Э.ОДЖАРГАЛ
2021 онд дэлхийн зэсийн салбарт шинээр нээгдсэн уурхайнуудаас хоёр нь онцгойрч байна. Аль аль нь Монголын Эрдэнэт, Оюутолгойтой тэнцэх, нийт хэмжээгээр давахуйц хүчин чадалтай. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Түвдийн зэсийн цогцолборын (Qulong) олборлолт, үүнээс таван сарын өмнө Конго дахь Kamoa-Kakula уурхайн экспорт эхэлсэн. Эдгээр үлэмж үйлдвэрлэлийн цаана Хятадын Zijin Mining компани бий. Арван жилийн өмнө алтны компани гэгдэж байсан бол эдүгээ зэс, литийн салбарт том тоглогч болж, олборлох эрдсээ төрөлжүүлэн үндэстэн дамнасан корпораци болж өндийжээ. “Бизнесийн замнал” буландаа Хятадын уул уурхайн салбарын хамгийн том компанийн нэгийг онцолж байна.
Гэрэл зураг: Zijing Mining компанийн ТУЗ-ийн дарга Чэн Жинхэ
Хятадын эрдсийн бодлогыг тодорхойлдог төрийн тэргүүлэх корпорацуудтай эн зэрэгцэх хөрөнгийн эргэлттэй, гэхдээ хувийн өмчит Zijin Mining нь дэлхийн уул уурхайн салбарт томорч яваа тоглогч. Тэд Монголд ч олборлолт явуулдаг, бидний эртний танилын нэг. Zijin Mining сүүлийн хоёрхон жилд цахиур хагалж, хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд орж ирсэн. Хувьцааны ханш нь сүүлийн 20 сарын дотор 4 дахин өсөж, зах зээлийн үнэлгээ нь 40 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. 2021 оны эцсийн байдлаар Хятадын томоохон төрийн өмчит компаниудыг эс тооцвол дэлхийн уул уурхайн салбарт зах зээлийн үнэлгээгээрээ 12 дугаарт жагсаж, Хятадын хамгийн том компани болов. Алтны Barrick Gold, төмрийн хүдрийн Тeck Resources, нүүрсний Coal India, Shaanxi Coal, зэсийн First Quantum Minerals гээд эрдэс бүртээ дэлхийд толгой цохидог компаниуд Zijin-ийн араас жагсжээ. Энэ нь зэс, лити, кобальт, цайр зэрэг шинэ эрдсийн ордуудад хөрөнгө оруулах, худалдан авах замаар хөрөнгөө амжилттай төрөлжүүлсэнтэй шууд холбоотой. Ердөө гуравхан жилд шинээр алт, зэсийн 10 гаруй орд эзэмшсэн бөгөөд алтны нөөц нь 800 орчим тонноор хэмжигдэж байгаа нь Монгол Улсын нийт алтны нөөцийн 1/5-тэй тэнцэхүйц юм. үйлдвэрлэлийг эхлүүлснээ Zijin Mining зарлав. Уг уурхайн сацуу зэс-холимог металлын Zhibula, зэсийн Rongmucuola ордыг олборлох эрхтэй Tibet Julong Copper-ийн 50.1 хувийг 548 сая ам.доллароор эзэмшсэн. Мэдэлдээ авсан даруйд уурхайн дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрс хуулалтын ажлыг 2020 оны намар сэргээжээ. Ил аргаар олборлож буй Qulong талбай хамгийн их буюу 11 сая тонн зэсийн батлагдсан нөөцтэй ч 20 сая тонн давах төлөвтэй. Манай Эрдэнэттэй дүйцэхүйц гэсэн үг. Энэ онд Qulong, Zhibulaаас нийт 120-130 мянган тонн зэс үйлдвэрлэх зорилттой. Өнөөгийн манай Оюутолгойн дайтай зэс үйлдвэрлэх нь. Түвд дэх зэсийн цогцолбор Zijin-ийн хамгийн ирээдүйтэй төсөлд тооцогдож байна. Конго дахь Kamoa-Kakula төслийг Хятадын компани зургаа дахь жилдээ хамтран хэрэгжүүлж байгаа юм. Төслийн 80 хувийг эзэмшигч Kamoa Holding-ийн 49.5 хувийг авахад 412 сая ам.доллар зарцуулжээ. Одоогоор баялаг нь бүрэн судлагдаагүй, зэсийн өндөр агуулгатай бүлэг орд юм. Mining Intelligence байгууллагын тооцооллоор, KamoaKakula орд 37.9 сая тонн зэсийн нөөцтэй.
Гэрэл зураг: Конго улс дахь Kamo Kakula төсөл
Харин Ivanhoe Mines-ийн мэдээллээр, нийт нөөц 40 гаруй сая тонн гэх. Тэгвэл Zijin Mining-ийн цахим хуудсанд, дэлхийн хэмжээнд ашиглагдаагүй зэсийн дөрөв дэх том орд 43.69 сая тонн нөөцтэйг танилцуулжээ. Мэдээллүүд зөрүүтэй хэдий ч эдийн засгийн өндөр ашигтай, арвин нөөцтэй аварга төсөл болохыг харуулна. Үйлдвэрлэлийн цар хүрээг илтгэх бас нэг зүйл бол үндсэн 4, дотроо 5 дэд уурхай байгуулна. Өнгөрөгч долоодугаар сард экспорт эхэлсэн Kakula бол ердөө эхний уурхай юм. Энд 3.8 сая тонн хүдэр баяжуулж байна. Удаах Kansoko уурхайг нээснээр 2023 оноос баяжуулах үйлдвэрлэлийн чадал 7.6 сая тонн, зэсийн үйлдвэрлэл жилд 400 мянган тоннд хүрнэ. Араас нь баруун Kakula, хойд Kamoa-г уурхайлахаар төлөвлөжээ. Геологи хайгуулын ажил ид үргэлжилж байгаа Хойд Kamoa-ийн хувьд тусдаа таван дэд уурхайгаас бүрдэх аж. Энэ шатны үйлдвэрлэл Kamoa-Kakula төслийн бүрэн хүчин чадлыг жилд 19 сая тоннд барьж, жилд 800 мянган тонн хүртэлх зэсийн үйлдвэрлэлийг дэмжин, бүлэг ордын ашиглалтын хугацааг 40 гаруй жилд хүргэх ёстой. Ингэснээр Kamoa-Kakula нь Чилийн Escondida уурхайн дараа орохуйц дэлхийн хоёр дахь том зэсийн үйлдвэр болно. Манай Оюутолгойгоос ч том нөөц, их үйлдвэрлэл гэдгийг анзаарсан биз ээ. 200 сая ам.долларын өрийг барагдуулах замаар дампуурлын ирмэгт тулсан RTB Bor компанийн 63 хувийг эзэмшсэн нь Zijin-ийн зэсийн удаах том хувьцаа юм. Гурван жилийн өмнө 1.26 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт, үйлдвэрт 350 сая долларын шинэчлэл, 5000 ажлын байрыг хадгална хэмээн амласны хариуд Сербийн аж үйлдвэрийн хамгийн том зэсийн үйлдвэрийг хянах эрхийг Хятадын компанид олгожээ. Төд удалгүй тус улсын зэс-алтны Timok төслийг бүрэн мэдэлдээ авснаар Zijin Mining нь Сербийн зэсийн салбарыг бараг бүхэлд нь эзэмшив.
Цогцолбор бүхий Timok төслийн дээд хэсэг Cukaru Peki нь дэлхийд ашиглагдаагүй зэс-алтны 10 том ордод тооцогддог. Эхлээд төслийн 39.6 хувийг АНУ-ын Freeport McMorran компаниас худалдан авахад 390 сая ам.доллар төлжээ. Үлдсэн 60.4 хувь нь тухайн онд Канадын Nevsun Resources компанийг залгихдаа Zijin Mining-ийнх болсон юм. 2021 оны сүүлчээс Cukaru Peki ордыг олборлож байна. Батлагдсан нөөцийн хэмжээ 2.71 хувийн агууламжтай 1.21 сая тонн зэс болон 76 тонн алт. Зөвхөн энэ уурхайгаас эхний ээлжинд жилд 79 мянган тонн зэс олборлоно. Одоогийн тогтоогдсон нөөцийн хэмжээгээрээ манай Цагаансуваргаас арай бага орд юм. Дээрх гурван улсын бүлэг ордууд нь сүүлийн таван жилд Zijin Mining-ийн хөрөнгө хаясан нүсэр төслүүд. Зэсийн салбар руу орсноос хойш тус компани огцом томорч буй нь сонирхол татдаг. Хятад даяар зөвхөн алт олборлож явсан Чэн Жинхэ захиралд алтнаас илүү зэс ашигтай гэж хэн “шивнэсэн” бол? Zijin Mining-ийн үндэслэгчийн хилийн чанадад эзэмшсэн зэсийн анхны төсөл нь Kamoa Kakula. Тэгэхдээ бүр Р.Фрийдланд хэмээх сүйхээтэй эртэй түншилснийг авьяас, асар их хөрөнгийн тун ашигтай хоршил гэж болохоор.
Zijin Mining, Ivanhoe Mines компанийн нягт хамтын ажиллагааны үндэс болсон Чэн, Фрийдланд нарын нөхөрлөл Монголд эхэлсэн ч байж мэдэх юм. Хоёр бизнесмен Монголд уул уурхайн төсөл эзэмшсэн нь цаг хугацааны хувьд давхацдаг.
Гэрэл зураг: Түвдийн Qulong уурхай
Нэг нь Өмнийн говьд зэсийн ховор нөөц илрүүлээд байсан бол нөгөө нь алтны ордын эрхийг авсан үе. 2002 онд Zijin Mining болон Chinalco компани Оюутолгой төслийг сонирхож, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороогоор дэмжигдсэн ч Монголын улс төрийн эсэргүүцэлтэй тулгарснаар хэлэлцээр амжилтгүй болсон гэж East Asia forum-ын гишүүн байгууллага Хятадын Эдийн засгийн хүрээлэнгийн захирал Justin Li тэмдэглэжээ. Харин Монголд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэйгөөр Нарантолгойн алтны ордын төслийг хэрэгжүүлж байгаа “Тэн Хун” нь Zijin Mining-ийн хөрөнгө оруулалттай гэсэн мэдээлэл байдаг. “Тэн Хун” ХХК нь Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт орших Нарантолгой уурхайд 2006 оноос одоог хүртэл алт олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Эдүгээ Zijin Mining нь Монгол, Канад, Тува, Папуа Шинэ Гвиней, Киргизэд алтны төсөл хэрэгжүүлж байна. Хамгийн анх 2005 онд Мьянмарын Mwetaung уурхайгаас никель болон бусад ашигт малтмал олборлох хамтын ажиллагааны гэрээ байгуулсан цагаас хилийн чанадад хувь эзэмшлээ өргөжүүлж иржээ. Томоохон хувьцаа худалдан авах зоримог алхам хийсэн нь ердөө 2015 оноос юм. Тэр жил Barrick Gold, Ivanhoe Mines, Norton Gold Fields компаниудад хувь эзэмшсэн. БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилга Хятадын уул уурхайн компанид үндэстэн дамнан үйл ажиллагаа явуулж, хувь эзэмших боломжийг илүү нээснийг чадмаг ашигласан хэрэг. Өөрөөр хэлбэл, дэлхийн түүхий эдийн зах зээлийн уналтын үед гол том хувьцаануудаа цуглуулжээ.
Тэгвэл саяхан 2021 оны намар Аргентины Neo Lithium компанийг 770 сая ам.доллароор өөрийн болгосон Zijin Mining дэлхийн литийн салбарт үйл ажиллагаагаа тэлснээ зарласан. Энэ оны эхний хагаст хэлэлцээр өндөрлөх товтой. Neo Lithium-ийн гол хөрөнгө нь Аргентин дахь 3Q төсөл юм. Литийн төрлийн хамгийн том төслүүдийн нэг. Хятадын компани 35 жилийн туршид жилд 20 мянган тонн карбонат лити үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Уурхай байгуулах өртөг 319 сая доллар. Түүнчлэн Neo Lithium нь 353 хавтгай дөрвөлжин метр эзлэх литийн 13 талбайн эрхийн эзэмшилтэй. Энэхүү худалдан авалт нь Zijin Mining-ийн анхны литийн хувьцаа бөгөөд ийн эрэлт нэмэгдэж буй ашигт малтмалын шинэ зах зээл дээр гарч ирж байна. Уг компанийн зах зээлийн үнэлгээ өссөөр байгаа шалтгаан ч үүнтэй холбоотой. Дэлхийн эрдсийн зах дээр анх удаа Хятадын, тэр тусмаа хувийн компани том тоглолт хийж яваа нь энэ. 2020 онд Хятадын хэвлэл мэдээллийн тренд сэдэв Zijin Mining компанийн эзэн, “алтны хаан” гэгдэх Чэн Жинхэгийн 30 насаар дүү бүсгүйтэй хийсэн гэрлэлт байлаа. Өдгөө 64 настай энэ эр 1982 онд Фужоугийн их сургуулийн геологийн ангийг дүүргэж, Миншигийн геологийн багт хайгуулын ажилд томилогдсоноор уул уурхайн магнат болох түүх эхэлжээ. 10 жилийн геологи хайгуулын ажлаар илрүүлсэн Зижиншан ордын (134 тонн нөөц) алтны агуулга бага, ашиглалтын үнэ цэн өндөр биш гэсэн судалгааны дүгнэлт гарчээ.
Тэр үед Фужян мужийн геологи, уул уурхайн салбарын хамгийн залуу ахлах инженерээр Чэн тодорчээ. Учир нь агуулга багатай, зардал ихтэй ашиггүй шахуу ордыг хямд олборлох шийдэл түүнд төрсөн аж. Нуруулдан уусгах нь энгийн бөгөөд хэрэгжүүлэхэд хялбар, боловсруулах үйлдвэр барих хөрөнгө оруулалт шаардагдахгүй. Хятадын өмнөд хэсгийн уул уурхайн бүс нутагт байгаль орчны шаардлага тийм ч хатуу чанга биш байсан тул залуу геологич Чэн үзээд алдахаар шийдэж. Түүнд аз гийжээ. Зардлыг мэдэгдэхүйц бууруулахдаа алтны нэгж өртгийг хоёр дахин бага хэмжээнд хүргэж чадсан байна. Улмаар бусдын зориглоогүй эрсдэлийг гаргасан түүнд бага агуулгатай алтны уурхайнууд ихээхэн ашиг авчирчээ. Ингэж үл мэдэгдэх алтны уурхай Хятад даяар танигдан, жилийн 30 мянган юанийн орлоготой жижигхэн бизнестэй компани асар хурдтай хөлжиж өндийсөн нь өнөөгийн Zijin Mining ажээ. Тус компани Шанхай болон Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй. Дэлхийн 11 улсад алт, зэс болон бусад ашигт малтмалын хайгуул, олборлолтоос гадна технологийн судалгаа, барилгын бизнес, санхүү, худалдаа, логистикийн үйл ажиллагаа явуулдаг. Нийт 37 мянган ажилтантай. 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний мэдээллээр, ашигт малтмал олборлолтын 233 тусгай зөвшөөрлийн эзэмшил, нийт 3260.44 км.кв талбай бүхий 182 хайгуулын эрхтэй. Алт олборлолтын хэмжээгээр Хятад улсдаа нэгдүгээрт, зэс олборлолтоор гуравдугаарт ордог. 2021 оны эхэнд БНХАУ-ын Байгаль орчны яамнаас Үндэсний ногоон уурхайн жагсаалтыг зарласан. Энэхүү жагсаалтад компаниуд үйл ажиллагаа, үйлдвэрлэлдээ ногоон, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх зорилттой уурхайнуудаа дэвшүүлдэг. Үүнд Zijin Mining-ийн 15 уурхай багтаж байна. Үндсэндээ ногоон уурхайг хөгжүүлж байгаа гэсэн үг. Үүний адил хилийн чанад дахь уурхайнуудаа байгаль орчны өндөр стандартын дагуу барьж байгуулдгаа мэдэгддэг. Тухайлбал, Kolwezi болон Kamoa Kakula зэсийн уурхайнуудаа жишээ болгодог. Zijin Mining-ийн 24 хувь буюу хамгийн том хувьцаа эзэмшигч нь төрийн өмчит хөрөнгө оруулалтын “Shanghang Minxi Xinghang” компани юм.
Гэрэл зураг: Kamoa Copper компанийн экспорт
Өнгөрсөн онд Форбес сэтгүүлийн “Global 2000” жагсаалтын 380-д эрэмбэлэгдэж, анх удаа дэлхийн ТОП 500 компанийн эгнээнд багтлаа. Уг жагсаалтын өнгөт металлын 34 компанийн 7-д, алтны 11 компаниас Newmont Mining, Barrick Gold-ын араас гуравдугаарт жагсаж байна. Zijin-ийн цэвэр ашиг 150 хувиар өсөж, 14.5 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн онд юм. Энэхүү өндөр үзүүлэлтэд 37 хувиар өссөн зэсийн үнэ нөлөөлсөн нь мэдээж. Цаашид том компаниудтай нэгдэн нийлэх, хувь эзэмших замаар Zijin-ийн зах зээлийн үнэлгээ өснө гэсэн судалгааг Fitch гаргажээ. 2025 он хүртэл хилийн чанад дахь хувь эзэмшлээ өсгөх замаар алт, зэсийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, шинэ үйлдвэрлэл ашиглалтад оруулах бизнес төлөвлөгөөг энэ нэгдүгээр сард танилцуулсан. Ирэх таван жилд алтны олборлолтоо 100-125 хувиар, зэсийн үйлдвэрлэлээ 117-139 хувиар нэмэгдүүлэхээр зорьжээ. 2020 оны үзүүлэлтээр Zijin Mining-ийн орлогын 61 хувийг алт, 19 хувийг зэсийн үйлдвэрлэл бүрдүүлсэн байна.
Майнинг Инсайт Сэтгүүл, Нэгдүгээр сар 2022 №01 (002) нийтлэгдэв.