Гүний уурхай үйлдвэрлэлийн эхний үе шатанд шилжлээ

Б.БАЯРТОГТОХ

Оюутолгойн орд илрэлийг олж мэдсэнээс хойш бид нэгэн жарныг ардаа үджээ. Ордыг ашиглах тухай гэрээнд хөрөнгө оруулагчид гарын үсэг зураад 13 жил өнгөрсөн байна. Ил уурхайгаас олборлосон зэсийн баяжмал ачсан анхны цуваа хөдлөөд 9 жил болжээ. Гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлээд 6 жилийг зарцуулж. Түүнээс хойш 2022 оны эхэнд “Оюутолгой” төслийн гүний уурхайн үйлдвэрлэлийн үе шатыг эхлүүлэх түүхэн шийдвэрийг хувь нийлүүлэгчид хамтдаа гаргалаа. Үрчлээтэн тогтсон боржин уулсын өлмий залган их тал үргэлжилнэ. Зах хязгааргүй тул хараа сунгаж үл хүрнэ. Говийн өвөл дулаан. Тэр тусмаа Ханбогдын өвөл хаврыг санагдуулам урь зөөлөн.
Монголын эдийн засгийн тулах нэг багана болсон “Оюутолгой” төслийн талбайд болох түүхэн үйл явдлыг гэрчлэхээр сэтгүүлчид байраа эзэлжээ. Эх орны өнөө маргааш, ирээдүйн “хувь заяа”- нд үлэмж хамааралтай томоохон үйл явдлыг сурвалжлахаар ирээд байгаа нь энэ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нуруу цэх аажим алхсаар ёслолын танхимд орж ирлээ. Түүнийг Засгийн газрын хэд хэдэн сайдаас гадна “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүд дагалджээ. Ерөнхий сайдтай зэрэгцээд “Рио Тинто” группын Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм, “Рио Тинто” компанийн Зэсийн группын захирал Б.Болд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат тэргүүтэй хүндэт зочид суудлаа эзэлсэн юм. Уул уурхайн салбарын 100 жилийн ойн босгон дээр 100 жил ашиглах боломжтой Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний үе шат буюу анхны тэсэлгээ хийх товчлуурыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Рио Тинто” группын Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар дарлаа. Энэ цагаас эхлэн ирэх оны эхний улиралд багтааж гүний уурхайг бүтэн ашиглалтад оруулах цаг хугацааны тоолуур анхны тэсэлгээтэй хамт гүйж эхлэв. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн “Оюутолгой” компанийн үүрэг, хариуцлагын тоолуур ч гүйж эхэлсэн хэрэг юм. Оюутолгой ордын баялгийн хамгийн өндөр агуулгатай, хамгийн их нөөцтэй хэсэг болох Хюгогийн ордуудыг зөвхөн гүний уурхайн аргаар олборлох боломжтой. Гүний уурхайг ашиглалтад оруулснаар ордын нийт нөөцийн 80 хүртэл хувийг тэндээс олборлож, эдийн засгийн эргэлтэд оруулна. Ингэснээр Монгол Улс дэлхийд эхний тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн уурхайтай болно.

Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.4 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэв.

Олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд зүй ёсоор тооцогдоно. Манай улсын эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэх юм. “Оюутолгой” компани тав орчим тэрбум ам.долларын борлуулалт хийж, улсад төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гурав дахин нэмэгдэх урьдчилсан тооцоолол гарчээ. Уул уурхайн салбараас төсөвт бүрдүүлэх орлогын хувь хэмжээ дагаад өснө гэсэн үг. Ялгаагүй татварын дүнд маш том өөрчлөлт орно. Тус компани өнгөрсөн онд л гэхэд Монгол Улсын төсөвт нийт 2 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, төсвийн нийт орлогын 21 хувийг бүрдүүлжээ. Газрын гадаргаас 1300 метрийн гүнд орших 2.5 км урт 300 метр өргөнтэй хүдрийн биетийг олборлох ажлыг эхлүүлэхийн тулд 2010 оноос эхлэн бэлтгэл ажлыг шат дараалалтай хангасан юм. Олборлох үйл явцыг эхлүүлэх огтлох малтлага буюу анхны тэсэлгээ эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчинд итгэл найдвар авчирч, уул уурхайн салбарт шинэ хуудас нээв.
Гэрэл зураг: Гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний үе шатыг эхлүүлэх мөч

Гүний уурхайн огтлох малтлага гэж энгийнээр тайлбарлавал хүдрийн биетийг доороос нь тэсэлгээ хийн хөдөлгөөнд оруулж, уулын даралтын хүч буюу газрын татах хүчийг ашиглан нурааж, нурсан хүдрийг доороос нь татан авч олборлоно гэсэн үг. Оюутолгойн гүний уурхайд блокчлон олборлох технологи ашиглах юм. Уг аргачлал нь бүтээмж өндөр, хүдрийн биет хэмжээ томрох тусам хэмнэлт улам нэмэгдэж, нэгж хүдрийг олборлох зардал буурах, цаашлаад үйлдвэрлэлийн үр ашиг өсөн нэмэгдэх давуу талтай. Түүнчлэн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл бага, өртөг зардал хямд, аюулгүй ажиллагаатай гээд орчин үеийн шалгарсан дэвшилтэт технологи гэдгээрээ онцлог. Одоогийн байдлаар дэлхий даяар блокчлон олборлох аргаар олборлолт явуулдаг 17 уурхай байна Гүний уурхайн тогтвортой олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт санхүүжилтийг “Рио Тинто” болон “Туркойз Хилл Ресурс” бүрэн хариуцахаар болсон. “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүд огтлох малталтыг эхлүүлэхэд шаардагдах санхүүжилт болон бусад арга хэмжээ авахыг санал нэгтэйгээр зөвшөөрсөн нь гүний уурхайн дараа дараагийн үйлдвэрлэлийн үйл явцыг хурдлуулахаар байна. 26 сар хүлээгдсэн эргэлзээ, тодорхой бус байдал тайлагдаж, төслийн хөрөнгө оруулагчид ойлголцсон нь “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны ханш нэг өдрийн дотор 16.5 хувиар өсөж, сүүлийн зургаан сарын дээд түвшинд хүрэхэд нөлөөлсөн юм. Гүний уурхайн үйлдвэрлэлийн анхны тэсэлгээг хийх ёслолын үеэр “Оюутолгой” төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.4 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэсэн батламжийг “Туркойс Хилл Ресурс” компанийн Санхүү эрхэлсэн захирал Люк Колтон “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбатад гардуулан өгсөн.

Гүний уурхай бүрэн хүчин чадлаар ажилласны дараа Казахстан, Канадтай үйлдврлэлээрээ зэрэгцэнэ.

Хөрөнгө оруулагч тал өмнө нь үүссэн 2.4 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглэж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор “Оюутолгой” төслийн Засгийн газрын эзэмшлийн 34 хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирсэн гэсэн үг. Үүнийг товчхондоо хэлэлцээний үр дүн гэж Засгийн газрын тэргүүн дүгнэсэн юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хэлэлцээрийн хүрээнд “Оюутолгой” төслийн бүтээн байгуулалтыг Монгол Улсын нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээр хангах шийдвэр гарснаар Тавантолгой Дулааны цахилгаан станц баригдах боломж бүрдэж, өнөөдөр жил бүр гадаадаас худалдан авч буй 120 гаруй сая ам.доллар Монгол Улсад үлдэх болно. “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр Монгол Улс хөрөнгө оруулагчидтай ойлголцож, зөвшилцөж, тогтвортой хамтран ажиллаж чаддаг, харилцан ашигтай түншилдэг гэдгээ дэлхий дахинд нотлон харуулах баталгаа болно гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд цаашид хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдтэй харилцан ашигтай түншлэн ажиллахад монголчууд бид бэлэн байгаагаа хөрөнгө оруулагчдад илэрхийлье” хэмээн гүний уурхайн үйлдвэрлэлийн анхны тэсэлгээг хийх ёслолын эхэнд онцлон тэмдэглэсэн. Түүний дараа үг хэлсэн “Рио Тинто” группын Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм Оюутолгойн гүний уурхайг “Дэлхийн энтэй цахиур хагалах уурхай” гэж тодотгоод “Энэ уурхай улс орны ирээдүйн хөгжлийн түүчээ болоод зогсохгүй нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах дэлхийн эдийн засгийн шилжилтийг дэмжихэд гойд ач холбогдолтой. Өнөөдөр бид нэгэн чухал түүхэн үйл явдлын гэрч болж байна” хэмээн мэдэгдсэн юм. Дэлхий нийтээр нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах санаачилга өрнөж, үүнд уул уурхайн салбар, түүний дотор үндэстэн дамнасан компаниуд нэгдсэн орж эхэлсэн. Үүнийг нэг нь “Рио Тинто” групп. Гүний уурхай үйлдвэрлэлийн оргил үедээ жилд хагас сая орчим тонн зэс үйлдвэрлэх хүлээлттэй байна. Өөрөөр хэлбэл, одоогийнхоос 3-4 дахин их зэс агуулсан баяжмал үйлдвэрлэх төлөв бий.
Гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажилласны дараа Казахстан, Канадтай үйлдвэрлэлээрээ зэрэгцэх юм. “Рио Тинто” компанийн Зэсийн группын захирал Б.Болд “Өнөөдөр сэтгэл их догдолж байна. Гэхдээ нөгөө талд хэлсэн үгэндээ эзэн байж, хийх ажлаа чанартай гүйцэтгэж 2023 оны эхний хагаст уурхайгаа бүрэн ашиглалтад оруулах маш чухал үүрэг хариуцлага ирж буй тул түгшүүр байна. Энэ төсөл өнгөрсөн арван жилийн хугацаанд Монгол Улсад маш олон хэлбэрээр өгөөжөө өгсөн. Тухайлбал, Монгол Улсын 2021 оны төсвийн 20 хувийг буюу 700 гаруй сая ам.долларыг “Оюутолгой” бүрдүүлжээ. Хоёрдугаарт, Монгол Улсын мэргэжлийн боловсон хүчин дэлхийд гарч байна. Манай ханган нийлүүлэгч нар дэлхийн хэмжээний хөдөлмөр аюулгүй байдлын стандартыг нэвтрүүлж байгаа. Тиймээс “Оюутолгой” компаниар дамжиж дэлхийн соёл Монголд нутагшиж байна” хэмээн энэхүү ёслолын үеэр сэтгэгдлээ хуваалцсан юм. Оюутолгойн гүний уурхайгаас нэг өдөрт олборлох зэсийн хэмжээ нь 1600 орчим салхин сэнс, 16 мянга гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эд гэхээр ордын хэр хэмжээг эндээс багцаалж болохоор. Өдгөө дэлхийн зах зээлд тонн зэсийн үнэ 9200 орчим ам.долларт эргэлдэж, найман сарын өмнөх 10 мянган ам.доллар давсан дээд үзүүлэлтээ шинэчилж хараахан чадаагүй байна. Хэдий тийм боловч одоогийн ханш зах зээлийн тоглогчдод олдохгүй үнэ болоод байгаа.

Ногоон ирээдүйг бүтээх цахилгаан машин, цэнэг хураагуур, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлтэй холбоотойгоор зэсийн эрэлт хэрэгцээ өсөх хандлагатай байна. Эдийн засагт сэргэлт авчрах “Оюутолгой” төсөл С.Баяр, С.Батболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүхийн Засгийн газраар дамжин өнөөдрийн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хүрч ирсэн билээ. Уурхайн гүнд аварга техникүүд ажиллаж, хүчирхэг мотор хүржигнэж, хамгаалалтын малгай дээрээ чийдэнтэй уурхайчид урагшлах замаа гэрэлтүүлэн байна. Энэ бүхэн Монголын эдийн засагт ч тусах гэрэл юм.