Танилц, төмөр замын төслүүдэд шаардлагатай хөрөнгө оруулалт

Э.ОД

“Бүс нутгийн тээвэр тээврийн холболтыг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Тээврийн 7 хоног” чуулганы 2 дахь өдрийн хуралдаанаар төмөр замын тээврийн асуудалд төвлөрч байна. Энэ өдрийн чуулганыг нээж хэлсэн үгэндээ УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол орон бол далайд гарцгүй, өргөн уудам нутагтай, хүн ам хамгийн сийрэг суурьшсан дэлхийн улс. Газрын хөрсөн доороо, дээрээ ч баялагтай. Уул уурхай, ХАА аялал жуулчлалын асар их нөөцтэй. Мөн дэлхийн 2 дахь эдийн засаг, Европын 5 дахь эдийн засаг 2 том хөрштэй хиллэдэг онцгой байрлалтай улс. Одоо манай улс Ази, Европыг холбосон ачаа тээврийн урсгалыг сайжруулж тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх зорилготой Транзит Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа” г онцолсон юм.

Монгол Улс 2021 онд төмөр замын төв коридороор 31 сая тонн ачаа тээвэрлэсэн нь түүхэн дээд үзүүлэлтэд тооцогдож байна. Энэ онд төмөр замын ачаа тээврийн хэмжээг 37 орчим сая тоннд хүргэхээр төлөвлөжээ. Аравдугаар сарын байдлаар Монгол Улс төмөр замын транзитаар 3.6 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 40 орчим хувиар өсжээ. Транзит ачааны эрэлт хэрэгцээ маш их байгаа ч манай төмөр замын ачаалал, вагоны хүрэлцээ дутмаг байна.

Далайд гарцгүй манай улсын хувьд хоёр хөрш Орос, Хятадын нутгаар дамжин далайд хүрэх, дэлхийд гарах гол гарц бол төмөр зам гэдгийг Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт илтгэлдээ тодогтолоо. Тэрээр “Монгол Улс нь Хятадын талтай хилийн ганц боомт Замын Үүд-Эрээнээр холбогдож байгаа бол цаашид Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч гэсэн 4 боомтоор төмөр замуудаа холбохоор хоёр улс Засгийн газрын түвшинд тохиролцож чадсан” гэв. Түүний илтгэлд дурдсанаар:

Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалт 2024 оны гуравдугаар сард эхлэх бөгөөд 2 жил орчим үргэлжилнэ

Зүүн босоо тэнхлэгийн 426 км төмөр замыг 2.2 сая ам долларын хөрөнгө оруулалтаар байгуулна. Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замаас 30 км орчимд 2.2 орчим тэрбум тонн, 100 км алслалд 6.7 тэрбум тонн эрдэс баялгийн нөөц байна. Энэ чиглэлд төмөр зам байгуулснаар тухайн бүс нутгийн уул уурхайн бүтээгдэхүүн эдийн засгийн эргэлтэд орж, дотоодын төмөр замын тээврийн хүчин чадал 25-30 сая тонноор нэмэгдэнэ.

Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн 431 км төмөр замын төслийн нийт хөрөнгө оруулалт 2.3 их наяд төгрөг. Уг төмөр замыг концессоор барьж байгуулна. Засгийн газрын 2023 оны 300 дугаар тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-ийн оролцоотой “Сайншанд-Баруун-Урт-Хөөт төмөр зам” ХХК нь төслийг хэрэгжүүлнэ. Төсөлтэй холбоотой төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд концессын сонгон шалгаруулалтыг ойрын үед зарлана. Олон улсын хөрөнгө оруулагчдад оролцох нь нээлттэй.

Баруун босоо тэнхлэгийн Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн 1255 км төмөр замыг байгуулахад 3 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Тус маршрутын дагуу 618 сая тонн ашигт малтмалын нөөц бүхий тусгай зөвшөөрөлтэй 16 компани үйл ажиллагаа явуулж байна. Энэ чиглэлд төмөр зам тавьснаар жилд 25-30 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой.

Богдхан төмөр замын төсөлд ОХУ-ын хөрөнгө оруулагч нартай хамтарна. Төвийн төмөр замын Багахангай өртөөнөөс нийслэлийн баруун урд талаар Богдхан уул, Хөшигтийн хөндий ОУНОБ-ын орчмоор тойрч Мандал өртөөтэй холбогдох 144.8 км төмөр яаралтай барьж байгуулах хэрэгцээ шаардлага бий. Энэ нь ОХУ-ын хөрөнгө оруулагч нартай хамтрах ажил юм. Богдхан төмөр замын төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын түгжрэл буурах, Хөшигтийн хөндийд тээвэр логистикийн төв байгуулах, УБТЗ-ын хүчин чадлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эртний нийслэл Хархорин хотыг сэргээн босгох бүтээн байгуулалтыг эхлүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар-Хархорин чиглэлийн 384 км төмөр замын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ төсөлд хөрөнгө оруулагчид оролцохыг ЗТХ-ийн сайд урив.
Зүүн, баруун босоо тэнхлэгийн төмөр замын дээрх чиглэлүүд нь 2014 онд ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын үзэглэсэн “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт туссан төмөр замын коридорын бүрэлдэхүүн хэсэг юм. Тиймээс Монголын талаас ялангуяа зүүн, баруун коридорын төмөр замыг хөгжүүлэх, цаашлаад Европ, Ази тивийг холбосон хамгийн дөт гарцыг нээхэд анхаарч байгааг Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин хэлэлцүүлгийн үеэр дурдсан. Тэрээр “Аравдугаар сард “Бүс ба Зам” санаачилгын 3 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-ад айлчлах үеэр хоёр улсын хувийн хэвшлүүд зүүн, баруун коридорын төмөр замын тодорхой төслүүдэд хамтран ажиллах, томоохон хөрөнгө оруулалт татах гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ талаар Оросын талтай тохиролцож, мөн Хятадын талын төмөр замын зүүн коридорын төсөл хөтөлбөрүүдэд тусгахаар яриа хэлэлцээр хийж байгаа” гэв.

Төмөр замын зүүн коридор нь Эрээнцав-Бичигт боомттой холбогдож Хятадын Зүүнхатавч боомтоор нэвтрэх, тус улсын Ляонин мужаар дамжин далайн Жинжоу боомт хүрэх. Ингэснээр Монгол Улсын гадаад худалдааны ачаа эргэлтийн Тянжины боомт дахь түгжрэл, ачаалал буурна гэсэн төсөөлөл бий. Баруун коридор буюу Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийг “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д нэмж тусгахаар төлөвлөжээ. Энэ чиглэлд төмөр зам тавьж, улмаар Бургастай боомтоор Европ руу чиглэсэн төмөр замтай холбосноор цаашаа Энэтхэгийн далайд хүрэх бололцоотой гэж үзэж байна. Ингэж төмөр замын сүлжээгээ өргөжүүлэн Монгол Улс газар зүйн байршлынхаа давуу талыг ашиглаж Европ, Ази тивийн хамгийн дөт “Транзит улс” болох, дэлхийн худалдаа эдийн засгийн сүлжээнд идэвхтэй оролцохоор зорьж байна.

Монгол Улс 70 жилийн хугацаанд ердөө ганцхан төмөр замтай байсан бол 2019-2023 онд шинээр 905 км төмөр зам барьж дотоодын сүлжээ нийт 2020 км болж өргөжсөн. “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д туссан 1,2,3 дугаар үе шатны нийт 2661 км төмөр замыг байгуулснаар манай улсын үндэсний төмөр замын сүлжээ нийт 4680 км хүрч 4 дахин өргөжих боломжтой.