Он гарснаас хойш Оросоос 1.2 тэрбум ам.долларын нүүрс Өмнөд Солонгос худалдан авчээ

Э.МИШЭЭЛ

Зургаадугаар сарын 16-ны байдлаар Оросын газрын тос, байгалийн хий, нүүрс гэсэн шатах бүтээгдэхүүний 20 улсын импорт 101 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс 12.5 тэрбум ам.долларын байгалийн хийг Европын Холбоо худалдан авсан байна. Энэ нь Оросын экспортын 62.5 хувийг эзэлжээ. Удаах орнууд буюу Турк 3 тэрбум ам.доллар, Хятад 2.7 тэрбум ам.доллар, Япон 1.5 тэрбум ам.доллар, Өмнөд Солонгос 0.3 тэрбум ам.долларын байгалийн хийн худалдаа хийсэн аж. 

Орос нь 9.5 тэрбум ам.долларын нүүрс 8 улсад экспортолсон байна. Тухайн экспортын 61 хувийг Хятад, Энэтхэг улс эзэлжээ. Мөн Турк 1.7 тэрбум ам.доллар, Өмнөд Солонгос 1.2 тэрбум ам.долларын нүүрс импортолжээ.

Мөн хугацаанд Орос нь шатах бүтээгдэхүүнээс газрын тосыг хамгийн өндөр мөнгөн дүнтэй экспортолсон байна. 20 улс дундаас Японоос бусад нь 79 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн Оросоос худалдан авчээ. Тухайлбал Хятад 23.9 тэрбум ам.доллар, Европын Холбоо 18.7 тэрбум ам.доллар, Энэтхэг 12.8 тэрбум ам.долларын газрын тос импортолжээ. Энэ нь мөнгөн дүнгийн 70 хувь юм. Түүнчлэн Турк, АНЭ, Сингапур, Бразил, Саудын Араб, Египет, Малайз зэрэг улс нийтдээ 1 тэрбум ам.доллароос дээш үнийн дүнтэй худалдаа хийсэн байна.