Өнгөрсөн жил дэлхийн нийт нүүрсний хэрэглээ 8.3 тэрбум тонн хүрч дээд амжилт тогтоосон. Энэ оны эхний хагаст дэлхийн хэмжээнд 4.7 тэрбум тонн нүүрс хэрэглээд байна. Бүс нутгаар авч үзвэл АНУ-ын нүүрсний эрэлт 24 хувиар, Европынх 16 хувиар тус тус буурчээ. Сэргээгдэх эрчим хүч өргөжин, цөмийн болон усан цахилгаан станцуудаа хэсэгчлэн сэргээж байгаа нь Европын орнуудын нүүрсний хэрэглээ багасахад нөлөөлсөн байна. Харин Ази руу шилжих нүүрсний эрэлт, хэрэглээ үргэлжилсээр буйг IEA-ийн тайланд тэмдэглэжээ.
Хамгийн том хэрэглэгч орнууд Хятад, Энэтхэгийн эрэлт оны эхний хагаст 5 гаруй хувиар өссөн. Тэд дэлхийн хэрэглээний 3/2-ийг эзэлдэг бөгөөд бусад орноос хоёр дахин их нүүрс ашигладаг гэсэн үг. Тус хоёр улс хэрэглэгчээс гадна Индонезийн хамт нүүрсний хамгийн том үйлдвэрлэгч орнууд юм. Энэ жил Хятадын нэг сарын олборлолт хоёр дахь удаагаа 400 сая тоннд хүрсэн бол Энэтхэгийнх анх удаагаа 100 сая тонн давжээ.
Гуравдугаар сард Индонез 50 сая тонн нүүрс экспортолсон нь өмнө аль ч улсаас нийлүүлж байгаагүй хэмжээ юм. 2021- 2022 онд үүссэн эрчим хүчний хомсдолыг дахин давтахгүйн тулд Хятад үйлдвэрлэлийн түүхий эдийн нөөцөд анхаарч байна. Эрчим хүчнийхээ 2/3-ыг нүүрсээр хангадаг тус улс Австралийн нүүрсний албан бус хоригоо цуцалж, гаалийн татварыг тэглэх хугацааг он дуустал сунгасан. Үүний үр дүнд эрчим хүчний нүүрсний импорт нь огцом өсөж, Индонезоос 89.9 сая тонн (+65 хувь), ОХУ-аас 18.3 сая тонн (+65 хувь), Австралиас 11.2 сая тонн болж нэмэгджээ. S&P Global-ийн ахлах шинжээч Пэт Си Хо “2023 онд Хятад улс 305 сая тонн эрчим хүчний нүүрс импортолно гэсэн төлөв буйгаас эхний долоон сард 197.5 сая тонныг авчээ. Тэгэхээр Хятадын нүүрсний импортын дийлэнх нь оны эхний хагаст хийгдсэн байна. Үлдсэн хугацаанд импорт мэдэгдэхүйц буурч мэднэ” гэжээ.
Fenwei-ийн зүгээс энэ жил Хятадын импортын коксжих нүүрсний хэмжээ 74 сая тонн буюу өмнөх оныхоос 15 хувиар ахина гэж төсөөлж байна. Энэ нь сүүлийн таван жилийн Хятадын оргил хэмжээтэй дүйнэ гэсэн үг. Эхний найман сард тус улс 62.3 сая тонн коксжих нүүрс импортолсон бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхээс 61 хувиар нэмэгдсэн нь дээрх таамаглалд ойртох үзүүлэлт юм.
Одоо Хятадын коксжих нүүрсний импортын 60 хувийг Монгол Улс бүрдүүлж, нийлүүлэлтийн хэмжээгээр тэргүүлж байна. Монголын боомтын хэд хэдэн төмөр замын талаар нүүрсний тээврийн саад бэрхшээл арилж байгаа тул нийлүүлэлт нэмэгдэнэ гэсэн төлөвийг зарим судалгааны байгууллагууд онцолжээ. Оны эхнээс манай улс 40.9 сая тонн нүүрс экспортлоод байгаа юм. Хятадын коксжих нүүрс импортлогч эхний 5 улсад Австрали багтаагүйг графикаас харж байна. Австралийн нийлүүлэлтийн тодорхой хэсгийг орлуулж Оросоос нүүрсний импортоо Хятад нэмэгдүүлж, энэ нь Украин дахь дайны улмаас Оросын нүүрсний үнэ буурсантай ч давхацсан юм. 2023 оны эцэс гэхэд Оросоос 22-24 сая тонн коксжих нүүрс Хятадад нийлүүлнэ гэсэн төсөөллийг S&P Global гаргажээ. Орос, Хятад нүүрс нийлүүлэлтийн шинэ гэрээ байгуулахаар яриа хэлэлцээр өрнөж байгааг ОХУ-ын Эрчим хүчний сайд Н.Г.Шульгинов мэдэгдсэн.
Австралийн хувьд коксжих нүүрсний экспортоо Энэтхэгийн зах зээлд тэлсэн. Өнгөрсөн жил Энэтхэг 57 сая тонн коксжих нүүрс импортолсны 70 хувийг Австралиас авсан юм. Харин энэ онд 50 хувьд хүрч буурах магадлалыг IEEFA судалгаанд тодотгосон байна. Учир нь Энэтхэг Оросын талтай коксжих нүүрсний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр хэлэлцэж байгаа бөгөөд Монголоос ч импортлох асуудлыг судалж байгаа. Түүнчлэн Энэтхэгийн ган үйлдвэрлэгч “JSW Steel” компани Канадын “Teck Resources” компанийн металлургийн нүүрсний нэгжийн хувьцааг худалдаж авахаар саналаа өгсөн ч хоёр улсын Энэтхэг, Канадын хооронд үүссэн дипломат харилцааны хурцадмал байдлаас хэлэлцээр бүтэлгүйтэж болзошгүй. Үүнээс үзэхэд Энэтхэг коксжих нүүрсний импортоо солонгоруулах сонирхолтой байгааг илтгэж байна. Индонез улсын нүүрсний экспорт 518 сая тонн хүрнэ гэж Эрчим хүч, эрдэс баялгийн сайд Арифин Тасриф мэдэгдсэн. Эхний найман сард тус улс 333 сая тонн нүүрс экспортолжээ. Нүүрснийхээ нийт экспортын 46 хувийг Хятадын зах зээлд нийлүүлж байна.