Дэлхийн эрчим хүчний хэрэглээ жилд 37 гега тонн, уул уурхайн үйлдвэрлэл 10 гега тонн хүлэмжийн хий үүсгэж байна. Цэвэр эрчим хүчний шилжилтийн шалтгаан ч энэ. Зэс, хөнгөн цагаан, никель, кобальт, литийн эрэлт огцом өсөж байгаа нь олон улсад эдийн засгийг ногооруулах хөдөлгөөн эрчимжсэнийг илтгэнэ. Уур амьсгалын өөрчлөлтийг хазаарлах шинэ техник, тоног төхөөрөмж, ногоон үйлдвэрлэлийн үндсэн металл, гол түүхий эдийг уул уурхайгаас гарган авч буй ч хамгийн “халтар” салбарт тооцогдож байна. Гэхдээ ESG-ийн чанга шалгуур, шаардлагаар дэвшилтэт, шинэлэг, анхдагч технологи, инновац түрүүлж нэвтрэх, ашиглах магадлал талаасаа уул уурхай нь ногоон хөгжлийг өнгөлөх салбар юм.
Сүүлийн 5 жилд цэнхэр гариг хурдацтай дулаарахын хэрээр байгалийн гамшигт үзэгдлийн тохиолдол нэмэгдэж, давтамж ойртсоор. Тиймээс байгаль орчин, нийгэм, засаглалын тэнцвэрт концепцийг улс орнууд хүлээн зөвшөөрч улам түгээмэл болж байна. 2001 онд S&P 500 компанийн 20 хувь нь тогтвортой байдлын тайлан гаргадаг байсан бол 2020 онд 92 хувьд хүрчээ. ESG шалгуур нь компаниудыг “шахалтад оруулж” илүү хариуцлагатай болгож байгааг “Дизайн энд Энвайронмент Консалтанси” байгууллагын Ерөнхийлөгч Дэйвид Осуалд илтгэлдээ дурдсан юм. Хүлэмжийн хий нь усны ууртай адил үзэгдэл бөгөөд өөртөө дулааныг удаан шингээдэг болохоос биш хортой зүйл биш. Харин дэлхийн дулааралд нөлөөлж гамшигт хүргэхээс сэргийлэн дэгдэлтийг хязгаарлах болсон байна. Хүлэмжийн хийг бууруулах нь ногоон хөгжил гэж “Монгол нүүрс” ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал тодорхойлов.
Дэлхийн дулаарлыг 1.5 хэмд барих Парисын хэлэлцээрт 197 орон нэгдсэн билээ. 2030 он гэхэд Монгол Улс 74 сая тонн хүлэмжийн хий ялгаруулна гэж үзэж байгаа бөгөөд тодорхой арга хэмжээ авсны үр дүнд 57 сая тонн болгож бууруулах амлалт өгсөн. Мөн үед манай аж үйлдвэржилтийн салбараас ялгарах хүлэмжийн хий 12 сая тоннд хүрэх тооцоо судалгаа байна. Тэгэхээр Монголд хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хийгээд хүлэмжийн хийг бууруулах эсрэг тэсрэг зорилт зэрэгцэж явах нь. Ийм хариуцлага тохоогдож буй цаг үед БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ уул уурхайн нөхөн сэргээлтийн асуудлыг хурлаар хөндсөн юм. Тэрээр “Уул уурхайн компаниуд, төрийн захиргааны байгууллагууд, бүхий л оролцогч талууд тогтвортой хөгжлийг тэргүүний зорилт болгож, улмаар хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд тууштай байгаагаа нотлох хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улсад уул уурхай, түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтоос 28 мянган га талбай эвдэрсэн. Хариуцах эзэнтэй 21 мянган га, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж ашиглаж байгаад орхисон, “нинжа” нарын үйл ажиллагааны улмаас эзэнгүй үлдсэн 7000 га талбай байна. Уул уурхайн төслийн эхний шат дамжлагаас эхлэн уул уурхайг хаах болон газрын төлбөр барагдуулах хүртэлх бүхий л үе шатанд нөхөн сэргээлт үргэлжлэх ёстойг БОАЖЯ хатуу мөрдөх бодлого барина” хэмээн мэдэгдэж байна.
Тэгвэл УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Элбэгзаяа Монголын эрдэс баялгийн салбар 100 жилийн түүхэндээ олборлох, нөхөн сэргээх эрх зүйн зохицуулалтыг үе шаттай хийж, байгаль орчны стандартуудыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж ирсэн. Өнөөг хүртэл уул уурхайд нөхөн сэргээлтийн асуудал илүүтэй яригдаж ирсэн бол дараагийн жилүүдэд уул уурхайн ногоон хөгжилд түлхүү анхаарч ажиллахаа онцоллоо. Хэрэв уул уурхай ногоорохгүй бол...Олон улсад эрчим хүчний үнэ багадаа 20 хувь нэмэгдэх нь тодорхой байна. Одоогоор аж үйлдвэржсэн орнууд “Цэвэр хөгжлийн механизм”-ын үүрэг хүлээсэн ба цаашид дэлхий нийтээр хэрэгжинэ. Хятад, Европын холбоонд хүлэмжийн хийн ялгаруулалтад төлбөр төлж эхэлжээ. Германд тонн тутамд 50 евро бол Канад 170 ам.доллар болгож нэмэгдүүлнэ. Ийм төлбөрийн хэлбэрүүд яваандаа бүх улс оронд нэвтрэх төлөвтэй. Нүүрс олборлохын тулд уурхайн амны үнээс өндөр төлбөр төлнө гэсэн үг. Манай уул уурхайд нүүрс, метан, цахилгаан, дизель түлш, химийн бодис, үйлдвэрлэл, хаягдал гээд бүгд хүлэмжийн хийн эх үүсвэрүүд юм. Ийм байвал ирээдүйд улам их үнэ төлөх болно. Тэгвэл Монголын хамгийн том уул уурхайн компаниуд ногоон хөгжилд ямар оролцоотой байхыг сонирхьё. Манай улс нэгэнт л уул уурхайд түшиглэн хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг зорьж байгаа тул хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ажлыг хамт тооцож, төлөвлөх шаардлагатай тулна. Уурхайн дотоод тээврийн системийг оновчлох, баяжуулах үйлдвэрийн шат дамжлагыг хялбаршуулах, ус ашиглалтыг хэмнэхэд анхаарч чадвал эрчим хүчний зарцуулалтыг 20-40 хувь бууруулах боломжтой. Ингэж хүлэмжийн хийн ялгарлыг багасгасан шийдлүүд цөөнгүй. Газрын тос боловсруулах зэрэг химийн үйлдвэрүүдийн хүлэмжийн хийг газрын гүнд “булшлах” нь түгээмэл. Эсвэл газрын тосны давхарга руу хийх хувилбар бий. Нефть олборлохын тулд ус шахдаг. Үүний оронд хүлэмжийн хий ашигласнаар газрын тосны олборлолт 20 хувиар нэмэгдэхээс гадна үйлдвэрлэлд ашиглах усыг гамнах давхар давуу талтай.
Мөн метан хий олборлосноор цэвэр эрчим хүч үйлдвэрлэх чиглэлд Өмнөговь аймагт гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын төслүүд судалгааны түвшинд хэрэгжиж байна. Метан хийн 500 МВт хүчин чадалтай цахилгаан станцын ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан ба 2025 онд ашиглалтад оруулахаар тооцжээ. Манай улсын нүүрсний тэргүүлэх үйлдвэрлэгч уг компани нийт цахилгаан эрчим хүчнийхээ 30-45 хувийг сэргээгдэх эрчим хүч, хийгээр хангах зорилт дэвшүүлсэн байна. Үр ашиг өндөр, зарцуулалт багатай цахилгаан тээвэр, туузан дамжуургын шийдлийг “Эрдэнэс Тавантолгой” уурхайдаа төлөвлөжээ. Тасралтгүй урсах туузан дамжуургат иж бүрэн системийг 2024 онд бүрэн нэвтрүүлнэ. Уурхайн технологийн гол замуудад жолоочгүй, цахилгаан техник ашиглах аж. Тус компанийн 1.9 их наяд төгрөгөөр санхүүжүүлсэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын тээвэр эхэлнэ. Хүнд даацын машинуудаас ялгарах хүлэмжийн хийг огцом бууруулах шийдэл талаасаа төмөр зам нь эко тээвэрт тооцогддог. Энэ онд гурван чиглэлд төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улс амлалтдаа хүрэхэд нэг том алхам хийх юм. Сэргээгдэх эрчим хүчийг уул уурхайд ашиглах нь амаргүйг инженер Ж.Золжаргал тайлбарлаж байна. Хүчтэй, нүсэр моторуудыг ажиллуулж хүчрэх нарны эх үүсвэрийг бий болгохын тулд тал дүүрэн хавтан, асар их багтаамжтай батарейнаас авхуулаад зардал ихтэй.
Мэдээж нэг чухал шийдэл бол уул уурхайн бүс нутагт мод тарьж “ногоон агаар” бий болгох. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөтөлбөрийн “Тэрбум мод”-ны 600 гаруй саяыг нэр бүхий уул уурхайн компаниуд 10 жилийн хугацаанд тарьж ургуулах үүрэг амлалт авсан. Одоогоор аж үйлдвэрийн салбарт ногоон шийдлээр Монцемент үйлдвэр үлгэрлэж байна. Хаягдал дулаанаас цахилгаан үйлдвэрлэж үйл ажиллагаандаа ашигладаг. Үйлдвэрийн саарал ус ашигласнаар 85 мянган тонн хүлэмжийн хий агаарт ялгаруулахаас урьдчилан сэргийлжээ. Харин өнгөрсөн 30 жилийн хугацаанд 250 мянган мод тарих гэж “нэлээд их юм” болсноо Монполимет группын Ерөнхийлөгч Н.Мөнхнасан нуусангүй. Манай улс дээд тал нь жилд 7.5 сая үрсэлгээ дотоодын хэрэгцээнд нийлүүлж байжээ. Хамгийн олон буюу 180 сая мод тарих үүрэг хүлээсэн “Эрдэнэс Тавантолгой” компанид гэхэд 120-150 сая үрсэлгээ шаардлагатай. Энэ үүднээс Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хот, Зүүнбаян баг, Цогтцэций суманд хүлэмж, сэргээгдэх эрчим хүчний дуслын системтэй Агро паркуудыг байгуулах ажлыг ирэх жилийн хавраас эхлүүлэх гэнэ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал бөгөөд Нүүрс, Эрчим хүчний группын дарга Б.Ганхуяг “Ногоон хөгжлийн чиглэлд компани NET ZERO 20/60 цогц төлөвлөгөөний стратегитай ажиллаж байна. 2021 оноос хэрэгжсэн “Ногоон хэрэм” төслийн хүрээнд тоосжилт ихтэй, тоос үүсэх нөлөөллийн орчныг ногооруулах, тухайн бүсээс айл өрхийг нүүлгэж байна. Говь нутагт мод тарьж ургуулахын тулд нэн тэргүүнд Загийн усны хоолойгоос гүний ус татах ажлыг 2023 онд дуусна. 2024 он гэхэд Орхон Онги урсацыг сайжруулан Улаан нуурыг тэжээж, улмаар Даланзадгад, Тавантолгойн уурхайн бүс нутгийг усаар хангах төслийг БОАЖЯ-нд танилцуулаад байгаа. Цаашдаа нүүрсийг хол тээвэрлэхгүйгээр боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бизнесийн шинэ загварт үе шаттай шилжинэ” гэв.
“Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер “Манай компанийн үйл ажиллагаа, бодлогын цөм нь “тогтвортой уул уурхай, ногоон хөгжил”. Бизнесийн загвараа өөрчлөх, хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах, байгаль орчинд үлдээх ул мөрийг нэн бага түвшинд хүргэх чиглэлээр тасралтгүй судалгаа хийж, олон арга хэмжээг зохион байгуулж буй”- гаа хэллээ. Говийн бүс нутагт гүний ус ашигладаг үйлдвэрлэлийн хувьд Оюутолгой хэрэглээний усныхаа 88 хувийг дахин ашиглаж байна. Оюутолгой компани 100 сая мод тарьж ургуулах амлалт авсан ба энэ жил 100 мянган мод тарьжээ. Харин “Рио Тинто Монгол” групп нь Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэгтэй (ICCF) хамтран “Эрүүл ой” төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулсан. Энэ нь тус групп, БОАЖЯ-тай байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт” хамтын ажиллагааны эхний төсөл бөгөөд “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих юм. Гэхдээ шинээр мод тарихгүй, идэр модод, ойг хамгаалах юм байна. Нийт 1.1 тэрбум мод “аврах” аж. Монгол орны ойн сав газрыг урт хугацаанд дархлаажуулах зорилттой. Гурван жилийн хугацаанд хэрэгжих төслийн 7.5 тэрбум төгрөгийг “Рио Тинто Монгол” санхүүжүүлнэ. “Эрүүл ой” төслөөр ойн чиглэлийн хүний нөөц бэлтгэх, бэхжүүлэхэд мөн анхаарах юм. 2018 онд дэлхийн уул уурхайн компаниудаас анхлан “Рио Тинто” нүүрсний бизнесээс татгалзсан. Энэ нь группын үйл ажиллагааны хүлэмжийн хийг бууруулах эхний алхам байсан юм. Тэгвэл 2050 онд хүлэмжийн хийг бүрэн тэглэх 3 үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлж байна. “Рио Тинто” группын Канад дахь хөнгөн цагааны уурхай сэргээгдэх эрчим хүч ашигласнаар үйлдвэрлэлээс ялгаруулах хүлэмжийн хийг 60 хувь бууруулж чаджээ. Ийм туршлагыг Монголд нэвтрүүлэх, мөн байгалийн нар салхины баялаг өгөгдөлтэй орны хувьд сэргээгдэх эрчим хүч хөгжүүлбэл хүлэмжийн хийг багасгахад томоохон түлхэц болохыг “Рио Тинто” группын Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал дурдсан юм.
Хаягдлын далан дүүрснээс цагаан тоос дэгддэг хүндрэл олон жил яригдаж ирсэн Эрдэнэтийн Баяжуулах үйлдвэрийг өргөтгөх шинэчлэл Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан. Одоо үйлдвэрт хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлж байна. Түүнчлэн цагаан тоос дэгдээхгүй шийдлээр хаягдлын санг өргөтгөх гэнэ. Үйлдвэрийн Ногоон хөгжлийн төслийн нэгжийн Мод үржүүлэг хариуцсан ойн инженер Э.Очирсүрэнгийн мэдээлснээр, цагаан тоосыг бууруулах нөлөөллийн ажлаар 8000 км зурвас газарт хайлаас модны үр тарьжээ. Мөн Салхин доорх 50 га талбайд ногоон байгууламж бий болгож байна. Эрдэнэт үйлдвэр Монголд анх удаа Ойн генетикийн төв байгуулаад буй юм. Модлог ургамлын үрийн сан бүрдүүлэх, генетик нөөцийн үр хадгалах, хамгаалах, эд эсийн аргаар үржүүлэх, иргэдийг үр тарьц суулгацаар хангах юм байна. “Ногоон хөгжил” төслийн хүрээнд 100 сая мод тарихаар төлөвлөжээ. Мөн хэмжээний тарьцыг 1 хүн ургуулах бүрэн автомат Мод үржүүлгийн төвийг 100 га талбайд байгуулна. Энд жилд 10-121 сая тарьц суулгац ургуулахаас гадна зөгий, загас болон жимс үржүүлнэ. Органик хог хаягдал ашиглаж бордоо үйлдвэрлэж байна. Ер нь Монголд ойн менежментийн чиглэлээр боловсон хүчний нөөц маш бага. Энэ мэргэжлээр суралцдаг оюутан цөөн. БОАЖЯ, Ойн агентлаг дээр ойн мэргэжилтэн хомс. ХААҮИС-д бэлтгэгдсэн мэргэжилтнүүд говийн бүсэд мод тарих туршлага, мэдлэг дутна гэдгийг “Уул уурхай ба ногоон хөгжил” салбар хуралд оролцсон томоохон компаниyдын удирдлагууд онцлон ярилаа.
Уул уурхай, олборлох, аж үйлдвэрийн салбарт хэмнэлт хийсэн, үйл ажиллагаагаа ногоон хөгжил рүү чиглүүлсэн аж ахуйн нэгжүүдийг урамшуулах буюу төрөөс дэмжих зохицуулалт хангалтгүй. Үүнийг хуулийн шинэчлэлд оруулах шаардлага байгааг УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Элбэгзаяа хүлээн зөвшөөрч байлаа. Үерийн шар усыг хуримтлуулж үйлдвэрлэлд хэрэглэхэд урамшуулдаг татварын тодорхой хөнгөлөлтийг Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэлд оруулахаар УУХҮЯ-наас санал өгчээ. “Уул уурхай ба ногоон хөгжил” бага хурлаар төрийн байгууллагын төлөөлөл болон үндэсний томоохон компаниудын удирдлагууд нэг дор сууж, байгаль орчны төвөгтэй асуудлыг өргөн хүрээнд хэлэлцсэн билээ. Ялангуяа дэлхий дахины ногоон хөгжлийн чиг хандлагатай уялдуулан компаниуд бодлого стратегиа шинэчлэн тодорхойлж, зарим нь үйл ажиллагаандаа бодитой нэвтрүүлж, нэвтрүүлэхээр бэлтгэхийн сацуу тэр бүгдэд тулгамдсан асуудал бэрхшээлийн талаар нээлттэй санал солилцсон юм.