Эдийн засаг эргэн сэргэх таамаг дэлхий нийтээр өөрчлөгдөж, бизнес, хөрөнгө оруулалтын орчинд тодорхой бус өдрүүд үргэлжилж байна. Тэр тусмаа манай улсын хувьд авч үзвэл, 2022 он тун таагүй байх нь ээ. Өөдрөг төсөөлөл, нааштай хүлээлт аль аль нь бүдгэрч, өсөлт, сэргэлт үл ажиглагдах шинжтэй. Ингэж тодорхойлоход хүргэсэн зүйл гэвэл олон улсын санхүүгийн байгууллагуудын Монгол Улсад өгч байгаа үнэлэлт, дүгнэлт юм. Тэдний дэвшүүлж байсан эдийн засгийн энэ оны өсөлтийн төлөв оны эхний хагаст бүгд өөрчлөгдөв.
МОНГОЛБАНК: Төв банк энэ онд эдийн засаг 5 хувиар өсөх төсөөллийг 2021 оны аравдугаар сард танилцуулсан. Тэгвэл үүнээс хойш таван сарын дараа энэхүү өөдрөг таамгаа бууруулж, 2.5 хувь болгов. Гадаад орчны тодорхой бус байдал, нүүрсний экспортын биет хэмжээ хүлээлтээс бага, БНХАУ-ын “Тэг-Ковид” бодлоготой холбоотой хилийн хязгаарлалт сулрахгүй байгаа нь төсөөллийг бууруулахад голлох нөлөө үзүүлжээ. Гадаад худалдааны нөхцөл муудсан, нийлүүлэлтийн сүлжээ доголдсон, инфляцын түвшин хоёр оронтой тоонд хүрч, төгрөгийн ханш огцом суларсан нь ээлжит шалтгаанд тооцогдож байна. Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 9 хувьд хүргэх шийдвэр гаргасан нь эдийн засгийн өсөлт рүү тэмүүлэх бус тогтвортой байдлыг хадгалахад чиглэжээ. Төв банк инфляцын өсөлтөд олон улсын зах зээл дээрх хүнсний болон шатахууны үнэ өссөн, тээвэр логистикийн саатал, түүнээс улбаатай тээврийн нэмэлт зардал, нийлүүлэлтийн доголдол зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн гэж тайлбарлаж байна.
FITCH: Худалдааны хамгийн том түнш Хятад улс боомтоо хаасаар байгаа, нүүрсний экспорт болон бусад түүхий эдийн экспорт ихээхэн тасалдсан тул Fitch агентлаг 2022 онд Монгол Улсын эдийн засгийг 1.2 хувиар өсөхөөр төсөөлөв. Хэрэв Хятадтай хийж буй худалдаа энэ чигээр цаашид удаан хугацаанд үргэлжилбэл манай улсын эдийн засгийн өсөлтийг бууруулах эрсдэл нэмэгдэнэ гэж тэд үзсэн юм. 2022 онд төсвийн орлогын өсөлт Засгийн газрын хүлээлтээс доогуур байж болзошгүй нь. Эдийн засгийг дэмжих 10 их наяд төгрөгийн багцын хүрээнд банкууд хөдөлмөр эрхлэлт, бизнес эрхлэгчид болон орон сууцны хөтөлбөрүүдийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгосон нь инфляцын дарамтыг нэмэгдүүлсэн гэж Fitch агентлаг “оношлов”. Энэ оны эцэс гэхэд Засгийн газрын өр 4.3 хувиар нэмэгдэж, ДНБий 65.3 хувьд хүрнэ гэж таамаглажээ. Гадаад валютын нөөцийг 3.6 тэрбум ам.доллар байна гэж мөн тооцоолсон байна. Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг Fitch агентлаг “B” төлөв “тогтвортой” хэвээр үлдээсэн бөгөөд 2023 оноос эдийн засаг сэргэх хандлагатай байгаа тул төсвийн орлого сайжирснаар ирэх жилийн төсвийн алдагдал буурна гэлээ. Хятадтай хиллэх боомтын хүндрэл арилах, Монголын экспортын гол түүхий эдийн эрэлт хэрэгцээ Хятадад өндөр хэвээр, Украины дайнаас үүдэх нөхцөл байдал тогтворжино гэж Fitch агентлагаас ирэх жилийн төлөвийг дэвшүүлжээ. Монгол Улсын ДНБ-ий өсөлтийг 2023 онд 6.3 хувь, 2024 онд 6.8 хувь хүртэл нэмэгдэнэ гэж төсөөлж байна. Оюутолгойн далд уурхай ашиглалтад орж, Таван толгойГашуунсухайт чиглэлийн төмөр зам нээгдсэнээр Монгол Улс ашигт малтмалын экспортоо нэмэгдүүлэх боломжтой. Гэсэн хэдий ч орон нутгийн иргэдийн байгалийн баялагтай холбоотой үндсэрхэг үзэл, улс төрийн тогтворгүй байдал зэрэг нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээнд нөлөөлж байна гэдгийг тэмдэглэжээ. Гадаад санхүүжилтээс ихээхэн хамааралтай, эдийн засаг нь голчлон Хятад руу чиглэсэн түүхий эдийн экспортод төвлөрсөн, улс төрийн тогтворгүй байдал байнга давтагддагийг мөн онцолсон байна.
ОУВС: Өмнөх таамгаа хамгийн огцом бууруулсан нь ОУВС болж байна. Тус байгууллага оны өмнө 2022 оны эдийн засгийн байдлыг урьдчилан харах зураглалдаа 7 хувиар тооцоолж байснаа 1 хувь болгож бууруулав. ОУВС-гийн Ажлын хэсэг Улаанбаатарт зочилж, эдийн засаг, төсөв болон санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийсний дараа дээрх 1 хувийн өсөлтийн таамгийг танилцуулсан билээ. Угтаа оны өмнөх анхны таамагт уул уурхайн бараа, бүтээгдэхүүний экспорт эрчимтэй сэргэж, эдийн засгийн тэлэлтийн жил байх болно гэж танилцуулж байсан юм. Гэвч ОХУ Украины хооронд үүссэн дайн, дайны тодорхойгүй байдал, БНХАУ-д коронавирусийн халдварын тархалт хурдацтай нэмэгдэж, хатуу хөл хорио тогтоосон нь дээрх өндөр таамгийг огцом бууруулахад хүргэжээ. Хойд, урд хөршөөсөө эдийн засгийн хувьд ихээхэн хараат байгаагийн сул тал шууд мэдрэгдэж, гадаад орчны сөрөг нөлөөлөлд маш өртөмтгий, эмзэг байгааг ОУВС анхааруулсан юм. Ажлын хэсгийн санал, зөвлөмж нь төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх, халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, хавтгайрсан нийгмийн халамжийн бодлогоос татгалзах “гэрийн даалгавар”-ыг Засгийн газарт өгсөн билээ. Нийгмийн халамжийн зардал 2017-2019 онд дунджаар ДНБ-ий 2.4 хувьтай тэнцэж байсан бол 2021 онд 3 дахин нэмэгдэж, огцом өсжээ. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг илэрхийлэх инфляцын дарамт энэ оныг дуустал үргэлжлэх төдийгүй өндөр түвшинд хадгалагдахаар байгааг ОУВС мэдэгдсэн юм. Мөнгөний бодлогыг тодорхойлох Монголбанкны хувьд инфляцтай зөвхөн бодлогын хүүг өсгөх замаар дунд хугацаанд тэмцэх нь үр дүн багатайг тус байгууллагын зүгээс хэлж байна.
ДЭЛХИЙН БАНК: Манай улсын эдийн засаг 2020 онд 4.4 хувиар агшсан бол 2021 онд ердөө 1.4 хувиар өссөн билээ. Харин 2022 онд Дэлхийн банкны тооцоолж байгаагаар хүлээгдэж байсан эдийн засгийн өсөлт хоёр дахин хумигдахаар байгаа.Тус байгууллага манай улсын эдийн засагт үлэмж итгэл үзүүлж байсан бол энэхүү итгэл асар богино хугацаанд суларч, эдийн засгийн 2022 оны өсөлтийн төлөвийг 2.5 хувь гэж тодорхойлов. Дэлхийн банк оны өмнө эдийн засгийн энэ оны өсөлтийн төлөвийг 5.2 хувиар төсөөлж байлаа. Төсөөллөө бууруулсан гадаад хүчин зүйл нь Орос, Украины дайн болон БНХАУ-ын дотооддоо авч хэрэгжүүлж байгаа хатуу хөл хорио, цар тахлын эсрэг авч арга хэмжээ юм. Манай улсаас шууд шалтгаалах дотоод эрсдэл гэвэл их хэмжээний өрийн дарамт, төсвийн сахилга батгүй байдал, инфляц, ханшийн дарамтыг ийнхүү үндэслэжээ. Таамаг бууруулах томоохон шалтгааны нэг нь Монгол, БНХАУ-ын хил хоорондын боомтууд дээр гарч буй хүндрэл. Гадаад худалдаанд тулгарсан саад бэрхшээл үргэлжилсээр. Энэ байдал экспортын орлогын эх үүсвэр болсон уул уурхай болон худалдааны салбарт хамгийн ихээр нөлөөлж байна. Монгол Улсын Засгийн газрын өр ДНБ-ийхээ 80 хувьд дөхсөн, инфляц 15 хувь болсон нь нийгэм, эдийн засгийн гүн хямрал руу хөтлөх эрсдэлтэйг Дэлхийн банк онцгой сануулсан. Тиймээс өсөлт бус тогтвортой байдал, хүнд үеийг богино хугацаанд даван туулах нь нэн чухал болохыг онцлон тэмдэглэсэн хэрэг. Үүний тулд төрөөс иргэддээ үзүүлж байгаа халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах, өрийн менежментийг сайжруулах, төрийн албаны үрэлгэн зардлыг танах зэрэг зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлсэн юм. Дайн, мөнгөний хатуу бодлого болон БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарсан зэрэг нь цар тахлын хүндрэлийг улам даамжруулах магадлалтай гэж Дэлхийн банк үзсэн. Хэдий 2022 онд хамгийн хүнд жил байх төлөв, таамагтай байгаа ч ирэх онд эдийн засаг сэргэх, эдийн засгийн өсөлт 5-6 хувь руу шилжих таамгийг ОУВС, АХБ, Дэлхийн банк аль аль нь гаргаж байгаа юм. Энэхүү өсөлтийн эх сурвалж нь “Оюутолгой”-н гүний уурхай болж байна. Дэлхийн банкны Монголыг хариуцсан Суурин төлөөлөгч Андрей Михнев “Монгол Улсын хувьд эдийн засгийн өсөлт саарсан, инфляц огцом өссөн, төсөв болон гадаад секторын тэнцвэр ганхсан, өрийн дарамт нэмэгдсэн зэрэг томоохон сорилтуудтай тулгараад байна” хэмээн мэдэгдсэн. Төсвийн алдагдал 2022 онд эргээд нэмэгдэхээр байна. Энэ оны батлагдсан төсвийн дагуу алдагдал ДНБий 3.7 хувь хүртэл өсөж болзошгүй нь. Эдийн засгийг дэмжих арга хэмжээтэй холбоотойгоор Засгийн газрын өр сүүлийн 2 жилийн хугацаанд огцом нэмэгдсэн. Засгийн газрын өр 2016-2019 оны хооронд ДНБ-ий 20 нэгж хувиар буурч байсан бол 2020 онд 10 нэгж хувиар нэмэгдэж ДНБ-ий 79.5 хувьд хүрсэн юм. Төсвийн нийт алдагдал 2022 онд тэлснээр өр цаашид нэмэгдэхээр байна.
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК: Азийн хөгжлийн банкнаас жил бүр эрхлэн гаргадаг “Азийн хөгжлийн төлөв-2022” эдийн засгийн шинжилгээ, төсөөллийн тайланд өгүүлснээр Монгол Улсын эдийн засаг энэ онд 2.3 хувиар өсөхөөр байна. Өндөр инфляц, гадаад худалдааны ээдрээтэй байдал, хөрш орнуудын хэрэгжүүлж буй бодлого, геополитикийн нарийн төвөгтэй асуудал манай улсын эдийн засгийн өсөлтийг хязгаарлах нь. АХБ оны өмнө буюу өмнөх тайландаа, 2022 оны эдийн засгийн өсөлтийг тун өөдрөг буюу зургаан хувиар таамаглаж байлаа. Уг үзүүлэлт өнөөдөр гурав дахин буурчээ. АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран “Монгол Улс урьдчилж харах боломжгүй гэнэтийн цочролууд, хосолмол эрсдэлтэй нүүр тулж байна. Эдгээрийн нэг нь БНХАУ-тай хийх худалдааны гол боомтууд хаалттай хэвээр байгаа хүндрэлтэй асуудал, нөгөө нь Украин дахь ОХУ-ын халдлага, түүний эдийн засаг дахь сөрөг үр дагаврууд юм. Үүссэн хүнд нөхцөл байдалтай уялдан Монгол Улс стагфляцийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх бодлого буюу хариу арга хэмжээг нэн яаралтай авах шаардлагатай” хэмээн тэмдэглэсэн. Украин дахь ОХУ-ын халдлагын улмаас Монгол Улсын эдийн засгийн төлөвт учрах эрсдэл огцом нэмэгдэж, төлбөрийн тэнцэл, улсын төсөв, инфляци болон бизнесийн үйл ажиллагаанд улам бүр дарамт үүсэж байгааг АХБ цохон дурдсан. Тус байгууллагын үзэж байгаагаар, өндөр инфляцын дарамт энэ онд үргэлжлэх бөгөөд гадаад худалдааны хүндрэл арилах эсэх нь тодорхойгүй байна. БНХАУ-тай хиллэдэг худалдааны гол боомтууд хэзээ нээгдэх, КОВИД-19 цар тахлын халдвар дахин дэгдэх эсэх, түүнчлэн Украин дахь ОХУын халдлагын улмаас эдийн засагт үүсэж байгаа сөрөг нөлөөллийг зөөлрүүлэх чиглэлд бодлогын ямар хариу арга хэмжээ авах, тэр нь ямар үр дүнд хүргэх зэргээс 2022 он болон 2023 оны эдийн засгийн төлөв шалтгаалах аж. Үүнээс гадна төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах нь импортын барааны үнийн өсөлтөөр дамжиж инфляцад шууд нөлөөлөхөөр байгаа нь томоохон сорилт болохоор байна.