Өрсөлдөх чадвар ба уул уурхайн хамаарал

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Монгол Улсын аймгуудын өрсөлдөх чадварын 2021 оны тайланг танилцуулав. Судалгаагаар 21 аймгийг эдийн засгийн тамир тэнхээ, бизнес, дэд бүтэц, засаглал гэсэн 4 бүлгийн 180 үзүүлэлтээр эрэмбэлжээ. 10 дахь жилийн энэхүү тайлангийн онцлог нь анх удаа Дорноговь аймаг нэгдүгээрт орсон байна. Өнгөрсөн хугацаанд Орхон аймаг тасралтгүй тэргүүлж ирсэн юм. Дорноговь аймгийн тухайд хөрөнгө оруулалт, дэд бүтцийн хөгжил нь нэгдүгээрт эрэмбэлэгдэхэд нөлөөлжээ. Тухайлбал, тус аймагт бизнес явуулах, үйл ажиллагаатай холбоотой тусгай зөвшөөрөл авахад хамгийн таатай орчинтой гэж гарчээ.

Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаагаар Дорноговь аймаг 2015 онд аравдугаарт эрэмбэлэгдэж, үүнээс хойш шат ахин урагшилсаар ийнхүү тэргүүлжээ. Майнинг Инсайт сэтгүүлээс өрсөлдөх чадвараараа тэргүүлсэн аймгуудыг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоогоор нь харьцуулж үзлээ. АМГТГын (2021.11.25) мэдээллээр хамгийн олон тусгай зөвшөөрөлтэй 10 аймгаас Дорноговь, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Өмнөговь аймаг өрсөлдөх чадварын үзүүлэлтээр бусдыгаа тэргүүлсэн бол Төв, Дундговь, Баянхонгор, Булган аймаг олон лицензтэй ч өрсөлдөх чадвараараа сүүлийн 6 байрт байна. Хэдий цөөн лицензтэй ч томоохон уурхай, үйлдвэр, дэд бүтэцтэй Орхон, Говьсүмбэр аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүлэгчдийн эгнээнд явна.
Харин олон лицензтэй боловч “нинжа” хэлбэртэй, жижиг уурхайнуудтай Төв, Дундговь, Баянхонгор аймаг болон хамгийн цөөн лицензтэй уул уурхайг дэмжихгүй гэдгээ Хөвсгөл, Завхан, Архангай, Ховд аймгийн өрсөлдөх чадвар сул гэж тооцогджээ. Өрсөлдөх чадвараараа тэргүүлсэн Дорноговь аймгийн тухайд Замын-Үүд, Ханги боомтоос гадна “Монцемент”, “МАК евро цемент” үйлдвэрүүд ажиллаж, “Сайншанд салхин парк”, “Говийн нар” сэргээгдэх эрчим хүчний станц ашиглалтад орсон.

Мөн сүүлийн жилүүдэд эрчим хүчний нүүрс, төмрийн хүдэр, жоншны экспортлогч уурхайнууд олноороо нээгдсэн. Одоо Эдийн засгийн чөлөөт бүс, Газрын тос боловсруулах үйлдвэр, Хар төмөрлөгийн цогцолбор, Тавантолгой-Зүүнбаян төмөр зам зэрэг томоохон төслүүд хэрэгжиж байгаа юм. Улаанбаатараас гадна Орхон, Дорноговь, Өмнөговь, Дархан Уул аймаг улсаас татаас авдаггүй, бие даан төсвийн орлогоо бүрдүүлдэг. Үүн дээр сүүлийн жилд Сэлэнгэ аймаг нэмэгдээд байгаа. Томоохон орд, боловсруулах үйлдвэр, уул уурхайн төслүүд хэрэгжиж буй аймгууд өрсөлдөх чадвараараа тэргүүлж байгааг дараах графикаас харж болно.