Монголын ТОП бизнес эрхлэгчид хэн бэ?

Б.ЭНХМАА

Ковидын жилүүдэд Монголын бизнесийн орчин ямар байгаа, топ компаниудын ашиг орлого хэрхэн өөрчлөгдсөнийг уншигч танд хүргэе. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас өнгөрсөн оны ТОП 100 аж ахуйн нэгжийг зарлалаа. Жил бүр тодруулдаг уг жагсаалт урьд жилүүдийнхээс тийм ч ялгаатай байсангүй. Уламжлал ёсоор уул уурхайн салбарын компаниуд жагсаалтыг тэргүүлж, топ банкууд удаалсан байна. Шатахуун импортлогчид, харилцаа холбоо, хүнсний үйлдвэрлэл, сүлжээ дэлгүүрүүд гээд өмнөх жилүүдийнхээс агуулгын хувьд бараг өөрчлөгдөөгүй байна. Харин 2019 онтой харьцуулахад Тоёотагийн дилер компаниуд, цахилгаан түгээх компаниуд жагсаалтаас хасагдсан бол төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон хоёр ч компани шинээр топ 100-д оржээ. Мөн “Эко Глобал Ложистикс” компани анх удаа багтсан бөгөөд Тавантолгойн нүүрсний трейдэр компани юм.
Хятадын E Commodity компанийн Монгол дахь охин компани гэсэн үг. 2021 оны топ 100-д багтсан компаниудыг гол эздээр нь жагсааж харвал сонирхолтой үр дүн гарна. Хамгийн олон компани нь топ 100-д багтсан групп компаниудыг харвал төр хол илүү давамгайлж байна. Төрийн өмчит 16 компани уг жагсаалтад багтсан байгаа нь өмнөх оноос дөрвөөр нэмэгджээ. Тэр утгаар Монголын хамгийн топ бизнес эрхлэгчээр төр буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодорч байна гэсэн үг. Учир нь бусад хувийн хэвшлийн групп компаниудын тоо, орлого, татварын хэмжээ нь төрийн өмчит компаниудын хажууд хамаагүй бага байна. Харин хувийн хэвшлээс хамгийн олон компани нь шалгарсан группээр MCS тодорч байна. Уул уурхай, харилцаа холбоо, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга угсралтын чиглэлээр ажилладаг 10 компани нь 2021 оны топ 100-д багтжээ. Тэдэн дундаас хамгийн сонирхолтой компани нь Шангрила зочид буудал. Ковидын үед аялал жуулчлал, зочид буудлын салбар хамгийн хүнд байсан ч тус зочид буудал 50 дугаарт жагсаж байна.
МҮХАҮТаас компани бүрийн татвар, орлогын мэдээллийг нээлттэй мэдээлээгүй учир нийт хэдэн төгрөгийн орлого олж, татвар төлсөн нь тодорхойгүй байгаа юм. MCS группын тухайд топ 100 шалгаруулсан бараг бүхий л жилд хамгийн олон компани нь шалгарч ирсэн байдаг. “Шунхлай” группын газрын тосны бүтээгдэхүүний худалдаа, шингэн хүнсний үйлдвэрлэл болон харилцаа холбооны чиглэлээр ажилладаг 7 компани топ 100-д багтав. “Таванбогд” группын 6 компани шалгарчээ. Хамгийн том компани нь ХААН банк бөгөөд хамгийн том хувьцаа эзэмшигч нь Ц.Баатарсайхан байдаг. Мөн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Говь” компани, уул уурхайн компаниудад катерингийн үйлчилгээ үзүүлэгч “Саппорт Сервисес Монголиа” компани нь шалгарсан байна. “Номин Холдинг” группын 4 охин компани топ 100-д багтсан. Бүгд хүнс болон өргөн хэрэглээний бараа бүтээгдхүүний импорт, худалдаа эрхэлдэг компаниуд юм. “Бодь” группын гурван том компани топ 100-д багтсан байна. “Голомт банк” жагсаалтын тавдугаарт эрэмбэлэгдсэн бол “Бодь Интернэйшнл” 25 дугаарт оржээ. Харин “Инкон” компани 98 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Тус компани Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын дээд бүтцийн ажлыг гүйцэтгэж байгаа компани юм. МАК группын 3 компани топ 100-д орсон гэхэд болно.

“Монголын Алт” / МАК/ компаниас гадна “МАК Цемент” компани нь уг жагсаалтад тогтмол ордог. Харин ХАС банкны тухайд олон хувьцаа эзэмшигчтэй ч хамгийн том хувьцаа эзэмшигч нь МАК-ийн эзэн Б.Нямтайшир юм. Худалдаа Хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэгийн хувьд гол компаниуд болох “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Цемент Шохой” нь төрийн эзэмшилд шилжсэн учир ердөө Худалдаа хөгжлийн банк, “Бороо Гоулд” гэсэн хоёр компани нь топ 100-д орж байна гэсэн үг юм.

Топ 100-д багтсан компаниудыг Монголын бизнесийн орчны толь гэж болно. Тус жагсаалтад худалдаа үйлчилгээний 29, уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн 22 компани орсон байна. Бизнесийн салбар бүрээр нь ангилж, сүүлийн 3 жилд ямар өөрчлөлт орсныг хүснэгтээс дэлгэрэнгүй харж болно.

Ялангуяа Ковидын өмнөх 2019 он болон Ковидтой хоёр жилд гарсан өөрчлөлт нь анхаарал татаж байна. Худалдаа, үйлчилгээний салбарын орлого, ашиг өссөн ч төлсөн татварын хэмжээ буурчээ. Ийм зүй тогтол харилцаа, холбооны салбарт харагдаж байна. Борлуулалтын орлого нь ковидын хоёр жилд огцом өссөн ч татварын хэмжээ нь буурчээ. Цахилгаан, дулааны үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрийн салбарынхан орлого, татвар аль аль нь буурснаас гадна ковидын 2 жилд алдагдалтай ажилласан байна.

Mайнинг Инсайт Сэтгүүл, Тавдугаар сар 2022