Өнгөрсөнд зовох биш ирээдүйдээ санаа тавих цаг

С.БОЛД-ЭРДЭНЭ

Л.Оюун-Эрдэнээр овоглосныг нь тооцвол сүүлийн хоёр жил гаруй, Оюутолгойгоор бүхэлд нь тооцвол 12 жил өрнөсөн өртэй өргүй, ашигтай ашиггүй гэх маргаан, түүнийг дагасан үл ойлголцол, улс төржилт дуусаж байх шиг байна. Одоо гүний уурхайн олборлолт эхэлсэн. Бандан тас. Лав 50 орчим жил зогсоох аргагүй болсон. Тиймээс өнгөрсөнд гарсан алдаа дутагдлыг тодорхойлж, хоёр талын ойлголцлын дүнд асуудлаа шийдлээ гэж ойлгож болно. Өр төлбөрөө ч тэглэлээ. Өнгөрснийг ахин дахин сөхөж, гомдол мэдүүлж, гоншигнож суух цаг дууссан гэсэн үг. Харин ирээдүйгээ харж, Оюутолгойг дагасан эдийн засгийн бодит өсөлтийг бий болгох, түүнийг иргэн бүрд наахад анхаарлаа хандуулж, ухаанаа зарцуулах цаг эхэлж байна.

Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлж, огтлох малтлагын эхний тэсэлгээ хийх командыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Рио Тинто” группын Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар өглөө. Ерөнхий сайд нээлтийн үгэндээ хоёр зүйлийг маш тодорхой хэллээ. Түүний хэлсэн үг дахиж алдаа гаргахгүйгээр өнгөрснийг цэглэе, ирээдүйгээ харъя гэсэн утгыг илэрхийлсэн. Юун түрүүнд Монголын ард түмэн, Засгийн газраас хөрөнгө оруулагч талд дахин итгэл хүлээлгэж, магадгүй сүүлчийн найдлага тул хугацаанд нь гүний уурхайгаа дуусгаарай, дахиж асуудал үүсгэв ээ гэсэн сануулга байв. “Рио Тинто”-гийн Зэсийн группын захирал Б.Болд ч үүний хариулт болгож, хийж байгаа ажлаа чанартай гүйцэтгэж, хугацаанд нь гүний уурхайгаа бүрэн ашиглалтад оруулах хариуцлагатай мөч ирснийг ухамсарлаж байгаагаа хэлсэн. Гүний уурхай гэж 200 км туннел барина даа гэж санаа зовж сууснаа бодоход өнөөдөр 10 орчим тэрбум ам.доллар зарцуулаад 70-аад км-ийг нь барьсан, анхны хүдрээ олборлоход ойрхон ирсэн байна. Хэдхэн жилийн өмнө яаж алдаа эндэгдэлгүй хийх вэ гэж санаа чилээж суусан бол өнөөдөр хэдэн мянган монгол ажилтнууд, инженерүүдийн хүчээр их ажлын 90 хувийг нугалаад байна.

Оюутолгойн түүхийг харвал онц сонирхолтой зүй тогтол ажиглагдана. Засгийн газар, “Рио Тинто” хоёр муудалцах, тохиролцох бүр нь эдийн засгийн хямрал, сэргэлттэй холбогдсон байдаг. Анх Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үед Монгол Улс дэлхийг нөмөрсөн эдийн засгийн гүн хямралаас гарах гарцаа сүвэгчилж байв. Хоёр ч банк дампуурсан, хоосорсон сан хөмрөгтэй улсад байгаа хэдэн ордоо гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран хэрэгжүүлэх ганцхан шахуу сонголт л байлаа.
Оюутолгойг “Рио Тинто”-той хамтран хөдөлгөж чадсан бол Тавантолгой бүтэл муутайхан байсан нь үнэн. Гэрээ байгуулагдсанаас хойших гурван жилийн эдийн засгийн өндөр өсөлт, валютын асар их орох урсгал, хурдацтай тэлж байсан бизнесүүд бол Оюутолгойн гэрээний ач холбогдол байсан гэдгийг тоо баримт хөдөлшгүй харуулдаг. Удаад нь 2013-2015 онд 20 сарын хугацаанд Монгол Улс төлбөрийн тэнцлийн гүнзгий хямралд орсон. Нүүрсний үнэ 30 ам.доллар хүрэхтэй үгүйтэй болж, босгосон Чингис бонд нь гарын салаагаар урсаж байсан цагт Оюутолгойн гүний уурхайг эхлүүлэх, санхүүжилтийг нь босгох гэрээ байгуулж байв. Талууд багагүй маргасны дүнд тухайн үедээ л харилцан ашигтай байдлаар гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Жил бүр орж ирэх 1.2 тэрбум долларын хөрөнгө оруулалт, багадаа 10 мянган ажлын байр, 1000 компанийн бизнес эргэж боссон гээд үр нөлөө нь эдийн засагт ихээхэн эергээр туссаныг мөнөөх тооцоо судалгаа тодорхой харуулдаг.

Энэ удаагийнх бол гурав дахь нь. Цар тахлын үеийн эдийн засгийн хямралд өртсөн Монгол Улс Оюутолгойн гүний уурхайн олборлолтыг эхлүүлж, хөрөнгө оруулагчтайгаа тохиролцож байна. Төлөх байсан өр төлбөрөө тэглүүлж, нэмэлт 1.4 тэрбум долларын санхүүжилтийг хөрөнгө оруулагч тал бүрэн даах болсноор ойрын 10 жилд багадаа 20 тэрбум долларын экспортын орлого, 20 их наяд төгрөгийн татварын орлого бүрдүүлэх боломжоо нээж чадлаа. Цар тахлын хоёр жилд бизнесүүд хумигдаж, өөрсдөөс үл хамаарах хилийн хориг гацаанд орсон гээд Ерөнхий сайд түмэн асуудал дунд толгойгоо маажиж суугаа. Эдийн засгийг хямралаас гаргах, шинэ өсөлтийг бий болгох бодлогоо зарласан энэ үед хамгийн том хөрөнгө оруулагчтайгаа тохиролцож, хамгийн том төслөө урагшлуулж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн онцолсон хоёр дахь агуулга ч үүнтэй хамаатай.

Монгол Улс хөрөнгө оруулагчидтай ойлголцож, зөвшилцөж, тогтвортой хамтран ажиллаж чаддаг, харилцан ашигтай түншилдэг гэдгээ дэлхий дахинд нотлон харуулахаас гадна цаашид хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдтэй харилцан ашигтай түншлэхэд монголчууд бэлэн байгаагаа хөрөнгө оруулагчдад илэрхийлье гэсэн түүний үг гадаадын хөрөнгө оруулагчдыг уриалан дуудаж байгаа гэсэн үг юм. “Рио Тинто”-той тохиролцож чадсан нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсаныг ганцхан жишээнээс харж болно. Дэлхийн хөрөнгийн зах зээл хэд хоногийн турш уруудаж, улаанаараа эргэлдэж байгаа энэ цаг мөчид Монголд үйл ажиллагаа явуулдаг дөрвөн компанийн хувьцааны ханш өсөлттэй байна. Оюутолгойн асуудал бол зөвхөн нэг компанийн асуудал биш нийт Монголын компаниуд, бизнесийн асуудал болсныг харуулсан хэрэг юм. Цаг хугацаа хамгийн чухал. Оюутолгойн асуудлыг шийдсэнийг хөрөнгө оруулагчид талархан хүлээж авсан энэ мөч тийм ч удаан үргэлжлэхгүй. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Монгол Улс бизнест эргэн ирлээ” хэмээн зарлаж байв. Тухайн үед ч хувьцаа, бондын ханш өсөж, хөрөнгө оруулагчид алга ташиж байсан нь үнэн. Тэр мөчлөгийг Монгол Улс бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй нь бас үнэн. Зургаан жилийн өмнөх алдааг давтах эсэх, энэ мөчийг хурдан хийгээд боломжийнхоо хэрээр ашиглах эсэх нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын чадамжаас шууд хамаарна.

Тулга тойрсон маргааныг ахин дахин сөхөн дөрвөн уулынхаа дунд суух уу, эсхүл дэлхийг тойрч хөрөнгө мөнгө татах боломжийг эрэлхийлэх хоёрын аль нь энэ улсад чухал вэ гэдгийг эрхбиш ялгаж салгаж суугаа биз. Засгийн газрын манлайлал, бодлогын дэмжлэгийг Монголын олон мянган бизнес, хөрөнгө оруулалт хүлээн суугаа төслүүд хүсэж байгаа. Тиймээс ч хүрсэн үр дүнгээ хадгалж, дараа дараагийн Оюутолгойг нээх, томоохон хөрөнгө оруулалт татах алхмаа хийх цаг ирлээ. 

Майнинг Инсайт Сэтгүүл, нэгдүгээр сар 2022