Оны эхнээс тавдугаар сарын 25-ны хооронд Хятадын Ганцмод боомтоор Монголоос 12.09 сая тонн нүүрс импортлоод буй. Тухайн боомтын нийт импортын 97 хувийг нүүрсний худалдаа эзэлж байна. Мөн хугацаанд тус боомтоор Монголоос 338 300 тонн зэсийн баяжмал нийлүүлжээ.
Эдгээр тоо баримт нь Ганцмод боомтын жилийн 22 сая тонн хүчин чадлыг давах төлөвтэйг харуулж буйг www.sxcoal.com мэдээнд онцолсон байна. Боомтоор дамжин өнгөрөх хөдөлгөөнийг шуурхайлах зорилгоор дотогшоо, гадагш чиглэсэн хөдөлгөөнд зориулагдсан AGV зурвасуудыг байгуулж эхэлснийг боомтын захиргаанаас мэдээлжээ.
2023 оны эхний 4 сард Хятад улс 31.14 сая тонн коксжих нүүрс, 105 сая тонн эрчим хүчний нүүрс тус тус импортолсон. Энэ хугацаанд Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, Монгол Улс нийт 19.05 сая тонн нүүрс экспортолжээ.
Тэгвэл Замын Үүдээр хиллэдэг Эрээний боомтоор 1.58 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн жилийн эхний 4 сарын нийлүүлэлттэй харьцуулахад 117.5 хувиар өссөн.
Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос 2023 оныг дуустал нүүрсний импортын гаалийн татварыг тэглэх бодлогыг үргэлжлүүлж буй тул Эрээний боомтоор нүүрс импортлогч компаниудын татварт он гарсаар 210 сая юань хэмнээд буй аж.