Оюутолгойн зэсийн үйлдвэрлэл 42 хувиар өсөв

Өнөөдөр (2025.04.28) "Оюу Толгой" ХХК нэгдүгээр улирлын үйл ажиллагааны мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. 

Нэгдүгээр улиралд Оюутолгой уурхайн баяжмал дахь зэсийн үйлдвэрлэл 65.2 мянган тонн хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 42 хувиар өссөн байна. Харин 2025 оны эхний гурван сарын зорилтот түвшний 93.3 хувьд хүрчээ. Түүнчлэн баяжмал дахь алтны үйлдвэрлэл 61.5 мянган унц хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 44 хувиар өссөн үзүүлэлт болсон. Харин алтны үйлдвэрлэл эхний улирлын зорилтын 93.6 хувийг хангасан байна. 

Гүний уурхайн боловсруулсан хүдрийн хэмжээ 2.3 сая тонн болж өмнөх оны мөн үе (ӨОМҮ)-тэй харьцуулахад 1.1 сая орчим тонноор өссөн байна. Харин ил уурхайн боловсруулсан хүдрийн хэмжээ 7.4 сая тонн болж ӨОМҮ-ээс 1.6 сая орчим тонноор буурчээ.

Үйлдвэрлэлийн хэмжээ цаашид үргэлжлэн өснө гэдгийг тус компанийн удирдлагууд хэллээ. 2025 оны хоёрдугаар хагаст баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн ажлыг дуусгах төлөвлөгөөтэй байна. Мөн далд уурхайн хоёр дахь бутлуурын бүтээн байгуулалтын ажил оны сүүлээр ашиглалт орно гэж төлөвлөсөн. Ингэснээр үйлдвэрлэлийн хэмжээ өсөх дүр зурагтай байна. 

2025 оны эцэс гэхэд зэсийн үйлдвэрлэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50 хувиар өсөж, 325-348 мянган тоннд хүргэх зорилттой ажиллаж байна. Улмаар 2028-2036 онд жилд 500 мянган тонн зэс үйлдвэрлэнэ гэж төсөөлж байна.

Оюутолгой компани ил уурхайн үйл ажиллагаанд том хэмжээний цахилгаан автомашин ашиглах төсөл хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд эхний цахилгаан автомашин орж ирсэн бөгөөд цэнэглэх станцыг суурилуулж эхэлжээ. Энэ нь хүлэмжийн хийг "0" болгох зорилгын хүрээнд хэрэгжиж байна. 

Австралийн Квийнслэндийн Их Сургуультай хамтран "Өмнийн говийн уурхай" институтийг 28 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна. Тус байгууллага нь Квийнслэндийн Их Сургуулиас багш нарыг авчран, гүний уурхайд дадлага хийлгүүлж, танхим болон танхимын хэлбэрээр сургалтыг жилд дөрвөн удаа зохион байгуулахаар болжээ.