Э.ОД
Чулуун түлшнээс татгалзаж, эрчим хүчний аюулгүй байдлыг эрэлхийлж буй улс орнууд цөмийн түлшний нөөцөө шавхаж байгаа тул ураны үнэ 2007 оноос хойш анх удаа гурван оронтой тоонд хүрнэ гэж физик металлын дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын сан мэдэгджээ. Энэ долоо хоногт ураны үнэ 80 ам.доллар хүрсэн бол ирэх 12-18 сард шар нунтгийн үнэ 100 ам.доллар, түүнээс дээш өснө гэж Sprott Asset Management-ийн Гүйцэтгэх захирал Жон Сиампаглиа үзэж байна.
Дэлхийн цөмийн нийгэмлэгийн мэдээллээр, ирэх онд дэлхийн ураны нийлүүлэлт 145 сая фунт хүрэх төлөвтэй. Гэхдээ жилийн эрэлт хэдийн 180 сая фунт болсон бөгөөд 2040 он гэхэд бараг хоёр дахин нэмэгдэж, 300 сая фунт болно гэж зах зээлийн шинжээчид тооцоолж байна. Өнөөгийн байдлаар, дэлхийн хэмжээнд 60 орчим АЦС баригдаж буй ч үүнээс илүүг төлөвлөж байгаа юм.
2023 он гарснаас хойш ураны үнэ 50 гаруй хувиар өсжээ. 2030 он гэхэд ихээхэн нийлүүлэлтийн хомсдол үүсэж болзошгүй. Тиймээс ураны үнэ хөдөлж эхэлж байгаа гэж шинжээчид тайлбарлаж байна. Улмаар уран олборлогч компаниудын ч хувьцааны ханш огцом өсч буй. Канадын хамгийн том үйлдвэрлэгч Cameco, мөн NexGen Energy болон Uranium Energy компанийн хувьцааны ханш бүх цаг үеийн дээд түвшиндээ ойртож байна.
Саскачеваны хойд хэсэгт орших ураны халуун цэгийн Атабаска дахь үйл ажиллагаа эрчимжиж байна. Арваннэгдүгээр сард NexGen Rook I төсөл байгаль орчны зөвшөөрлөө авсан нь тус мужид сүүлийн 20 жилийн анхны ийм төслийн зөвшөөрөл юм. Сүүлийн хоёр жил Uranium Energy компани нь Uranium One, UEX болон Rio Tinto-ийн Roughrider төслийг худалдаж авахад 570 сая канад доллар зарцуулжээ.