Э.МИШЭЭЛ
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн дагуу Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК дамжуулан 7 дугаар сараас тодорхой төрлийн уул уурхайн бүтээгдэхүүнийг арилжаалах болсон. Өчигдөр (2023.10.30)-ийн байдлаар 124 дуудлага худалдаагаар долоон төрлийн нүүрс, гурван янзын агуулга бүхий төмрийн баяжмал, хүдэр арилжсан байна. Өнгөрсөн хугацаанд болсон биржийн мэдээллээс тоймлон хүргэе.
Нүүрсний дуудлага худалдаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК, "Энержи Ресурс" ХХК, “Тавантолгой” ХК, “Хангад Эксплорэйшн” ХХК гэсэн дөрвөн компани оролцож байна.
Өнөөдрийн байдлаар биржээр баяжуулсан коксжих нүүрс, баяжуулсан сул коксжих нүүрс, баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс, дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс, 1/3 коксжих нүүрс, эрчим хүчний нүүрс, дэгдэмхий бодис дундаас их, хийн нүүрс гэсэн долоон төрлийн нүүрсийг экспортолж байгаа юм.
Баяжуулсан коксжих нүүрсний 49, баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрсний 10 дуудлага худалдаа гурван сарын хугацаанд явагдлаа. Тус дуудлага худалдаанд "Энержи Ресурс" ХХК оролцсон бөгөөд нийтдээ 755 200 тонн нүүрс арилжжээ.
Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсний дуудлага худалдаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК 10 удаа, “Тавантолгой” ХК 2 удаа оролцож 3 609 600 тонн нүүрс борлуулжээ.
Мөн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК 1/3 коксжих нүүрс , эрчим хүчний нүүрс, дэгдэмхий бодис дундаас их, хийн нүүрс дуудлага худалдаанд оролцож 2 329 600 тонн нүүрс арилжаалсан байна. Ингэснээр тус компани биржийн дуудлага худалдаагаар дөрвөн төрлийн, 4 985 600 тонн нүүрс арилжжээ.
Баяжуулсан сул коксжих нүүрсний 3 дуудлага худалдаагаар “Хангад Эксплорэйшн” ХХК 38 400 тонн нүүрс борлуулсан байна.
“Хангад Эксплорэйшн” ХХК нь бүтээгдэхүүнээ авто тээврээр, Гашуунсухайт боомт дахь чингэлэгт тээврийн терминалаар нийлүүлж байна. Харин Тавантолгой” ХК, "Энержи Ресурс" ХХК нь авто тээврээр, “Эрдэнэс Тавантолгой” ХК нь төмөр зам болон авто тээврээр Ганцмод боомт дахь худалдан авагчийн нэрлэсэн гаалийн хяналтын бүс рүү тээвэрлэж байна.
Төмрийн баяжмал, хүдрийн арилжаанд “Монголросцветмет” ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК оролцож байна.
9 дүгээр сарын 15-наас хойш 39 дуудлага худалдаа явагджээ. “Монголросцветмет” ТӨҮГ 27 удаагийн арилжаагаар 276 мянган тонн төмрийн баяжмал, хүдэр арилжаалсан байна. Харин “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 12 удаагийн арилжаагаар 81 600 тонн, 58 хувийн агуулгатай төмрийн баяжмал экспортолжээ. Төмрийн баяжмал, хүдрийг вагоноор Эрээн хот руу тээвэрлэж байна.
Даваа гараг (2023.10.30)-т “Монголросцветмет” ТӨҮГ хайлуур жонш CaF2-95% агууламжтай, 50 багц буюу 3 250 тонн баяжмалыг 400 ам.доллароор арилжих байсан. Худалдан авагч үнийн санал ирүүлээгүй тул арилжаа явагдсангүй. Хайлуур жоншийг нийлүүлэх цэг нь Эрээн, Наушки хотын төмөр замын терминал байх бөгөөд вагоноор тээвэрлэнэ.
Монгол Улсын Засгийн газар 2024 оны 1 дүгээр сарын 1-нээс зэсийг Монголын Хөрөнгийн Биржээр арилжаалахаар мэдэгдсэн юм.
Эх сурвалж: mse.mn