Б.БАЯРТОГТОХ
Оюун-Эрдэнийн Засгийн газар эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгийг сэргээх богино хугацааны “10 их наядын хөтөлбөр”-өөс гадна дунд хугацааны хэмээн тодорхойлсон, эцсийн үр дүн нь 10 жилийн дараа хэмжигдэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг зарлалаа. Эдийн засгаа тэлж, бүтцийг орвонгоор өөрчлөхөд хамгийн том саад тээг болж буй зургаан асуудлыг цогцоор шийднэ гэдгээ Ерөнхий сайд мэдэгдсэн. Мэдээж шинэ бодлогыг хэрэгжүүлэхэд асар их мөнгө хэрэгтэй. Төсвийн орлогоос гурав дахин их мөнгийг ирэх гурван жилд олох шаардлагатай гэхээр үлгэр мэт л сонстоно. “Шинэ сэргэлтийн бодлого”- ыг хэрэгжүүлэхэд шинэ хөрөнгө оруулагч, шинэ түншүүдтэй түншлэх, хамтрахаас өөр гарц, боломж үгүй. Дан ганц улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсвэл олон улсын зах зээлд өндөр хүүтэй бонд гаргах замаар түүхэн шинэчлэлийг түргэн хугацаанд хийх боломжгүй нь улам бүр тодорхой болсоор байгаа. Тиймээс гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг хөөж туух бус урьж дуудах, угтан мэндчилэх цаг үе ирлээ. Харилцан ашигтай санал уралдуулах хэрэгцээ, шаардлага Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт үүссэн тул бизнест наалдаж, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын хүчээр зургаан салбарт эрс шинэчлэл хийхээ мэдэгдээд байна.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд 100-120 их наяд шаардлагатай
“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлснээр ямар үр дүн гарах вэ? Тоймлоход, боомтын хүчин чадал гурав дахин тэлж, экспортлох бүтээгдэхүүний тоо хэмжээ хоёр дахин өснө. Боомтын гацаа арилна. Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг бий болгож, дотоодын суурилагдсан хүчин чадал 2.5 дахин нэмэгдэнэ. Жилд дунджаар импортод зарцуулдаг 400 орчим тэрбум төгрөгийг хэмнэж, хөрш орнуудаас хамааралтай эрчим хүчний хараат байдлаас гарна. Угаах, боловсруулах, баяжуулах, нэмүү өртөг шингээх аж үйлдвэрүүд ар араасаа тууз хайчилна. Нийслэлийн тулгамдсан асуудал болсон авто замын түгжрэл буурч, шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалт эрчимжинэ. Аймгийн төвүүд бие даасан хот болон хөгжинө. Төрийн давхардсан тогтолцоог шинэчилж, зөвшөөрлийн тоог бууруулна. Төрийн өмчит аж ахуйн нэгжийн засаглалыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлнэ. Томоохон төслүүд хэрэгжих суурь нөхцөл бүрдэж, 2025 он гэхэд нэг хүнд ногдох орлого 6520 ам.долларт хүрч, эдийн засгийн хэмжээ хоёр дахин томорно гэж үзэж байна. Мөн төслүүдийн үр дүнд гурван жилийн дараа гэхэд 285 мянган ажлын байр шинээр нэмэгдэх зураглал гаргажээ. Чихэнд чимэгтэй ч наалдахаа больсон тоонууд урсаж байгаа биз. Учир нь Засгийн газар чихэнд чимэгтэй гэсэн бүхнийг хамж хэлсээр, түүнд нь ч дасал болж. Дасал болохын хэрээр хэрэгжих болов уу, биелчих ч юм уу гэж итгэж найдахаа больсоор. Юутай ч дээрх бодлогыг цаасан дээр буулгахад Ажлын хэсгийнхэнд таван сарын хугацаа оржээ. Харин амьдрал дээр бүрэн хэрэгжүүлэхэд 10 жил зарцуулахаар тооцоолсон байна. Эхний ээлжинд 2025 он хүртэл “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг урагшлуулахад 57 их наяд төгрөг шаардлагатай. Манай улсын 2022 оны улсын төсвийн орлого 16.4 их наяд. Үүнээс 3.5 дахин их санхүүжилтийн эрэлд Засгийн газар гарах болж байна. Шинэ он солигдохын өмнөхөн Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг УИХ-аас дэмжиж, тогтоолыг баталснаар Засгийн бодлого төрийн дагаж мөрдөх, заавал биелүүлэх, хэрэгжилтийг нь хангах хууль болсон билээ. Ингэснээр уриа лоозон бус төрийн бодлого болж, түүхэнд үлдэх замаа зассан хэрэг. Харин сайн, муугаар дурсагдахын аль нь гэдгийг одоо хэлэхэд эрт байна. Дундаж давхаргыг тэлэх бодлогын судалгаа явсаар Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн бодлого болсон нь энэхүү “Шинэ сэргэлтийн бодлого” юм. Суурь дэд бүтэц болон эдийн засгийн хөгжлийг боомилж байгаа хүчин зүйлүүдийг хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэхэд нийт 100- 120 орчим их наяд зарцуулахаар байгаа. Энэ мөнгөний тал буюу 57 их наядыг босгоход Засгийн газар хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад тулган шаардах бус тулж харилцах зарчмаар нээлттэй бодлого хэрэгжүүлэхээ илэрхийлсэн. Үүний хүрээнд 28 хуульд нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулга хийхээс гадна шинээр хуулиуд өргөн барихаар болж байна. энэ хүрээнд тусгай зөвшөөрлийн тоог бууруулах, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоо руу шилжүүлэх зэрэг өөрчлөлт хийхээр зэхэж байна.
Хувийн хэвшил, хөрөнгө оруулагчидтай төр хамтарна
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хууль эрх зүйн шинэтгэлийг ирэх хаврын чуулганаар эхлүүлж, нэн яаралтай хэлэлцэх болон өргөн мэдүүлэх хуулийн төслүүдийг тухай бүр нь шуурхай горимоор хэлэлцэх юм. УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслийн дараалалд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл багтсан. Зургаан багц асуудлаас бүрдэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд хамгийн том бэрхшээл бол санхүүжилт гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодорхойлсон юм. Үүнийг шийдэх гарц нь эхэнд дурдсан төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүлээгдэж буй төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, экспортын орлогын өсөлтийг бий болгох замаар бүрдүүлэх хэмээн Засгийн газар үзэж байна. Экспортын орлогын өсөлт боомтын шинэчлэлээс хамааралтай. Өдгөө боомтын нөхцөл байдал экспорт импорт саатах, үнийн өсөлт, төсвийн орлогын тасалдалд хүргэсэн гол буруутан болоод байгаа. Тиймээс боомт болон эрчим хүчний сэргэлтээс эдийн засгийн их сэргэлт шалтгаална гэдгийг Засгийн газар онцолж байна.
Боомтын шинэчлэл хамгийн бодитой нь
Одоогийн байдлаар Монгол Улс нийт хуурай замын 42, агаарын замын 4 боомттой. Үүний 13 нь БНХАУ-тай, үлдсэн 29 нь ОХУ-тай хиллэдэг. Боомтын хүчин чадлаар дэлхийн 160 улсаас 130-т эрэмбэлэгдэж байна. “Шинэ сэргэлтийн бодлого”- ын хүрээнд Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг энэ онд бүрэн ашиглалтад оруулж, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбох ажлыг цаг алдалгүй эхлүүлэхээр болсон. Тэрчлэн Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг боомтыг авто замаар холбох зорилтууд багтаад байна. Эдгээрийг төсөв хөрөнгөгүй бол бүтээн байгуулж чадахгүй. Манай улс руу чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн жилүүдэд дорвитой сэргэж чадаагүй. Монгол банкны мэдээлснээр, 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 1.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж иржээ. Үүний 90 орчим хувь нь “Оюутолгой” төслийн гүний уурхайн хөрөнгө оруулалт юм. Цар тахлын жилүүдэд шинэ хөрөнгө оруулагч орж ирсэнгүй.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг “явуулна”
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эрчим хүчний салбарт томоохон шинэчлэл хийхээр төлөвлөсөн. “Эрчээ алдсан эрчим хүчний салбар” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дүгнэсэн тус салбарт Зүүн Хойд Азийн супер сүлжээнд холбогдож, хоёр хөршийг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам байгуулах зорилт дэвшүүлсэн нь ихээхэн бадрангуй. ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолой барих бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, цөмийн болон ус төрөгчийн эрчим хүчний эх үүсвэрийг барьж байгуулах төрийн бодлогоо тодорхойлохоор болсон нь өнөө хүлээгдэж буй асуудлын нэг. Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, Тавантолгой, Багануур, Чойбалсангийн Дулааны цахилгаан станц, Амгалан цахилгаан станц зэрэг эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлыг дуусгаж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллах гэж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалт орон нутгийн эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-оор ширэн нүүрлэхээр шийджээ.
Жишиг давтагдав, гэхдээ “шинэ сэргэлтийн бодлого”...
С.Баярын Засгийн газар “Таван төгөлдөршил”, Н.Алтанхуягийн Засгийн газар “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”, Ж.Эрдэнэбатын Засгийн газар ОУВС-тай хамтарч “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр, У.Хүрэлсүхийн Засгийн газар “5.1 их наядын хөтөлбөр” хэрэгжүүлсэн. Энэ жишиг давтагдаж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх “10 их наядын хөтөлбөр”-өөс гадна “Шинэ сэргэлтийн бодлого”- ыг санаачилсан. “10 их наяд хөтөлбөр” богино хугацааны шинжтэй буюу 3 жилийн “настай” бол “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дунд хугацааны буюу 10 жилээр зурагласан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн уг бодлого үнэхээр ер бусын нөхцөл байдалд тохирсон ер бусын бодлого мөн эсэхийг цаг хугацаа дэнслэх биз. Манай улсад бодлогын залгамж халаа сул, бараг хэрэгждэггүй гэж хэлж болно. Тиймээс 2024 оны сонгуулийн дараа бүрдэх шинэ Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг өвлөж аваад үргэлжлүүлэх нь эргэлзээтэй. Ямартай ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “туг” бодлого нь түүний бүрэн эрхийн хугацаанд “Шинэ сэргэлт” байх нь. Хөтөлбөрийг хөдөлгөх хүч нь эрх мэдлээс илүү эдийн засгийн чадавх буюу мөнгө л “хувь заяа”-г нь эцсийн дүндээ шийднэ. Засгийн газар гадаад, дотоодын зах зээлээс мөнгө босгож чадахгүй бол “Шинэ сэргэлтийн бодлого” ширээн дээр л үлдэнэ. Дотоод нөөц боломж буюу банкны эх үүсвэрт түшиглэн Засгийн газар “10 их наядын хөтөлбөр”- ийг 2021 оноос хэрэгжүүлж, энэ онд үргэлжлүүлж байна. Хувийн хэвшилтэйгээ өрсөлдөн байж мөнгө босгоод ч дотоод нөөц боломжоос хөтөлбөрийн санхүүжилт давсан учраас боломж алс. Хөгжлийн банк “Шинэ сэргэлтийн бодлого”- ын тулах цэг хэдий ч нийт зээлийнх нь 55.3 хувь чанаргүй гэсэн ангилалд багтсан нь дуулиан тарьж байна. Засгийн газар Хөгжлийн банкийг хөрөнгө олох, гаргах гол зүтгүүр гэж үзэж буй ч тус банк цаашид тогтвортой орших эсэх асуудал яригдаж байгаа энэ үед боломж хязгаарлагдмал юм. Манай улсын гадаад өр 2021 онд 32.4 тэрбум ам.долларт хүрсэн. “Шинэ сэргэлтийн бодлого” нь олон улсад бонд гаргахгүй. Тиймээс гадаадын хөрөнгө оруулагчдад хандах, хамтын санхүүжилт татах, төслүүдийг төсвийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хөдөлгөх хувилбар энэ удаа хамгийн хүчтэй яригдаж байна.