс баялаг, метал ба тогтвортой хөгжил” Засгийн газар хоорондын форум (IGF AGM)-ын ээлжит 20 дугаар уулзалтын талаар дэлгэрэнгүй сурвалжилгыг, мөн Сидней хотноо болсон уул уурхайн салбарын томоохон чуулгануудын нэг IMARC-ын талаарх тэмдэглэлийг уншигч тантай хуваалцаж байна.