Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй хариуцлагатай уул уурхайн төслүүд нь сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд байгаль орчны хамгаалал, нийгэм, хүний хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж Монгол улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, олон улсын стандарт шаардлагуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх замаар тус салбарт хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулан ажилласаар байна.

МУУҮА нь тус ассоциацийн гишүүн, хариуцлагатай уул уурхайн төслүүдийн санаачилгаар үйл ажиллагаа нь хараахан хариуцлагатай явж чадахгүй байгаа төслүүдийг хариуцлагажуулах, оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах, цаашдаа салбарын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах зорилгоор “Хариуцлагатай уул уурхай” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.   

Тус хөтөлбөр нь 5 хамрах хүрээ, 29 шаардлагын хүрээнд компанийн сайн засаглалыг бэхжүүлэх, байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн харилцаа ба аюулгүй байдлын менежментийг сайжруулах, орон нутаг ба оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах зэрэг олон эерэг үр нөлөөг үзүүлэхээс гадна Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Алсын хараа – 2050 урт хугацааны бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, МУ-ыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг Засгийн газрын бодлогын баримт бичгүүдэд хариуцлагатай уул уурхайн чиглэлээр тусгасан олон зорилтын хэрэгжилтийг хангахад томоохон дэмжлэг үзүүлэх хөтөлбөр юм. 

МУУҮА-ийн санаачилгаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь “Хариуцлагатай уул уурхай” хөтөлбөрийг дэмжин 2022 оны 7-р сарын 21-ний өдөр, БОАЖЯ нь 2023 оны 8-р сарын 14-ний өдөр тус тус МУУҮА-тай хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа. Энэ нь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа дараагийн шинэ шатанд гарч, эрдэс баялгийн салбарт хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд ахиц дэвшил гарч байгааг МУУҮА-ийн зүгээс онцолж байна.

Эх сурвалж: Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциац