Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монголд нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийж байгаа “Эликсир Энержи Лимитед” (ASX: EXR) компани энэ оны эхээр Монголын говийн бүсэд “Говь H2” нэртэй ногоон устөрөгчийн туршилтын төсөл эхлүүлээд байгаа билээ. Устөрөгчийн үйлдвэрлэл, технологийг судлахаар зорилт тавиад буй Монгол Улсын Засгийн газрын төлөвлөгөөтэй холбоотойгоор “Эликсир Энержи Лимитед” компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал бөгөөд Гүйцэтгэх захирал Нейл Йонгтой Mining Insight-ийн Б.Төгсбилиг ярилцав.
“Эликсир Энержи Лимитед” компани Монгол Улсад ногоон устөрөгчийн төсөл эхлүүлээд сар гаруйн хугацаа өнгөрлөө. Төслийн явц ямархуу байгаа талаар болон устөрөгчийн зах зээлийг цаашид хэрхэн харж буй талаар ярилцлагаа эхлүүлье.
Ногоон устөрөгч бол ихээхэн үр ашигтай түүхий эд. Олон улсын томоохон байгууллагууд үүнийг ирээдүйтэй гэж үзэж байна. Гэхдээ одоогоор зах зээл байхгүй байна. Иймээс зах зээлийг нь бий болгохын тулд Засгийн газрууд хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах зорилтдоо бат зогсох хэрэгтэй. Үүнийг олон аргаар хэрэгжүүлж болно. Тухайлбал, нүүрстөрөгчийн ялгарал болон агаар бохирдуулах бодисын хэрэглээнд татвар ногдуулах, зарим бүтээгдэхүүний хэрэглээг хумих гэх мэт. Тэр болтол зах зээл байхгүй гэж болно. Гэхдээ дэлхийн хамгийн нөлөө бүхий байгууллагууд үүнийг боломжтой гэж харж байгаа. Энэ ч үүднээс бид Монголд анхдагч нь болохоор эхний алхмаа эхлүүлсэн. Монгол Улсын хувьд эрчим хүчний хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлэгч БНХАУ-тай ойр оршдогоороо давуу тал олонтой. Тиймээс бид салбартаа анхдагч нь болохоор олон ажил эхлүүлээд байна. Ногоон устөрөгч бол ерөнхийдөө их энгийн. Сэргээгдэх эх үүсвэрээс гарган авсан эрчим хүчээ электролизерээр дамжуулан усны молекулыг задлан устөрөгч, хүчилтөрөгч болгон хувиргадаг. Монгол Улсад ус, нарны маш өндөр чанартай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд бий. Бидний хийсэн судалгаагаар хоорондын зохицол нь ч маш сайн байгаа нь ажиглагдсан. Гэхдээ үүнээс урьдаар Хятадын зах зээлд маш хямд зардлаар устөрөгч нийлүүлэх боломжтой гэдэг нь Монголын хувьд хамгийн том давуу тал.
Бидний хийсэн судалгаагаар хоорондын зохицол нь ч маш сайн байгаа нь ажиглагдсан. Гэхдээ үүнээс урьдаар Хятадын зах зээлд маш хямд зардлаар устөрөгч нийлүүлэх боломжтой гэдэг нь Монголын хувьд хамгийн том давуу тал.
Австрали, Чили, Намиби зэрэг ногоон устөрөгч экспортлохоор зэхэж буй улсуудтай харьцуулахад илүү ирээдүйтэй. Физик шинж чанараар нь аваад үзэхэд л устөрөгчийг далайгаар тээвэрлэх зардал ямар өндөр байх нь ойлгомжтой. Харин зэргэлдээ орших хөрш улс руугаа хийн хоолой, эсвэл авто замаар тээвэрлэх нь зардлын хувьд маш хямд. Энэ нь ч бидний Монголыг сонгож, ногоон устөрөгчийн судалгаа эхлүүлсэн гол шалтгаан юм. Одоогоор бид энэ төрлийн төсөл гүйцэтгэж байсан Австралийн инженерийн нэгэн компанитай хамтран урьдчилсан ТЭЗҮ эхлүүлээд байна. Мөн Монгол Улсын Эрчим хүчний яамтай санамж бичиг байгуулсан. Түүнчлэн энэхүү салбарыг дэмжих зохистой бодлогын хэд хэдэн зөвлөмжийг хүргүүлээд байгаа. Бизнесийн хэвийн үйл ажиллагаатайгаа холбоотойгоор Өмнөговь аймаг болон тус аймгийн хэд хэдэн сумтай мөн уулзсан. Энэ нь шинээр бизнес эхлүүлэхэд ихээхэн ач холбогдолтойг бид ойлгосон. Оны сүүлээр бид төсөлд ашиглах усны шинэ нөөц хайж эхэлнэ. Үүнээс гадна Монголд үйл ажиллагаа явуулдаг олон улсын санхүүгийн байгууллагууд болон Монголын ногоон санхүүгийн корпораци (МНСК) зэрэг төсөл санхүүжүүлэгч нартай хамтран ажиллаж байна. Цаашлаад Хятадын худалдан авагч нартай холбогдох хэрэг гарна. Хэдийгээр БНХАУ-ын хил хаалттай байгаа нь тодорхой саад учруулж байгаа ч үүнд зориулсан төлөвлөгөө бас бий.
Одоогоор хөрөнгө оруулалт татсан уу?
Шаардлагатай санхүүжилтээ хэрхэн шийдэж байгаа вэ? Манай компани Австралийн хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй. Монгол Улсад бид нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийж байгаа бөгөөд үүнд зориулсан санхүүжилтээ босгосон. Санхүүжилтийнхээ тодорхой хувийг түрүүн дурдсан үйл ажиллагаануудад зориулж байгаа. Урт хугацаандаа бид ногоон устөрөгчийн томоохон үйлдвэрлэл явуулах төсөл эхлүүлнэ гэж харж буй ч үүнд ихээхэн хөрөнгө мөнгө шаардагдана. Дунд зэргийн үйлдвэрлэлд л гэхэд 10 тэрбум гаруй ам.доллар хэрэгтэй. Харин бидний эхлүүлээд буй одоогийн туршилт нь тэрбумаар бус олон арван сая ам.доллароор үнэлэгдэж байгаа. Үүнийг бид өөрсдийн нөөцөөс болон төсөл санхүүжүүлэгч байгууллагуудаас босгох боломжтой. Тухайлбал Монголд аль хэдийн хөрөнгө оруулсан төдийгүй хатуу түлшнээс илүү ногоон хөгжилд хөрөнгө оруулах сонирхолтой Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, МНСК зэрэг байгууллагууд байна.
Устөрөгчийн зах зээл, үйлдвэрлэл, цаашлаад эрэлтийг бий болгохын тулд Засгийн газрууд одооноос хөрөнгө оруулах хэрэгтэй гэдгийг Олон улсын эрчим хүчний агентлаг зөвлөсөн байсан. Монгол Улсын хувьд Шинэ сэргэлтийн бодлогодоо ногоон устөрөгчийг судлах ажлыг багтаалаа. Гэхдээ бодлого, зохицуулалт дутагдсан хэвээр байна. Цаашид устөрөгчтэй холбоотой ямар зохицуулалт шаардлагатай гэж харж байна вэ?
Австрали зэрэг хөрөнгөтэй орнуудын хувьд устөрөгчийн судалгаа, хөгжүүлэлтэд ихээхэн хөрөнгө зарж байна. Гэхдээ улс орон бүр үүнийг хийх боломжгүй. Саяхан бид Монгол Улсад хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх зорилготой сан буюу комиссыг Австрали болон Монголд байгуулсан. Үүний гол зорилго нь “Ногоон устөрөгч үйлдвэрлэхийн тулд Монгол Улс хууль, эрх зүйн орчноо шинэчлэх шаардлагатай юу?” гэсэн асуултад хариулах юм. Судалгааны үр дүнд комисс “шаардлагагүй” гэдэг дүгнэлтэд хүрсэн. Одоогийн хууль, эрх зүйн орчинд ногоон устөрөгчийн үйлдвэрлэлийг явуулах бүрэн боломжтой. Мэдээж сайжруулж болох зүйлс бий. Тэр дундаа татварын орчинд. Монгол Улсын хууль гаднын хөрөнгө оруулагчдад алтай санагддаг. Бусдаар Монголын Засгийн газрын хийж болох гол алхам бол тоглогчийн үүрэг гүйцэтгэж, өрсөлдөх бус тоглоомын дүрмийг тогтоож, шүүгчийн үүргээ гүйцэтгэх явдал. Зарим улсын Засгийн газар аж үйлдвэрийн тоглогч нартай өрсөлдөж, хувь эзэмшиж оролцох сонирхолтой байдаг. Үүнийг би хувьдаа дэмждэггүй. Энэ нь бусад улсаас хөрөнгө оруулалт татах боломжийг улам л хумина.
Өөр ямар сорилтууд тулгарч магад гэж харж байна вэ? Монгол Улсад метан хийн хайгуул хийж байсан туршлагаас тань харахад устөрөгчийн төсөлд тулгарч болох гол хүндрэл, бэрхшээлүүд юу байгаа бол?
Хууль, эрх зүйн орчин, тэр дундаа татварын хууль ерөнхийдөө сайжирвал мэдээж сайн хэрэг. Үүнээс гадна бидний ажигласан нэг чухал зүйл нь усны хэрэглээтэй холбоотой олон нийтийн ойлголт. Жишээлбэл, бидний мэдэж байгаачлан “Оюутолгой” компани их хэмжээний ус хэрэглэдэг. Томоохон олборлолт явуулахад энэ нь мэдээж шаардлагатай зүйл. Гэхдээ үүнийг “Рио Тинто” руу шударга бусаар дайрах нэг үндэслэл болгож байгаа нь ажиглагддаг. Бид үйл ажиллагаагаа өргөжүүлэх хэрээр цаашид Говийн бүсэд ус хэрэглэх шаардлагатай болно. Хэрэглэх усны хэмжээ “Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой”-н уурхайтай харьцуулахад мэдээж маш бага. Гэхдээ орон нутгийн оршин суугчдад ундны ус биш өөр эх үүсвэрийг ашиглаж байгаа гэдгийг ойлгуулах хэрэгтэй болно. Мөн түүнчлэн усны хэрэглээнээс Монгол Улс эдийн засгийн үр ашгаа бүрэн хүртэж байгаа гэдгийг олон нийтэд бүрэн таниулах шаардлага үүснэ. Үүнийг эртнээс эхлэх шаардлагатай бөгөөд усны хэрэглээ нь өөрөө тодорхой хөрөнгө оруулалтын эсрэг дайрах нэг хэрэгсэл болдог гэдгийг мөн ойлгох ёстой юм.
Устөрөгчийн үйлдвэрлэлд ашиглах усны хэрэглээг нийтэд таниулж, ойлгуулахын тулд эхлээд устөрөгчийн хэрэглээг ойлгуулах нь чухал. Одоогоор устөрөгчийг яг юунд ашиглаж болох вэ гэдийг бид төдийлөн мэдэхгүй. Үүнийг эрчим хүчний эх үүсвэр болгох ашиглах хүртэл хэдий хэр хугацаа хэрэгтэй гэж бодож байна вэ?
Устөрөгчийн хэрэглээ нь өөрөө их цомхон. Ямар ч байсан ирээдүйд эрчим хүчний хэрэглээ талаасаа тийм ч олон салаалахгүй болов уу. Иймд дулааны эх үүсвэр болгон ашиглана гэж бодохгүй байна. Мөн автомашины хэрэглээнд ч төдийлөн өргөн нэвтрэхгүй байх. Магадгүй хүнд даацын автомашин, автобус, холын зайд хүнд ачаа тээвэрлэх хэрэгсэлд ашиглаж болох юм. Энэ мэтээр Монголд хэрэглэж болох арга байгаа ч өрхийн хэрэглээнд халаалтын зориулалтаар ашиглана гэж огт бодохгүй байна. Илүү өргөн хүрээг хамарсан гэдэг утгаараа бид экспортын зах зээлд голлон анхаарч байгаа. Тэр дундаа гангийн үйлдвэрлэлд. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулъя гэвэл хатуу түлшийг устөрөгчөөр орлуулахаас өөр сонголтгүй болсон цөөн салбарын нэг нь ган үйлдвэрлэл.
БНХАУ дотооддоо устөрөгчийн олон төсөлд их хэмжээний хөрөнгө оруулж эхэлсэн. Ногоон устөрөгч ч үүнд хамаарна. БНХАУ-ын Засгийн газар хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах зорилт руу бодитоор тэмүүлж байгааг үүнээс харах боломжтой гэж би хувьдаа харж байгаа.
Цементийн үйлдвэрлэл ч мөн адил ижил асуудалд байна. Энэ сигментэд бид түлхүү анхаарч байгаа. Бусдаар бол цөөн хүн амтай, аж үйлдвэр хангалттай хөгжөөгүй Монгол шиг оронд устөрөгчийн хэрэглээ төдийлөн өргөн тархахгүй болов уу. Учир нь цахилгаан автомашин зэрэг илүү дээр хувилбарууд бий. Одооноос 10 жилийн дараа гэхэд Монголд цахилгаан автомашин маш элбэг болох байх. Энэ нь ч сэргээгдэх эрчим хүчний нөөцөө үр ашигтай ашиглах сайн хувилбар. Тиймээс устөрөгчөөр ажилладаг машинтай харьцуулахад эдийн засгийн хувьд хамаагүй үр ашигтай байх болов уу.
Устөрөгч болон нүүрсний үйлдвэрлэлийн зардлыг задлаад харвал, 1кг нүүрс олборлох зардал Монголд одоогоор 0.016 ам.доллар орчим байна. Таны мэдэж байгаачлан устөрөгч нүүрснээс 4 дахин илүү эрчим хүч ялгаруулдаг. Гэсэн ч дэлхийн дунджаас харахад устөрөгч үйлдвэрлэх зардал нүүрснийхээс 4 дахин өндөр байгаа. Танай судалгаагаар Монгол Улсад ногоон устөрөгч үйлдвэрлэх өртөг ямар байгаа вэ?
Энэ нь өөрөө их динамик үзүүлэлт. Учир нь устөрөгчийн өртөг сэргээгдэх эрчим хүчний зардлаас ихээхэн хамаарна. Сүүлийн 10 жилд сэргээгдэх эрчим хүчний зардал эрс буурсан төдийгүй цаашид ч улам хямдарна гэж ажиглагчид тооцсон. Зардалд жин дарах өөр нэгэн хүчин зүйл бол электролизерын үнэ. Үүнийг ч мөн цаашид хямдарна гэж тооцож байгаа. Гэхдээ өөрийн чинь хэлдгээр ган үйлдвэрлэлд коксжих нүүрсийг ашиглах нь ногоон устөрөгч хэрэглэснээс хамаагүй хямд. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн, хэрэв Засгийн газрууд хүлэмжийн хийн ялгарлаа бүрэн саармагжуулах зорилтдоо үнэхээр тууштай байя гэвэл нүүрсний хэрэглээг халах шаардлагатай. Тиймээс устөрөгчийг нүүрстэй харьцуулах нь тийм ч чухал биш. Өөр боломжит хувилбар бий юу, тэдгээрийн зардал ямар байгаа вэ гэдэг нь илүү ач холбогдолтой. Энэ л бидний хийх ёстой жинхэнэ харьцуулалт.
Төслийн ашигт ажиллагаа хэзээнээс эхэлнэ гэж харж байгаа вэ? Таны хэлсэнчлэн зах зээл хараахан бэлэн биш, Засгийн газрууд хүлэмжийн хийн ялгарлаа саармагжуулах зорилт тавьсан ч үйлдвэрлэлийн зардал хэт өндөр хэвээр байна. Танай төслийн хувьд хэзээнээс ашиг хүртээнэ гэж тооцож байгаа вэ?
Анзаарах хэрэгтэй нэг чухал зүйл бий. БНХАУ дотооддоо устөрөгчийн олон төсөлд их хэмжээний хөрөнгө оруулж эхэлсэн. Ногоон устөрөгч ч үүнд хамаарна. БНХАУ-ын Засгийн газар хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах зорилт руу бодитоор тэмүүлж байгааг үүнээс харах боломжтой гэж би хувьдаа харж байгаа. Ирэх олон арван жилд ч үргэлжлүүлэх байх. Өмнө хэлсэнчлэн ингэх шаардлага нь ч бодитоор бий. Тиймээс ногоон устөрөгчийн жижиг хэмжээний төсөл 20 орчим жилийн дараанаас ашгаа хүртээж эхэлнэ. Гэхдээ үүнээс илүү нарийн таамаглах хэцүү. Туршилтын төсөл бол богино хугацаанд мөнгө олох зорилготой төсөл биш. Үүнээс илүүтэйгээр урт хугацаандаа энэ тодорхой байршилд үр ашигтай үйлдвэрлэл явуулах боломжтой шүү гэдгийг гол санхүүжүүлэгч талд баталж, таниулж харуулах нь бидний зорилго. Тиймээс ашиг хүртэх хүртэл удах байх. Гэхдээ ирээдүйд бий болох ашгаас хүртэхийн тулд одооноос манлайлж эхлэх шаардлагатай.
Үйлдвэрлэлийн зардалд жин дарж буй нэг томоохон хүчин зүйл нь электролизер гэж та хэлсэн шүү дээ. Австрали нь электролизерийн хөгжүүлэлтийг эрчимтэй явуулж буй улсуудын нэг. Саяхан 98%-ийн үр ашигтай электролизерийн туршилт амжилттай болсон талаар мэдээ дуулдсан. Үүгээр өртгийг бууруулах боломжтой гэж байгаа. Танай төслийн хүрээнд электролизерийн зардлыг яаж тооцсон бэ?
Саяын дурдсан төсөл их сайн хэдий ч одоогоор дөнгөж эхний шатандаа яваа. Электролизер өрсөлдөөн одоогоор Европ, тэр дундаа ХБНГУ-ын Siemens болон БНХАУ-ын хооронд өрнөж байна. Хятад улс одоогоор энэ чиглэлд тэргүүлж байх шиг байна. Хятадын сүүлийн 10 жилийн үйлдвэрлэл, хүчин чадлаас харахад электролизерийн үйлдвэрлэлээр тус улс мөн л тэргүүлэгч нь болох болов уу. Австрали гэх мэт улсын хувьд тодорхой сигментээр магадгүй урьтаж мэднэ. Тэр дундаа оюуны өмчийн хөгжүүлэлт тал дээр. Харин олноор үйлдвэрлэх тал дээр Хятадтай өрсөлдөх улс үгүй. Тус улс аль хэдийн олон сая ам.долларыг үүнд зориулсан. Тиймээс ч зардал нь буурах байх гэж найдаж байна.
Электролизер өрсөлдөөн одоогоор Европ, тэр дундаа ХБНГУ-ын Siemens болон БНХАУ-ын хооронд өрнөж байна.
Ногоон устөрөгчийн үйлдвэрлэлийн нийт зардлыг задлаад харвал гуравны хоёр нь сэргээгдэх эрчим хүч, гуравны нэг нь электролизер байгаа юм. Тиймээс сэргээгдэх эрчим хүчний өртөг, зардлыг бууруулж чадвал ихээхэн хэмнэлт бий болно. Үүн дээр нэмээд тээврийн зардлыг хэмнэх боломжийг эрэлхийлэх хэрэг гарна. Физикийн хуульд захирагдаж буй үед далайгаар тээвэрлэхэд мөнгө хэмнэх боломж хязгаарлагдмал. Учир нь шингэрүүлсэн устөрөгчийн өртөг өөрөө их өндөр.
Монгол Улсын хувьд нүүрсний нөөц ихтэй. Тэрийгээ ашиглан “ногоон” устөрөгчөөс илүү “хүрэн” устөрөгч буюу нүүрсийг устөрөгч болгох нь үр ашигтай байх боломжтой. Өөрөөр хэлбэл зардал талаасаа танай гол өрсөлдөгч болох магадлалтай. Цаашдын өрсөлдөөнийг хэрхэн тооцож байгаа вэ?
Хүрэн устөрөгчийн үйлдвэрлэл огт шаардлагагүй гэж би хувьдаа бодож байгаа. Учир нь хувиргах явцад нь нүүрстөрөгчийг ялгахгүй бол үүнээс байгаль орчны үр ашиг гарахгүй. Ингэхийн тулд газар дор хадгалах агуулах шаардлагатай болно. Энэ төрлийн агуулах нь голцуу газрын тос, байгалийн хийн томоохон үйлдвэрлэл явуулдаг улсуудад байдаг. Монгол Улсын хувьд газрын тосны багахан үйлдвэрлэлтэй тул нүүрстөрөгчийг хадгалах агуулах байгуулах нь тийм ч үр ашигтай биш. Тиймээс Монгол болон бусад улсад нүүрснээс устөрөгч гарган авч, нүүрстөрөгчийг салгах нь тийм ч зохистой биш байх болов уу. Мөн саарал устөрөгч үйлдвэрлэх шаардлага ч огт байхгүй. Агаарын бохирдлыг бууруулангаа давхар нэмж байна гэсэн үг шүү дээ.