С.БОЛД-ЭРДЭНЭ
Уул уурхайн салбарт хачирхалтай гэмээр шийдвэрүүд ээлж дараалан гарсаар байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад зориулж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажил сураг алдрахтай зэрэгцээд Улаанбаатар хотын захиргаанд хайгуулын тусгай зөвшөөрөл олгож байх юм. Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар уул уурхайн салбараа санагалзсан бололтой. Дорноговь аймагт ашигт малтмалын хайгуул хийж, нөөц олдвол бүр ухаж ашиг хүртэнэ гэсэн бадрангүй мөрөөдлөө хэрэгжүүлэхийн тулд “Эрдэнэс Монгол”-ын лицензийг “булааж”, Засгийн газрын тогтоолоор батлуулаад авчээ.
Тавдугаар сарын 31-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Хуулийн этгээд байгуулах тухай 217 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолоор нийслэлийн өмчит “Эрдэнэс Баянбогд” ХХК-ийг байгуулж, 66 хувийг нь Улаанбаатар хотын хөгжлийн корпораци, 34 хувийг нь “Эрдэнэс Монгол” компани эзэмшихээр шийдвэрлэжээ. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал зургаадугаар сарын 17-нд хуралдаж, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацид “Эрдэнэс Монгол” компанитай хамтарсан хуулийн этгээд байгуулах зөвшөөрөл өгчээ. “Эрдэнэс Баянбогд” компани Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт Богд уул нэртэй талбайд 14,944 га газар бүхий XV-22117 ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшинэ. Уг тусгай зөвшөөрлийн талбайн солбицлыг Засгийн газрын гуравдугаар сарын 9-ний өдрийн 110 дугаар тогтоолоор баталж, тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” компанид олгох шийдвэр гарсан бол АМГТГ-аас дөрөвдүгээр сарын 29-нд тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” компанид өгч байжээ. Ердөө сарын дараа “Эрдэнэс Монгол” тусгай зөвшөөрлөө хотын даргад алдаж буй нь энэ юм. Нэгэн цагт уул уурхайн салбарыг толгойлж явахдаа гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийг дэмжих, төрийн өмчийн компаниудын хувьцааг олон нийтэд борлуулах талаар амны уншлага мэт ярьдаг байсан Д.Сумъяазар гэнэт нийслэлийн өмчит компаниар дамжуулж, ашигт малтмал эрэн хайхаар болсныг салбарынхан төдий л ойлгохгүй явна. Төрийн байгууллагууд нь “Засгийн газрын шийдвэр хойно яах вэ дээ...” гэхээс өөр зүйл үл ярина. Харин уул уурхайн салбарынхан төрийн ээлжит тэнэглэл гээд толгой сэгсрэхээс өөр үйлдэл үл хийнэ.
Хамгийн хоржоонтой нь Засгийн газар Улаанбаатар хотод уул уурхайн компани байгуулах зөвшөөрөл өгснөөс долоохон хоногийн дараа ашиггүй ажилладаг төрийн өмчит компаниудаа хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах, олон нийтийн мэдэлд оруулах шийдвэр гаргав. Ашиггүй компаниудаа олон нийтэд “шахчихаад” ашигтай шинэ бизнес рүү засаг захиргааны бүхий л шатандаа орох гэж байгаа юм байна гэж ойлгогдоно. Үүнийгээ “баялгийн тэгш хуваарилалт” гэдэг Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт, уриа лоозонгоор халхавчлах бололтой. Улаанбаатар хотыг санхүүгийн эрх мэдэлтэй болох, эдийн засгийн хувьд бие даан хөгжих ёстой гэж олон жил ярьсан. Эдийн засгийн бие даасан байдлаа хангахад нь уурхай л дутаад байсан бололтой юм. “Нийслэл Улаанбаатар хотын нийгэм, эдийн засаг, санхүүгийн үндсийг бүрдүүлэх зорилгоор байгалийн баялгийн үр өгөөж, бусад хөрөнгө оруулалтад түшиглэн хөгжих боломжийг бий болгох үүднээс ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулах чиг үүрэг бүхий хамтарсан хуулийн этгээдийг төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-тай хамтран байгуулахыг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-д зөвшөөрлөө” хэмээн НИТХ-ын шийдвэрт тодотгосон нь үүнийг илтгэнэ.
Улаанбаатар хот төсөв санхүүгийн хэр чадавхтай вэ гэдэг асуулт зайлшгүй гарна. Нийслэл хот хөрөнгө мөнгөний гачаалтайгаас хотын иргэдийг сайхан амьдруулахад юу ч хийж чадахгүй байна хэмээн үе үеийн л хотын дарга гомдоллож байдаг. Тэгвэл нийслэлийн төсвийн орлого жил бүр л нэмэгдэж ирснийг графикаас харж болно. Зургаадугаар сард тодотгосон 2022 оны төсвийн орлого нь хэдийнэ 1.2 их наяд төгрөгийг давсан бөгөөд 2017 оныхоос бараг хоёр дахин нэмэгдсэн байна.
Ашигт малтмал эрэн хайх тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол”-оос бараг булаасан Улаанбаатар хотын хөгжлийн корпораци нь өнгөрсөн онд 5 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Тус корпорацийг Нийслэлийн өмчийн харилцааны газар 100 хувь эзэмшдэг. 2015 онд байгуулагдсан. Нийслэлийн хөгжлийн дунд болон урт хугацааны бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан төсөл, хөтөлбөрүүдийг хувийн хэвшлийн шилдэг менежмент, гадны хөрөнгө оруулагчдын итгэл дээр тулгуурласан, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулсан гэж. Хотын авто зогсоолын менежмент, шингэрүүлсэн шатдаг хий нэвтрүүлэх төсөл гээд хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр хэдэн төсөл хэрэгжүүлэгч компанид хувь эзэмшдэг аж. Харин ашигт малтмал эрэн хайх, хөрөнгө оруулах талаар ямар ч мэдээлэл алга. Өнгөрсөн оны байдлаар 720 сая төгрөгийн орлоготой ажилласнаас 500 сая төгрөг нь нийслэлийн төсвийн татаас гэнэ. Энэ онд нийслэлийн төсвөөс тус корпорацид 11.3 тэрбум төгрөгийн санхүүжилт өгөхөөр батлагдсанаас 10.7 тэрбум нь дүрмийн сангийн хөрөнгө аж.
Улаанбаатар хот хүртэл ашигт малтмалын салбарт хөл тавьж, бизнес хийх гээд чичирч байгаа энэ үйлдэл нь уул уурхайн салбарт ямар үр нөлөө дагуулах бол гэдэг хамгийн сонирхолтой. Ердөө саяхныг хүртэл явж ирсэн төр уул уурхайн салбарт зөвхөн стратегийн ордуудад хувь эзэмших юм байна гэсэн ойлголт, бодлого сүүлийн хэдхэн жилд эрс өөрчлөгдөж байна. Салхитын мөнгөний ордыг төрийн мэдэлд авч, “Эрдэнэс Монгол”-д хариуцуулж эхэлснээр Засгийн газар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт гээд өнгөтэй, нөөцтэй болгон руу хошуу дүрж эхэлсэн. Гэхдээ зөвхөн “Эрдэнэс Монгол” компанийн бүрэн эзэмшлийн хүрээнд харьяалагдаж ирсэн гэдгийг тодотгох ёстой. Харин орон нутгийн засаг захиргаа уул уурхайн компанийн хувьцаа эзэмшигч байх тохиолдол зөвхөн нүүрсний цөөн хэдэн уурхайгаар хязгаарлагддаг. “Тавантолгой” ХК-иас бусад орон нутгийн өмчит уул уурхайн компаниуд бол тухайн орон нутгаа эрчим хүчний нүүрсээр хангах зорилготой компаниуд.
Улаанбаатар хотын уг тохиолдол нь өнгөрсөн хугацаанд төр ашигт малтмалын салбарт баримталж, хэрэгжүүлж ирсэн бодлогыг орвонгоор нь өөрчилж байна. Аймаг, сумдын ИТХ орон нутагтаа олгож буй ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшигч компанид хувь эзэмших хүслээ үе үе цухалзуулдаг байв. Хэрэв зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй гээд буруу харчихдаг тохиолдол ч цөөнгүй гарсан. Хэрэв хувь эзэмшиж болохгүй бол тусгай роялти хүртэл авна гэж дүвчигнэсэн Засаг дарга олон бий. Эцэст нь орон нутгийг хөгжүүлэх сан байгуулж, түүндээ тонн нүүрс, килограмм алт болгоны орлогоос тодорхой мөнгө авдаг гарц руу явж байна. Энэ асуудал улам хүчээ авах нь гарцаагүй. Улаанбаатар хот уул уурхайн компанид хувьцаа эзэмшиж болоод байхад бид яагаад болохгүй гэж барьцах нь ойлгомжтой. Адилхан л төсөв мөнгөний гачаалтай, уул уурхайгаас орон нутагт үр өгөөж ирдэггүй, хөгжил бүтээн байгуулалтыг хот, сум, аймаг ялгаагүй л хүсэж байхад ялгаварлан гадуурхлаа гээд босоод ирвэл гайхах хэрэггүй болж байна.
Улаанбаатар хот уурхайчин болж тоглох хошин жүжиг энэ мөчөөс эхэлж байна. 21 аймаг, 330 сумын Засаг дарга нар үүнийг битгий уншаасай. Үүнээс гадна Засгийн газрын дээрх шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуультай нийцэж байгаа эсэх нь эргэлзээтэй юм. Тус хуулийн 7 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих шаардлагыг заасан байдаг. 7.1- т, Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно гэдэг заалтыг Засгийн газрын 110, 217 дугаар тогтоол зөрчсөн байж болзошгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалтын журмаар биш Засгийн газрын тогтоолоор шууд тусгай зөвшөөрөл олгосон, мөн огт байхгүй, татвар төлдөггүй компанид тусгай зөвшөөрөл олгохоор болжээ гэж ойлгогдохоор байгаа юм.
Төгсгөлд нь “Эрдэнэс Баянбогд” компанийг байгуулах зөвшөөрлийг өгсөн Засгийн газрын 217 дугаар тогтоол, түүнд дурдагдсан хуулийн үндэслэлүүдийг танилцуулъя. Ашигт малтмалын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл, Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн холбогдох заалтуудыг дор оруулав.
MINING INSIGHT сэтгүүлийн 6-р сарын 06 дугаарт нийтлэгдсэн.