Ашигт малтмал газрын тосны газрын Ашигт малтмалын хайгуулын хэлтсийн дарга М.Энхжаргалаас геологи хайгуултай холбоотой сүүлийн үеийн мэдээллийг Н.Ариунтуяа тодрууллаа.
Тусгай зөвшөөрлийн талаарх хамгийн сүүлийн тоо баримтуудаас ярилцлагаа эхэлье.
Өнөөдрийн байдлаар нийт 2636 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Үүнээс хайгуулын 889, ашиглалтын 1747. Сүүлийн жилүүдэд хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо эрс багассан. Геологи хайгуулын ажлын суурь судалгаа ашиглалт, олборлолтоосоо 10-20 жилийн өмнө явах ёстой гэдэг ч хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо өдрөөс өдөрт багассаар байна.
Геологи хайгуулын ажил буурсанд олон шалтгаан яригддаг ч яг тусгай зөвшөөрөл хариуцсан нэгж дээр ажиллаж буйн хувьд учир шалтгааныг олон талаас харж байгаа болов уу?
Миний хувьд үндсэн таван хүчин зүйл нөлөөлж байна гэж хардаг. Нэгдүгээрт, улс төрийн орчин. Улс төрийн тогтворгүй байдлаас гадна уул уурхайг эхлүүлэхгүй байх, дэмжихгүй байснаар улс төрчдийн карьер өсдөг болсон нь багагүй сөрөг нөлөөтэй байна. Хоёрт, хууль эрхзүйн асуудал. Хуулиуд ойр ойрхон өөрчлөгддөг, хоорондоо уялдаагүй, дүрэм журамтай холбоотой үл ойлголцол их байна. Гуравт, хөрөнгө оруулалтыг дэмжсэн, хамгаалсан орчин учир дутагдалтай. Хуулиуд өөрчлөгддөг, Засгийн газар ойр ойрхон солигддогоос гадаадын гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагчдын хөрөнгө эрсдэлд орж байна. Дөрөвт, төр захиргааны төв байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын уялдаа холбоо муутай холбоотой. Хөвсгөл, Завхан, Архангай аймгууд уул уурхайг дэмжихгүй гэдэг байсан бол одоо Увс, Ховд араас нь орж ирж байна. Нутгийн захиргааны байгууллага, орон нутгийн удирдлагуудад уул уурхайг ойлгуулах, уул уурхайн салбараас эргэлтэд орж байгаа үр өгөөжийг ойлгуулах таниулах ажлыг их хиймээр санагддаг. Тавд, лиценз авсан компанийн үйл ажиллагаа асуудалтай байна. Тусгай зөвшөөрөл аваад орон нутагтай харилцах, таниулан сурталчлах ажил хийдэггүй нь бас нэг хүчин зүйл болж байна.
“Алсын хараа 2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого зэрэгт геологийн судалгааны ажлыг нэмэгдүүлж, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлнэ, хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэсэн том сайхан зорилтууд байгаа ч хөрсөн дээр буухаар эдгээр хүчин зүйлээс болоод ажил урагшлахгүй байна. Нийт нутаг дэвсгэрийн 60 хувьд 1:50000 масштабтай геологийн зураглалын ажил, цаашлаад нарийвчилсан эрэл, эрэл үнэлгээний шатны хайгуулын ажил үндсэндээ орхигдоод байна. Цаашдаа Ерөнхий сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн болон холбогдох яамдын сайд нараас аймгуудын засаг дарга нартай байгуулдаг хамтын ажиллагааны гэрээн дээр геологийн суурь судалгааг нутаг дэвсгэрийн тодорхой хувьд хийлгэх, олгогдсон лицензүүдийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг явуулах бодлогыг цогцоор нь үүрэгжүүлж өгвөл эдгээр бэрхшээлд нааштай шийдэл болох байх. Тэгж байж геологи хайгуулын ажлын суурь судалгаа урагшилна.
Хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгож байгаа нь тодорхой хэмжээнд нөлөөтэй байгаа байх?
Тийм ээ. Хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгож байгаа нь мэдээж хангалттай биш. Боломжит хувилбаруудаар олгож, хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтаас нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. 2018 онд Засгийн газрын тогтоолоор нийт нутаг дэвсгэрийнхээ 8.4 сая га газарт сонгон шалгаруулалт явуулахаар зарласан. Энэ тогтоолоор орон нутгуудаас санал авч, нэгж талбай үүсгээд, сонгон шалгаруулалтыг багцлан явуулж байна. Өнгөрсөн хугацаанд 8.4 сая га газраас 2.8 сая га талбайд сонгон шалгаруулалт зарласан нь 470 орчим талбай болж байна. Үүнээс тусгай зөвшөөрөл болсон нь 230 орчим талбай. Ойролцоогоор 1.2 сая га нь тусгай зөвшөөрөл болсон. 0.5 сая га буюу 90 орчим талбайд үнэлгээ хийгдэж байна.
Талбай зарлаад материал ирүүлээгүй нь хэдий хэр байна вэ? Мөн цаашид хэдий хэр талбайг зарлахад бэлтгээд байна вэ?
Нийт 1.1 сая га-д 150 орчим талбай зарлагдсан ч огт материал ирээгүй. Цаашид 2.3 сая га газарт 400 орчим талбай зарлахаар бэлтгэж байна. 2021 оны хувьд хэдийгээр цар тахлын амаргүй жил байсан ч СШ 45-57 хүртэлх нийт 13 багцад 113 аж ахуй нэгж шалгарч, өнөөдрийн байдлаар 109 хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгосон нь том амжилт гэж үзэж байгаа. Энэ нь хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох болсноос хойшхи хамгийн том тоо. Улсын төсөвт 29.6 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна.
Зарлагдаад аж ахуйн нэгжүүдээс санал ирээгүй талбайнуудыг цаашид хэрхэх вэ?
Хувийн бодлоо хэлэхэд, ийм талбайг өргөдөлд нээмээр байгаа юм. Өргөдлөөр тусгай зөвшөөрөл олгох үйл явцыг хоёр хувилбараар хийж болмоор харагддаг. Өмнөх шигээ өргөдлийн цахим олголтыг нээх. Цахим систем эвдэрнэ, гацна гэж үзвэл хоёр дахь хувилбараар хамгийн хялбар шийдэж болох нь тоон гарын үсэг эзэмшигч хуулийн этгээдэд өргөдлийн дугаар тараах. Сонгон шалгаруулалтаас гадна өргөдлийн ийм хоёр хувилбарыг нээж хуульчилж өгвөл геологи хайгуулын ажил их урагшилна. Сонгоноор аваагүй талбайд газрын тос, эсвэл барилгын чиглэлийн дүүргэгч материал зэргийг хайх боломжтой.
АМГТГ-ын тоон мэдээллийг харахад хайгуулын тусгай зөвшөөрөл цөөнгүй цуцлагджээ. Шалтгаан нь юу вэ?
Тусгай зөвшөөрлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүйгээс буюу өнөөдрийн энэ цар тахлын хүнд үед эдийн засаг доройтох, хөрөнгө оруулалтын зогсонги байдал зэргээсшалтгаалж цуцлагдах явдал их байна. Энэ нь сүүлийн хоёр жилд гарч ирж буй шинэлэг кэйс. Геологи хайгуулын ажил хийхэд хөрөнгө мөнгө дутаж байгаа нь гаднаас орж ирэх хөрөнгийн урсгал багассан, дотооддоо үйл ажиллагаа явуулаад орлого олж чадахгүй байгаатай холбоотой байна.
Ашиглалтын лицензийн тоо өндөр байгаа ч яг ашиглалт явуулж байгаа уурхайн тоо цөөхөн, 260-аас хэтрэхгүй гэдэг. Гэтэл тусгай зөвшөөрлийн тоо ийм өндөр байгаад байдаг?
Өмнөх Ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын тусгай зөвшөөрлийн 12 жилийн хугацаа дуусангуут шууд А зөвшөөрөл болдог байсан. А зөвшөөрөл 30 жилээр олгогддог. Тэр тогтолцоотой холбоотой тоо өссөн нэг гажуудал бий. Дараагийнх нь Урт нэртэй хуулиас үүдсэн бүлэг А зөвшөөрлийн асуудал. Голд нь хориглосон, хязгаарласан талбайнууд гарахаар хоёр гурван А болоод хуваагдсан тусгай зөвшөөрлүүд бий. Нэг талдаа нөөцтэй, нөгөө талдаа нөөцгүй А үлдсэн байх жишээтэй. Одоо байгаа 1747 ашиглалтын тусгай зөвшөөрлийг хоёр ангилбал их цэгцэрнэ. Ашиглаж байгаа нь А-гаар үлдэг. Ашиглалт явуулаагүй зөвшөөрлүүдийг ашиглалтын хайгуул гээд ангилмаар байгаа юм. Ашиглалтын хайгуул гэж лицензийг салгаснаар хайгуул хийгээд ашиглалтад бэлдэх, нөөцгүй бол барилгын чиглэлээр болон металл бусаар юу байгааг үзээд үнэхээр юу ч байхгүй бол буцаагаад өгснөөр энэ байдал цэгцэрнэ.
Он гарахын өмнө ашигт малтмалын хайгуул, уулын ажлын тайлан төлөвлөгөөний цахим системд оруулсан өөрчлөлтүүд болон тэдгээр нь ямар асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тайлбар өгнө үү?
Хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг хүлээн авч хянах “Inforep” цахим программыг сайжруулсан. Системээ сайжруулсантай холбоотойгоор аж ахуйн нэгж төрийн байгууллагатай заавал биечлэн уулзах байдлыг халж, ажил хөнгөвчилж, цаг хугацаа хэмнэж байгаа. Аж ахуйн нэгж талдаа хялбар төдийгүй хурдан болсон. Аж ахуйн нэгж тоон гарын үсгээр нэвтэрч, төлөвлөгөө, тайлангаа оруулна. Сунгалтыг ч мөн цахимаар хийнэ. Мөн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд оруулах нөөцийн тайлан цахим болсон. Нөөц оруулахын тулд албан бичгээ өгөөд л цахимаар тайлангаа шивээд илгээнэ. Мөн мэргэжлийн хяналтын байгууллага хайгуулын ажлын төлөвлөгөө тайлан ирүүлсэн эсэхийг цахимаар хардаг болсон нь аж ахуйн нэгж болон төрийн байгууллагуудын ажлыг хөнгөвчилсөн цаасаар ирүүлж олон гарын үсэг зурдаг байдлыг халсан.
Хянах, шалгах эрх нь Байгаль орчны яам болон Мэргэжлийн хяналт талдаа байдаг. Энэ уялдаа холбоог цахим программ дээр хэр хангагдсан бэ?
Байгаль орчин, орон нутаг, мэргэжлийн хяналттай уялдуулах талаасаа программын сайжруулалт дээр шинээр цонх үүсгээд явж байгаа. Одоогоор Мэргэжлийн хяналт гэдэг цонх үүсгэсэн. Дараа нь байгаль орчин, орон нутгийн удирдлагын системийг программ руу оруулах асуудал яригдана. Оны сүүлээр хийгдэх болов уу. Хайгуулын ажлын тайлан, төлөвлөгөөг 2016 оноос хойш цахимаар хүлээн авч байгаа. Дэвшил гэвэл хуулийн хугацаанд багтаж тайлагнадаг болсон. Гэхдээ ирүүлсэн тайлангийн чанар, бүрдэл хэсэгт дутагдалтай зүйлс байна. Ялангуяа орон нутгаас хамааралтай бичиг баримтууд хангалтгүй байгаа. Цар тахал дэгдсэн үед уян хатан байх үүднээс эдгээр бичиг баримтыг цахимаар аваад, хөл хорио тавигдсаны дараа албажуулах байдлаар явсан. Гэвч 2021 онд 934 хайгуулын тайлан ирснээс 230 нь одоо болтол баталгаажаагүй байна.
Орон нутгаас хамааралтай бичиг баримтууд хангалтгүй буйн шалтгаан нь юу вэ?
Ашигт малтмалын хуулиар Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг аж ахуйн нэгжүүд орон нутгаар батлуулдаг. Гэтэл тодорхойгүй шалтгааны улмаас төлөвлөгөөг батлахгүй байх, Сумын засаг дарга, байгаль орчны байцаагч нар ямар нэгэн шалтаг хэлээд хайгуулын ажлын төлөвлөгөөний долдугаар маягтыг баталгаажуулж өгөхгүй явдал түгээмэл байна. Энэ нь аж ахуйн нэгжүүдэд ихээхэн хүндрэл үүсгэдэг. Орон нутагтаа геологи хайгуулын ажил хийлгэхгүй, уул уурхайг дэмжихгүй гэсэн сонирхлын бүлэг үүсээд байгаа нь нөлөөлж байна. Мөн орон нутагтай цахимаар харилцахад хүндрэлтэй байна. Илгээсэн хүсэлтэд орон нутгийн зүгээс ямар ч хариу өгдөггүй байдал нийтлэг. Миний хувьд 2021 оны нэгдүгээр сарын 21-нд энэ ажлыг авсан. Энэ хугацаанд геологи хайгуулын ажил хийж буй аж ахуйн нэгжүүдэд нийтлэг тулгарч байгаа асуудал нь хайгуул хийнэ гэвэл хэт өндөр өртөг бүхий нийгмийн хариуцлагын гэрээ тулгадаг. Орон нутаг бүр өөр өөрийн үзэмжээр тариф тогтоодог нь геологийн суурь судалгаа хийж, үйл ажиллагаа дөнгөж эхлэх гэж буй газруудад хэцүү. 2021 онд 109 тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар олгогдсон. Тэр 109 тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тодорхой хэсэг нь орон нутагт очоод үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. Гэтэл сонгон шалгаруулалтаар талбай өгөөд дэмжихгүй байна гэсэн гомдлын бичиг манайд арав гаруй ирээд байгаа. Хуулиар хоёрдугаар сарын 15-нд хайгуулын тайлан, дөрөвдүгээр сарын 15-нд төлөвлөгөөгөө өгнө. Энэ үед үйл ажиллагаа явуулж чадаагүй, хөрөнгө мөнгөгүй, орон нутаг эсэргүүцээд ажил явуулаагүй гэсэн хариу нэлээд ирэх төлөвтэй байна.
Сүүлийн жилүүдэд бидний мэдэх томоохон уурхайнуудаас нөөц тодотгож байна уу? Сайн үр дүнгүүд хэр гарч байна вэ?
Улсын нөөцийн нэгдсэн санд бүртгэгдэж буй нөөц, ордуудаас 2021 онд орсноос дурдвал Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Баян-Айрагийн алт-зэсийн хүдрийн ордод 2018- 2020 онд гүйцэтгэсэн ашиглалтын хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тодотгол тооцооны тайлан, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюут, Хюго дамметт, Херуга нэртэй зэс-алтны бүлэг ордод 2015-2018 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тооцооны тодотгол тайлан, Хэнтий аймгийн Дархан сумын нутагт орших Адагийн хайлуур жоншны ордын II хүдрийн биетэд 2019 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тодотгол тайлан, Орхон аймгийн Баян Өндөр сумын нутагт орших Эрдэнэтийн овоо зэсмолибдений ордын баруун хойд, төвийн хэсэгт 2016-2020 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тайлан зэрэг болно. 2022 онд хэд хэдэн томоохон орд болон стратегийн орд газрууд нөөцөө тодотгож оруулж ирэх гэж байна. Нөөцөө тодотгож байгаа нь нэгд олборлосон нөөцөө, хоёрт отвал дээр байгаа хаягдал нөөц, гуравт ирээдүйд үйлдвэрлэлд орох боломжтой нөөцөө нээж байгаагаараа маш чухал. Уул уурхайн салбарт технологийн дэвшил хурдацтай нэвтэрч байгаатай холбоотойгоор орд газруудын нөөцийг тодотгох хэрэгцээ шаардлага улам нэмэгдэж байна. Баяжуулах үйлдвэрийн технологиуд асар хурдацтай өөрчлөгдөж байна. Технологийн шийдэл нарийсах тусмаа хаягдалд хаях хэмжээ багасдаг. Тухайлбал тухайн үеийн захын агуулга одоо үйлдвэрлэлийн нөөц баялаг болж өөрчлөгдөх жишээний. Уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж таван жил тутамд ТЭЗҮ-ээр нөөцөө тодотгодог. Түүн шиг ашигт малтмалын нөөцийн санг жил бүр нөөцийн хөдөлгөөнийг албажуулах замаар тогтмол гаргаж байх нь хайгуулын шатнаас эхлээд уул уурхайн үйлдвэрлэл цаашилбал улс орны нийгэм, эдийн засагт чухал нөлөөтэй. Ашигт малтмал, газрын тосны газраас 2016-2018 онд байгуулагдсан ажлын хэсгүүд олон жилээр хийгдээгүй орхигдсон байсан ашигт малтмалын нөөцийн балансуудыг нөхөн хийсэн.